УБТЗ-ын ачаа төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн хирээр хөдөлгөөний эрчимжилт ихсэж байгаа билээ. Тиймээс замын арчилгаа үйлчилгээг богино хугацаанд тогтмол хийж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарч байна. Энэ хирээр замын засвар үйлчилгээг хариуцдаг замчдын ажлын ачаалал нэмэгдэж буй тул цалин хөлснийг нь нэмэгдүүлэх асуудал тулгарч байсныг УБТЗ-ын удирдлага шийдвэрлэлээ. Өнгөрсөн хаврын Замын даргын үзлэгээр Замын дарга Х.Хэрлэн замчдын ажилтай газар дээр нь танилцаад замчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулахыг холбогдох албадад үүрэг болгосон юм. Үүний дагуу Замын аж ахуйн алба болон Төлөвлөлт, эдийн засгийн албанаас судалж үзээд замын тухайн хэсгийн ачаа тээврийн хэмжээтэй уялдуулан замчдад нэмэгдэл олгох журмыг боловсруулсныг энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх тухай УБТЗ-ын даргын тушаал гарав. Энэ талаар Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргалаас тодрууллаа.
-Замчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талд бид нэлээд судалгаа хийж байж “Зам арчлалтын нэмэгдэл” гэсэн шийдлийг гаргасан. Цаашид ч үүнийгээ илүү боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Гэхдээ ийм тушаал гарсанд миний хувьд баяртай байна. Энэ журмаар замчдын цалин хөлс 150000-350000 төгрөгөөр нэмэгдэхээр болсон. Өөрөөр хэлбэл, тухайн арчилж буй замын ачааллаасаа хамаарч нэмэгдэл авна гэсэн үг.
-Энэ нь зөвхөн замчдад л хамаарах уу?
-Үгүй, замчдаас гадна бригадын дарга, мастер, ахлах мастер буюу хэсэглэл хариуцсан инженерүүд ч хамрагдана. Мөн тор засагч, жолооч нар ч энэ нэмэгдлийг авна. Зам засварын машинт станцынхан ч зам засвар дээр ажиллаж байгаа үедээ нэмэгдэл авахаар болсон.
-Баянтүмэн тасгийн замчид нэмэгдэл авах уу?
-Энэ журамд Баянтүмэний гэж тусгайлан заагаагүй. Замчдад гэж тусгасан болохоор авах боломжтой. Одоохондоо тэд ачаалал багатай ажиллаж байна. Гэхдээ 10 хүртэлх сая тонн ачаа явдаг бол 150 мянган төгрөг олгоно шүү дээ. Магадгүй цаашид ачаалал нь ихэсвэл илүү нэмэгдэл авах боломжтой л гэсэн үг.
