Өнөө жил цас эрт орж, зарим нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Төмөр замчид өвлийн тээвэрт эртнээс бэлтгэдэг боловч цаг зуурын хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй. Өвөлжилтийн байдал ялангуяа замын арчилгаа үйлчилгээ хэр байгааг Замын ангиудаас тодрууллаа.
Замын II ангийн инженер Ц.Шинэгэрэл
-Манай ангийн хувьд өвлийн бэлтгэлийг бүрэн хангасан. Хүйтэрч зам хөлдсөнөөс шалтгаалж, түвшин, суултын гэмтлийг модон ивүүр тавих аргаар засдаг. Уг ажлын хүрээнд жил бүр 30 мянган ивүүр бэлтгэдэг. Бэхэлгээний төрлөөс шалтгаалсан 6 -7 янзын ивүүрээс гадна жийрэг бөглөө, гармын доод оврын хаалт, шаблон зэргийг тус ангийн мужаан н.Гантулга хийж байна. Харин хэсэг, тасгууд маань өвлийн зам засварын ажлын хүрээнд цариг тохируулах, элэгдэлтэй зам төмөр сэлгүүлэн солих, тусгаарлах уулзварын графикт задаргаа, уулзварын зай хөөж тохируулах ажил, уулзварын хөндий арилгах, суман шилжүүлгийн шор задалж сэв гэмтэл шалгах зэрэг ажлыг графикийн дагуу гүйцэтгэж байна. Энэ хүрээнд бага радиустай тахирт зам төмрийн хажуугийн элэгдэл 9-10 мм болсон 141 зам төмрийг сэлгүүлэн сольж, замаас гарсан зам төмрийг шулуунд солих ажлыг есөн тахирт гүйцэтгэлээ. Мөн ангийн хэмжээнд бага радиустай тахирт цариг тохируулах ажлыг 18 тахирт хийсэн. Харин 10.5 км уртад дахин хадалтын ажлыг энэ сард хийж дуусгах төлөвлөгөөтэй байна.
Замын III ангийн Ерөнхий инженер А.Мэндбаяр
-Энэ жил урд жилүүдийг бодвол цаг агаар огцом хүйтэрч, цас их орж байна. Ойр ойрхон цасан шуурга шуурч, зам сум цасанд дарагдаж байгаа учраас замчид ажлын бус цагаар буюу шөнө жижүүрлэн ажиллаж суман шилжүүлэг гацахаас сэргийлэн, цасыг тогтмол цэвэрлэж байна. Огцом хүйтэрсэнтэй холбогдуулан замын сэв гэмтэл ихсэж, хавчаарт цав үүсэж солигдох тохиолдол гарч байгаа учраас ангийн хэмжээнд тогтмол бэлэн байдалд ажиллаж байгаа. Өвлийн хүйтэнтэй холбогдуулан сэв хайгч нар явж эхэлснээр үзлэг шалгалтын давтамж нэмэгдсэн. Хүйтний улиралд хийдэг замыг өргөж гараар чигжих, шор задалж шалгах, уулзварын зай хөөж тохируулах зэрэг ажлууд хэвийн явагдаж байна.
Замын IV ангийн Ерөнхий инженер Н.Идэржавхлан
-Одоогоор ангийн хэмжээнд зам арчлалтын ажил хэвийн явагдаж байна. Цаг агаарын ноцтой хүндрэл гараагүй. Бид өвлийн бэлтгэлийг бүрэн хангасан" гэлээ.
Баянтүмэн тасгийн Замын ахлах инженер Ш.Баатарсүрэн
-Тус тасгийн Замын V анги нь Эрээнцав-Баянтүмэн өртөө хоорондын 238 км гол замын урсгал засвар арчлалтыг хариуцдаг. Энэ жилийн хувьд цас их хэмжээгээр орсон. Одоогоор цасны зузаан 20-30 см байна. Хэрэв цас нэмж орвол зам дагуу өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй. Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрт цасны 100 шит захиалан авч, эрсдэлтэй цэгүүд болох цас дардаг километрүүд болон суман шилжүүлэг дээр байрлуулсан. Уулзварын болон суман шилжүүлгийн хэсгийн цасыг Замын хэсгүүд тогтмол цэвэрлэж байна.
Замын VI ангийн ахлах инженер Б.Энхбаяр
Манай ангийн Салхит-Эрдэнэт хоорондын замын 1-164 км-т хүйтний улиралд замын өнгөний болон гүний овойлт их гардаг. Одоогийн байдлаар ангийн хэмжээнд замд гарч байгаа өнгөний болон гүний овойлтыг засах ажлыг урсгал засварын ажлын хүрээнд зохион байгуулж байна. Цаг агаарын хүйтрэлттэй холбоотойгоор өртөөний болон хоорондын замд уулзварын зай хөөх, тохируулах ажлыг 30 км-т хийхээс 27 км-т гүйцэтгэсэн. Үлдсэн гурван км замд уулзварын зай хөөх ажлыг энэ сард бүрэн хийнэ. Мөн зам шалгалтын ажлыг эрчимжүүлж илэрсэн гэмтэл, зөрчлийг тухай бүрд нь засаж байна. Хүйтний эрч нэмэгдэж байгаа энэ үед сумын мелалл эд ангид гэмтэл гарах нь нэмэгддэг. Ангийн хэмжээнд сумын металл эд ангийн нөөцгүй байна.
