Говийн бүсэд шуурга ихтэйгээс зам үргэлж элсэнд дарагдаж байгаа аж. Үдээс өмнө цэвэрлэсэн зам үдээс хойш, бүр зарим үед хоёр цагийн дараа гэхэд л дахин дарагддаг гэнэ. Тиймээс замынханд багаж хэрэгсэл, тэр дундаа элс, цас үлээгч аппарат авах шаардлагатайг замчид хэлж байв. Мөн Авгын гол зөрлөгт гэхэд л тоонолж ихээр элэгдэж байгаа учир нөөцтэй байх, хориг шонгийн нүх ухах төхөөрөмжтэй болох зэрэг хүсэлтээ комиссынхонд илэрхийлэв. Замын IV, III ангийнхны зам арчлалт, нөхцөл байдлын талаар Тээврийн хяналтын албаны замын аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажав “Замын техникийн байдлыг тодорхойлдог гол үзлэг бол паспортын үзлэг шүү дээ. Хаврын паспортын үзлэг Замын ангиудын заримд нь 40, 50 хувийн биелэлттэй байна. Ялангуяа, Замын IV ангид явц муу байна. Паспортын үзлэгийг энэ сарын 15-ны дотор дуусгах албаных нь даргын тушаалтай гэж ойлгосон. Тиймээс хугацаандаа багтааж чанартай зохион байгуулах нь чухал байна. Тэр дундаа галт тэрэгний их ачааллыг авдаг нь суман шилжүүлгийн дэр дүнз, зам төмөр, бэхэлгээний хэсэг байдаг. Тиймээс дэр дүнзний үзлэгт маш сайн анхаар. Дулаарч байгаа энэ үед уулзварын зайд мөн анхаарч ажилла. Уулзварын зай багасвал зам бүлтрэх, гэмтэл үүсэж галт тэрэг замаас гарах нөхцөл бүрддэг учраас уулзварын зайг хөөж тохируулах ажлыг төлөвлөн хий. Мөн газар гэссэн энэ үед зам суулт, чиг, түвшний гэмтэл нэлээд гарчээ. Үүнд анхаарч үзлэг шалгалтыг чанартай хийн илрүүлэх шаардлагатай. Түүнчлэн, Замын III ангийн Бор-Өндөрийн хэсгийн арчилдаг хоёр салаа замд зам төмөр хугарсан. Тиймээс салаа замуудад тэргэнцрээр зам төмрийг шалгах ажлыг төлөвлөн хийх хэрэгтэй” хэмээн үүрэг болголоо. Замын III ангийн X хэсэгт он гарснаас хойш 130-аад зам төмрийг хурц гэмтлээр сольжээ. Хурц гэмтэл гаргахгүй байх үүднээс балласт эрүүлжүүлэх засварыг зургаан км-т хийсэн байна. Гэвч 1970, 1980-аад оны хуучин зам төмөр ихэвчлэн эзэлж байгаа учир хурц гэмтэл гарсаар байгаа аж. Балласт эрүүлжүүлэхэд маш сайн анхаарахыг комисс санууллаа. Тээврийн хяналтын албаны орлогч дарга Л.Пүрэвсүрэн “Дунд тушаалын албан тушаалд залуу хүмүүс их томилогдсон. Тиймээс эдгээр залуусыг ажилд нь сургаж дадуулахад аж ахуйн нэгжүүд анхаараарай. Үүнд албад мөн туслах хэрэгтэй. Үүнээс гадна говийн нөхцөлд шороон шуурганаас үүдэж балласт бохирдож байна. Энэ нь гэмтэл гарах үндсэн нөхцөл болдог учир балласт эрүүлжүүлэх засвар, паспортын үзлэгийг чанартай хийж байж бид зуны тээвэрт бэлэн боллоо гэж үзнэ” гэв.
М.Наранболд