Монгол Улсын урд хилийн чухал гарц болсон Замын-Үүд зангилааны ажлыг Замын даргын Үзлэгийн комисс үзэж шалгалаа. БНХАУ цар тахлын хорио цээрийн дэглэмээ цуцалснаас хойш Замын-Үүд зангилааны аж ахуйн нэгжүүдийн ажлын хэмжээ нэмэгдэж, орлого, ашиг өссөн үзүүлэлттэй байна. Гэвч энэ бүх хөдөлгөөний эрчимжилтийг дагаад суурь бүтцийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах нь тус зангилааны төмөр замчдын тулгамдсан асуудал болсныг Үзлэгийн комисс санууллаа. Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдын хэлж буйгаар Замын-Үүд зангилаа бол УБТЗ-ын даллаганы уутны үүц юм. Өөрөөр хэлбэл, Төмөр замчдын цалин хангамж бусад нийгмийн хангамжийг нэмэгдүүлэхэд тус хилийн гарцаар солилцож буй галт тэрэг солилцоо буюу тээврийн хэмжээ ихээхэн чухал гэдгийг тэрбээр хэлэв. Тэгвэл Замын-Үүд өртөө энэ оны эхний дөрвөн сарын байдлаар өргөн царигаар 1722 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь хоногийн дундаж галт тэрэгний тоо 14.4, нарийн царигаар 847 галт тэрэг хүлээн авч хоногийн дундаж галт тэрэгний тоо 7.1 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр цалин хангамжийг нэмэгдүүлэх, сүлжлийг шинэчлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.