Өсөн нэмэгдэж буй тээврийн хэмжээтэй холбогдуулан төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, галт тэрэгний техникийн хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Сайншанд-Түшлэг хоорондын замын 895-р км-т, Түшлэг-Өргөн хоорондын замын 919-р км-т алсын удирдлагатай анхны зөрлөгүүдийг ашиглалтад оруулж байсан. Өнөөдөр, алсын удирдлагатай зөрлөгүүдийн удирдлагыг Түшлэг, Агь Сүмбэтээс тулгуур өртөө буюу Сайншанд руу шилжүүлэх асуудал яригдаж байна. Ингэснээр тухайн хэсгийн техникийн үр ашиг нэмэгдэж, эдийн засгийн өгөөжтэй байхаас гадна диспетчерийн нэгдсэн төвлөрүүлэлтэд шилжих эхний алхам болно. Замын захиргаа дээрх асуудлыг судалж үзэхийг холбогдох албадад даалгалаа.
Замын даргын Үзлэгийн комисс Дохиолол холбооны III ангийн үйл ажиллагаатай танилцав. Тус анги 32 хүний орон тоо дутуу ажиллаж байгаа хэмээн Үзлэгийн комисст танилцууллаа. Харин Хүний нөөцийн албаны хувьд УБТЗ төдийгүй улсын хэмжээнд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн тулгамдсан асуудал болсныг дурдаад, шилжилт хөдөлгөөнийг бууруулахаар хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байгааг уламжлав. Тухайлбал, ажилчдыг ахин сургах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, ЕБС-ын ахлах ангийн сурагчдыг төмөр замын лицей ангиудад сургах улмаар ТЗДС, ОХУ болон БНХАУ-ын Зам харилцааны сургуулиудад дэвшүүлэн сургах, төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал олгох гэх мэтээр ажиллаж байгаа юм байна.