УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ өсөн нэмэгдэж буйг Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоо харуулж байгаа бөгөөд Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангийн ачаалал ч тэр хэрээр өссөн байна. 2023 оны эхний 9 сард 286.2 мян.тн ачаа боловсруулж, төлөвлөгөөг 7.2 хувиар давуулан биелүүлэв. Орлого, ашгийн төлөвлөгөө ч мөн өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлт гарчээ. Орлого нэмэгдсэн шалтгаан нь Логистикийн талбайн чингэлгийн схемийг шинэчлэн ашиглалтыг нэмэгдүүлснээр өндөр үнэлгээтэй транзит чингэлгийг талбайд буулгаж, хадгаламжийн хөлс тооцсоноор орлого нэмэгдсэн гэв.
Замын-Үүд өртөөний зам, сум, дэрийн аж ахуй хуучирч муудсан нь өсөн нэмэгдэж буй тээврийг хэвийн нэвтрүүлэхэд сорилт болоод байна. Иймд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ачаа тээвэр, ГТХАБ-ыг хангахын тулд тус хэсгийн дэрийн аж ахуйг сайжруулах, зам сум болон туслах тоноглолын хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай болгожээ. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн зангилааны төмөр замчдад ГТХАБ-ыг хангаж ажиллах шаардлагатайг сануулаад тус зангилааг өвлийн тээвэрт бэлэн гэж дүгнэлээ.
Галын аюулын улмаас эд хөрөнгөө алдсан Замын-Үүд дэх Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн паркийн харуул Б.Баярхүүгийн гэр бүлд УБТЗ-ын Улаан загалмайн хорооны Гамшгийн бэлэн байдлын нөөц сангаас 4.900.000 төгрөгийн үнэ бүхий таван ханатай иж бүрэн Монгол гэр олгосныг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков гардууллаа. Мөн УБТЗ-ын УЗХ-ноос Замын-Үүд дэх Алтанхаргана цэцэрлэгийн хүүхдүүдийг сурч боловсроход нь дэмжлэг туслалцаа үзүүлж, 2.610.000 төгрөгийн үнэ бүхий телевизор гардуулав.
Замын даргын Үзлэгийн комисс Шаргын-Овоо зөрлөгийн ажлыг шалгаж, төмөр замчдыг өвлийн тээвэрт бэлэн гэж дүгнэлээ.