Нүүр Цаг үе Замын даргын сар шинийн мэндчилгээ
Цаг үе

Замын даргын сар шинийн мэндчилгээ

G.Press 2 жилийн өмнө 78 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын бахархам түүхийг бүтээсэн ахмадууддаа болон шинэ дээд олон амжилтаар луу жилээ угтаж байгаа нийт төмөр замчид та бүхэндээ Монголын ард түмний үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Морилон ирж байгаа XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг манай төмөр замчид бахдам дээд амжилтаар угтаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Улиран одож байгаа туулай жил УБТЗ-ын хамт олон 74 жилийн түүхэндээ хүрч байгаагүй хамгийн оргил дээд олон амжилтуудад хүрч чадлаа. Мөн нийгэмлэгийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэж чадсанаар УБТЗ-ын санхүүгийн чадавхыг сайжруулж, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх боломжийг нээж өглөө.

Олон жил хүлээгдэж байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж чадсаны үр дүнд манай тээврийн хэмжээ нэмэгдэж, 32,4 сая тонн ачаа тээвэрлэж шинэ дээд амжилт тогтоолоо. Мөн манай улсаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо 3033-т хүрсэн нь өмнөх амжилтаасаа 520 галт тэргээр илүү байна.

Нийгэмлэгийг олон жил алдагдалд оруулж, санхүүгийн чадавхыг сулруулж байсан тээврийн тарифыг эрчимтэй шинэчлэх ажлыг хэрэгжүүлснээр нийт 19 бүлгийн 21 төрлийн ачаанаас нефть, хүнс, орон нутгийн нүүрс гэсэн 3 төрлийн ачаанаас бусад ачаа алдагдалгүй болоод байна.

Тэрчлэн олон жил шийдлээ олж чадахгүй байсан Мон-П1, Мон-П2 гэж нэрлэдэг зээлийн эргэн төлөлтийн асуудлыг хоёр улсын Засгийн газрын дэмжлэгээр шийдэж, нийгэмлэгийн дүрмийн санг 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийгэмлэгийн хүчин чадлыг өсгөж, тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд гол замдаа 11,7 км их засварын ажил хийж, 2 гүүр шинээр барилаа. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд 2 хонгилон гарц, хэд хэдэн улс зайлуулах хоолойг шинэчилж, нэмж барьсан байна.

Хүний нөөцийн оновчтой зөв бодлого боловсруулах, төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч хэд хэдэн шинэчлэлт өөрчлөлтийг хийж хэрэгжүүллээ. Үүний тодорхой жишээ бол цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Энэ ажлын хүрээнд нийт төмөр замчдынхаа сарын дундаж цалин хөлсийг дунджаар 15%-аар нэмэгдүүлж, жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгохоор болсон.

Хүний нөөцийн бодлогын хүрээнд төмөр замчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, урамшуулж алдаршуулах, шагналын нэр хүнд, үнэ цэнийг өсгөх зорилгоор нийгэмлэгийн шагналын журамд 2016 оноос хойш 7 жил шахам хугацаанд өөрчлөлт ороогүй байсныг өөрчилж шинэчлэв.

Ингэхдээ нийгэмлэгийн бүх шагналыг дагалдаж олгодог мөнгөн шагналын хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс гадна загвар өнгө үзэмжийг ч сайжруулж шинэчилсэн.

Туулай жил бол ковид цар тахлын улмаас тасарсан хөрш орнуудын төмөр замуудын амьд харилцаа сэргэж, харилцаа хамтын ажиллагаанд шинэ дэвшил гарсан жил байлаа. Үүний тод жишээ бол олон жил шийдлээ хүлээж байсан галт тэрэг солилцоо нэмэгдэж, хилийн боомтоор нэвтрэх тээврийн хэмжээ өссөн явдал юм.

Туулай жил бүхэлдээ УБТЗ-ын хамт олны хувьд шинэ сэргэлтийг авчирсан, хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн буянтай сайхан жил байлаа.

Морилон ирж байгаа луу жилд УБТЗ-ын хамт олон 75 жилийнхээ түүхт ойг тэмдэглэнэ. Түүхт ойгоо угтаж бүтээн байгуулалтын олон ажил хийхээс гадна төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллана. Энэ жил гол замдаа 27 км их засварын ажил хийхээс гадна хөдлөх бүрэлдэхүүний паркаа хүчирхэг 5 шинэ зүтгүүрээр шинэчилнэ.

Нийт төмөр замчдынхаа нийгмийн хамгаалал, цалин хөлс, хөдөлмөр эрхлэлт, сургалт, ажил амралтын цаг, хөдөлмөр хамгаалал зэрэг асуудлыг шийдэх чиглэлээр МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоотой байгуулж байгаа 2024-2025 оны хамтын гэрээнд нилээдгүй өөрчлөлтийг орууллаа. Тодруулж хэлбэл:

-Нэгдүгээрт: УБТЗ”-ын санхүүгийн чадвар, инфляцийн түвшинг харгалзан жил бүрийн 3-р улиралд багтаан үндсэн цалинг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ

- Хоёрдугаарт: Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл сард 20000 төгрөг өгдөг байсан бол хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан 64000-74000 төгрөг болгож нэмэгдүүлнэ.

-Гуравдугаарт: Сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй байсан ахлахын нэмэгдэл, шинжлэх ухааны доктор, боловсролын доктор, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдэл, мастер тогоочийн нэмэгдэл, эмнэлгийн ажилтны нэмэгдлийг 2-5 дахин, томилолтын мөнгө, хоолны хөнгөлөлт, унааны хөнгөлөлтийг инфляцийн түвшинтэй уялдуулан 10-40 хувиар тус тус нэмэгдүүлж, мэргэшсэн инженерийн нэмэгдэл, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ажиллаж байгаа багш нарт нэмэгдэл олгох заалтыг шинээр орууллаа.

-Дөрөвдүгээрт: Улсаас болон төмөр замаас байр хувьчилж аваагүй бөгөөд анх удаа өөрийн өмчлөлийн орон сууцтай болж байгаа ажилтанд үзүүлдэг дэмжлэгийг 20 хувиар өсгөж 6 сая болгосон ба дэмжлэг авах ажилтны тоог жил бүр 10 ажилтнаар нэмэгдүүлнэ.

-Тавдугаарт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зарцуулах хөрөнгийг 25 хувиар өсгөж 10 тэрбум төгрөгөөс багагүй байхаар тусгасан.

Эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд жилд 70.9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гараад байна.

Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд манай ажилтан энэрэнгүй, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж эрдэнэт хүний алтан амийг аврахад “Цусаа хандивласан” тохиолдолд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговортой нэг өдрийн нэмэлт амралт” олгож байхаар шинэ зохицуулалтыг орууллаа.

МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоотой байгуулж байгаа энэхүү хамтын гэрээнээс гадна УБТЗ-ын даргын тушаалаар 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн УБТЗ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан эхийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, эх нялхсын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхэд “Цалинтай ээж” тэтгэмжийг олгож эхлэхээр шийдвэрлээд байна. Энэхүү журмаар 0-2 хүртэлх насны хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхчүүд сар бүр 220.000 төгрөгийн тэтгэмж авах болно. Энэхүү тэтгэмж нь төмөр замчид бидний ирээдүй болсон үр хүүхэд, төмөр замчин эхчүүдийн төлөө хийж байгаа том хөрөнгө оруулалт юм. Төмөр замчдын маань үр хүүхэд маш олон болох болтугай.

УБТЗ-ын хамт олонд луу жил буян хишгээ харамгүй хайрлах болтугай.

Морилон ирж байгаа луу жилээ бахдам амжилтаар угтаж байгаа нийт төмөр замчид Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байх болтугай.

 

 

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Х.ХЭРЛЭН

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.