Замын даргын намрын үзлэг төвийн хэсэгт энэ сарын 23-25-ны өдрүүдэд явагдаж өнөөдөр дүнгийн хурлаа хийлээ. Төвийн хэсгийн үзлэгийн дүнгийн хурлын үеэр Замын дарга Х.Хэрлэн чиглэл хариуцсан байцаагчдын илрүүлсэн зөрчил, дутагдлыг цаг хугацаанд нь арилгахаас гадна дараах асуудлуудад төмөр замчдыг онцгой анхаарч ажиллахыг даалгасан юм.

1.УБТЗ бол олон улсын өмнө үүрэг хүлээсэн байгууллага. Манай улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг шуурхай, найдвартай богино хугацаанд өнгөрүүлэх нь та бидний олон улсын өмнө хүлээсэн үүрэг юм. Үүний тулд техник, технологийн гэхээс илүүтэй гадны хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдлыг арилгах нь чухал. Тэр дундаа Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчимжилт өндөртэй гарам, технологийн гарцууд дээрх хяналтыг сайжруулах, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах, хориг хашааны стандартыг шинэчлэх, улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, яаралтай тоормос хийсэн тохиолдлын тоог бууруулах нь зүйтэй. Яаралтай тоормос гэдэг эдийн засгийн агуулгаараа УБТЗ-д маш их хохирол дагуулж байдаг гэдгийг ахин дурдъя.

2.Боловсон хүчний шилжилт хөдөлгөөн. Дан ганц УБТЗ гэлтгүй улсын хэмжээнд боловсон хүчний шилжилт хөдөлгөөн өндөр байгааг дурдах нь зөв. Мэдээж, энэ шилжилт хөдөлгөөн, олон жил ажилласан дадлага туршлагыг дагаад төмөр замын тээврийн найдвартай тасралтгүй ажиллагаа, сахилга хариуцлага алдагдах зэрэг зөрчил дутагдлууд илэрч байгааг юуг нь нуух вэ. Үүнийг засаж сайжруулахын тулд шинэ залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулах, багш шавийн гэрээтэй ажиллуулах, туршлага судлуулах, ахмад үеэс суралцах, техник технологийн дэвшлийг ашиглан сургалтын арга зүйгээ сайжруулах зэргээр ажиллах нь юу юунаас илүү чухал болоод байна.

3.Үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөх. Энэ хүрээнд суурь бүтцийг өргөтгөх, өртөө зөрлөгүүдийн хүлээн авах, явуулах замын ашигтай уртыг нэмэгдүүлэх, Толгойт-Амгалан хоорондын замын хоёр дахь замыг барих, чингэлэг тээврийн терминалын хүчин чадлыг нэмэх, Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн Амгалан дахь хэсгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Замын удирдлага ч дээрх ажлуудыг ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр зорьж байгааг онцлон тэмдэглэж хэллээ.