Намрын дунд сарын шинийн 2 буюу есдүгээр сарын 5.
УБТЗ-ын Баян зөрлөгийн ойролцоох авто замын Хоолт цэгээр нэвтрэх ахуйд том шаргал наран Хоолтын даваан дээгүүр алгуурхан цухуйв. Наран зүг харвал үл ялиг шаргалтан буй уул, толгод бүрийн оройгоос алтан утас шиг цацраг “урссан” байх нь тэр чигтээ нар мэт үзэгдэх ажээ. Цацрах нарны туяанд дээрх энгэрт гялбалзан харагдах “өвгөн” төмөр замыг хэдхэн хормын дараа хүчит техникээр хуулж аваад одно доо гэж бодоход гунигтай ч юм шиг. Гэвч олон жил дээгүүрээ сая сая зорчигч, хэмжээлшгүй их ачаа тээврийг өнгөрүүлж, улс эх орныхоо эдийн засаг, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан даа гэж бодохоор бахархал төрнө. Харин оронд нь төмөр бетон дэртэй шинэ зам төмөр тавина гэж бодохоор ирээдүй улам ч гэрэлтэй санагдана. Ийн бодсоор их засвар хийх км-т очиход Замын II ангийн Т.Буянтогтох мастертай X хэсгийн замчид ажлын талбарт ирсэн байлаа. Тус хэсгийн арчилдаг Баян-Хоолт хоорондын замын 453 дугаар км-ийн зургадугаар зуутаас 454 дүгээр км-ийн долдугаар зуут хүртэл 1125 метрт энэ өдөр их засвар хийхээр “цонх” авсан тул тэд бэлтгэл ажлыг хангаж буй нь энэ. Түүнчлэн, их засварын цонхны ажилчид буюу Зам засварын машинт станц /ЗЗМС/-ынхан ч хэдийнээ ирчихсэн, энд тэндгүй улаан, цэнхэр, шар алаг хувцастай замчид алхаж, зам дагуу том том трактор, машинууд нүргэлж, төмөр зам дээр хуулагч болон үе тавигч кранууд, хайрга асгагч, чигжигч техникүүд цувран зогсож байлаа. Энэ үед Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт, салбар зам хариуцсан хяналтын байцаагч Д.Баттулга, Замын аж ахуйн албаны их засвар хариуцсан орлогч дарга В.В.Каренда, ЗЗМС-ын дарга Л.Жаргалсайхан, Замын II ангийн орлогч дарга О.Батхүү тэргүүтэй удирдлагууд цувран ирэв.
Энэ бол Замын II ангийн арчилдаг замын Хонхор-Баян-Хоолт хооронд 27 км замд хийх их засварын ээлжит цонхны ажил эхлэх гэж буй агшин юм. Төдөлгүй замчид нэгэн зэрэг ярсхийн цугларч, хуулагч кран ажилдаа орон хуучин замыг хуулж эхэллээ. Түүний араас түрэгч тракторууд шавар балчигтай ул шороог хусан тэгшилж, араас нь зам тавигч кран угсарсан бетон дэртэй шинэ үеийг буулгахад замчид хоёр талаас нь чиглүүлэн түших аж. Улмаар хэмжилтийн дагуу дуугаа нэгтгэн төмөр замаа лоомоор хөшин чиглүүлж, тахир тойруу ихтэй тул дийлдэхгүй бол экскаваторын шанаганд өлгөсөн тросоор татан муруйлгаж, гинжит трактороор царигийн үзүүр рүү түншин шахна. Зам тавигч кран шинэ замаараа урагшлан явж шинийг дахин тавих ахуйд ард нь замчид уулзваруудыг холбон боож, бетон дэрүүдийг чангална. Өглөөн нар ургахтай зэрэгцэх шахам ажлаа эхэлсэн замчид үд хэвийж байхад ч ундалсангүй. Лавлавал “Бид орой яг цагтаа галт тэрэгний хөдөлгөөнд нээх учир шахуу ажиллаж байна. Үеэ угсарч дуусгаад унд ууна даа” гэв. Энэ үед Х хэсгийн замчид ЗЗМС-ынхантай хамтран ажиллаж, хуучин үеэс салж үлдсэн дэрүүдийг ЗИЛ-130 машинаар хэсэг рүүгээ зөөцгөөв. Тэдний хэнтэй нь ч уулзсан “Арчлахад хамгийн хүнд км-т маань их засвар хийж өгч буй Замын удирдлагууд болон ЗЗМС-ын замчдад баярлалаа” хэмээн талархал илэрхийлж, баяр дүүрэн байлаа. Ийнхүү 16.30 цагийн үед 1.1 км шинэ үеийг холбож дуусгаад ундандаа орлоо. Өглөөнөөс хойш тасралтгүй ажиллахдаа тэдний хэн нь ч хойш сууж шантралгүй, харин ч үеийн залуус чиг татахдаа арай биерхүү нэгнээ “Зүгээр зогсож бай, хүч чинь хэтэрхий ихдээд байна” гэж цаашлуулан инээлдэх нь “Ажлыг жаргаж, цэнгэж хийнэ гэдэг л энэ юм даа” гэж бодогдов.
Ийнхүү замчдыг ундалж байх зуур өнөөх шинэ замаар хайрга асгаж өнгөрөхөд араас нь, чиг татагч, өргөж чигжигч машинууд чигжиж, замчид цүп тавин тэгшлэв. Энэ үеэр их засварт оролцож буй удирдлага болон зарим замчдын сэтгэгдлийг сонссоноо уншигч та бүхэнд хүргэе.
Л.Жаргалсайхан: Сүүлчийн цонхыг арваннэгдүгээр сарын 11-нд хийж дуусгана
ЗЗМС-ын дарга
-Энэ жилийн их засварын анхны ажлыг Агуйт-Мааньт хооронд 17 км-т хийж эхэлсэн. Мөн Цагаанхяр-Хайрханы хооронд хийсэн хоёр км их засварын ажлыг хүлээж авах комисс ажиллалаа. Өнөөдөр (2024.09.05) бид 1125 метр замыг 10 цагийн цонхны хугацаанд шинэчилж байна. Хонхор, Хоолт, Цагаанхяр хооронд нийт 27 км замыг шинэчлэхээс өнөөгийн байдлаар найм орчим км замыг нь шинэчлээд байна.
-Энд хэчнээн замчин ажиллаж байна. Бусад ангиас нэмэлт хүч татав уу?
-Технологиороо 75 замчинтай ажиллах ёстой ч 63 замчин ажиллаж байна. Замын аж ахуйн албаны даргын шийдвэрээр Замын I, II, IV, VI ангиас замчид ирсэн. Хоолтын даваа өгсүүр, уруудуур, хэвгий, тахир тойруу ихтэй замтай шүү дээ. Өнөөдөр гэхэд л 300-аас бага радиустай, ул шорооны өвчлөл, балластын бохирдол ихтэй хоёр тахир замд шинэчлэлт хийж байна. Ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хийнэ.
-Энэ жил танайх их болон дунд засварын ямар ажлууд төлөвлөн хийж байгаа вэ?
-47 км зам шинэчлэлтийн ажил төлөвлөсөн. Хамгийн сүүлчийн цонхыг арваннэгдүгээр сарын 11-нд хийж дуусгана. Хоёр өртөөний зам уртасгаж шинэчилнэ. 36 дугаар зөрлөгт 2.8 км замыг шинээр тавьсан. Энэ сарын 18-19-нд Цайдам өртөөнд 3.1 км зам шинэчилнэ. Түүнчлэн, ус өнгөрүүлэх найман хоолой төлөвлөснөөс хоёрыг нь барьж Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэст хүлээлгэж өгсөн. Үлдсэн хоолойнуудыг барих бэлтгэл ажлыг хийж байна.
О.Батхүү: Өдөр бүр замчид 200-250 метрт цариг тохируулж хадна гэдэг амаргүй
Замын II ангийн орлогч дарга
-Манай ангийн хэмжээнд энэ жил Цагаанхяр-Хоолт хоорондын замын 474, 475, Баян өртөөний 451 дүгээр км-ээс Хоолт зөрлөгийн 469 дүгээр км хүртэл гэхчлэн 27 зам шинэчлэх их засварын төлөвлөгөө өгсний дагуу ажиллаж байгаа. Энэ удаагийн цонх авсан хэсэг бол 14 мянганы хүртэл хэвгийтэй, бага радиустай хүнд нөхцөлтэй зам. Шавар сагалт ихтэй, цариг тэлүүлэхгүйн тулд завсар чөлөөгүй замаа арчилдаг энэ хэсэгт залуус тогтдоггүй. Ер нь, Замын IX, Х, XI хэсгийн арчилдаг зам маш хүнд нөхцөлтэй, 2004 оноос хойш их засвар хийгээгүй байсан. Модон дэрийн байдал муудан шигдэж, зам төмрийн босоо элэгдэл хүлцлээс хэтэрч найман мм-т хүрсэн. Цариг тэлж, өдөр бүр замчид 200-250 метрт цариг тохируулж хадна гэдэг амаргүй. Тиймээс шинэ залуус шантраад явчихдаг. Ийм хүнд нөхцөлтэй хэсгийг сонгож зам шинэчлэлт хийснээрээ замчдын ажлыг хөнгөвчилж, залуучуудын тогтвор суурьшилд сайнаар нөлөөлнө гэж харж байгаа. Ангийн хувьд ЗЗМС-ынхны хийж буй их засварын ажилд хяналт тавих үүрэгтэй ажиллаж байна. Энэ замд галт тэрэг 60 км/цагийн хурдтай байсан. Харин их засвар хийснээр комисс ажиллаад галт тэрэгний хурдыг тодорхой хувиар нэмэгдүүлэх байх.
Үүнээс гадна манай ангийн хэмжээнд Багахангай-Мааньт хооронд Р50 зам төмөртэй, модон дэр, хадаасан бэхэлгээтэй 12 км замд их засвар хийгээгүй үлдээд байна. Энэ замыг 2025 онд шинэчлэх саналаа албанд хүргүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн Багахангай-Багануур хоорондын 95 км замын их засварын хугацаа хэтэрсэн. Улаанбаатарыг нүүрсээр хангадаг чухал зам учир үүнийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа.
Г.Банзрагч: Манай Х хэсгийнхэн маш их баяртай байгаа
Хэсэглэл хариуцсан инженер
-Замын II ангийн энэ хэсэг бол УБТЗ-даа л хамгийн хүнд нөхцөлтэй нь гэхэд болох байх. Энд их засвар хийснээр замын техникийн байдал нэлээд сайжирч байна. Замыг нь шинэчилж буйд манай Х хэсгийнхэн маш их баяртай байгаа. Хуучин үе хуулагч краныг дагаж 13 замчин, уулзварын зайд хоёр хүн, үе тавигч краны ард шалгалтын бригадын дарга цариг түвшинг нь үзэх гэхчлэн техник бүрийн ард ЗЗМС-ынхантай хамтран ажиллаж байна. Энэ их засварыг Баян, Хайрхан, Хоолт гэсэн гурван зөрлөгийг дамнан хийсээр Хоолт зөрлөгийн урд сум буюу 468 дугаар км-т хүрээд дуусна. Ингэснээр манай хэсэглэлийн 70 орчим хувь нь төмөр бетон дэртэй болно.
Т.Мягмарсүрэн: Энэ замд их засвар хийснээр залуус ч ажилдаа тогтох байх
Замын Х хэсгийн ахлах замчин
-Бидний арчилдаг хэсэгт зам шинэчлэлтийн ажил хийх төлөвлөгөөг баталсан Замын удирдлагууд, ангийн дарга нартаа баярлаж байна. Мөн ажлыг гардан гүйцэтгэж буй ЗЗМС-ын замчдадаа, удирдлагуудад нь талархал илэрхийлье. Манай хэсэг нийт 19 тахиртай, 450-462 дугаар км хүртэл бага радиустай тахир олонтой. Энэ замыг арчилж галт тэрэгхий хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг үнэхээр амаргүй байдаг. Манай Х хэсгийн 12 км замд шинэчлэл хийнэ. Тиймээс бидний ажил маш их хөнгөвчлөгдөнө. Замчид маань өдөрт 200 гаруй метрт цариг тохируулж хаддаг ажил хөнгөрч буй тул их баяртай байгаа. Энэ замд их засвар хийснээр залуус ч ажилдаа тогтох байх. Миний хувьд 2011 оны есдүгээр сарын 1-нд энэ хэсэгт замчнаар орж, дараа нь бригадын дарга болсон. Тэгээд 2022 онд Хангай зөрлөг дэх XII хэсгийн бригадын даргаар олиж ажиллаж байгаад өнгөрсөн долдугаар сард Х хэсэгтээ буцаж ирлээ.
Ийнхүү өдөржин борви бохисхийлгүй ажилласан замчид их ажлын ард гараад тухлан саатаж ахуй хүчит техникүүдээр замыг өргөж чигжлээ. Үүний дараа мастер, бригадын дарга нар удирдлагуудынхаа хамт цариг түвшинг нь хэмжсэнээр тогтсон цагтаа галт тэрэгний хөдөлгөөнд нээсэн юм. Улмаар ЗЗМС-ын замчид унаандаа суун буцахад Замын II ангийн X хэсгийн замчид дахин талархал илэрхийлэн гар далласаар үлдсэн юм. Энэ үед намрын шаргал наран хэдийнээ баруунтаа тонгойж, Цэцээ гүний оргилд хоргодсон мэт цацрах ажгуу.
М.Наранболд
