УБТЗ ХНН-ийн замын аж ахуйд 2014 оноос ажиллаж эхэлсэн зам хэмжигч “Декарт-229Д” вагоныг энэ онд их засварт оруулжээ. Их засварыг үйлдвэрлэгч болох ОХУ-ын “Фирма ТВЕМА” компанид хийлгэсэн бөгөөд их засварын хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хэмжилт, оношилгооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон байна. Энэ оны наймдугаар сарын 09-нөөс есдүгээр сарын 20-ны хооронд ОХУ-ын “Фирма ТВЕМА” компанийн мэргэжилтэн О.И.Семенов, А.В.Пугачёв нар зам хэмжигч “Декарт-229Д” вагоны хэмжилт, оношилгооны төхөөрөмжүүдийг тохируулах, комьпютер программ хангамжид өгөгдөл оруулж, мэдээллийн сан бүрдүүлэн, Улаанбаатар-Баян хоорондын замд хоёр удаагийн туршилтын аялал хийснээр их засварын ажил амжилттай дууссан байна. Уг зам хэмжигч вагон нь УБТЗ-д 2014-2025 оныг хүртэл ажиллахдаа нийт 360 мянга гаруй км замыг оношилсон гэх судалгаа бий. Зам хэмжигч “Декарт-229д” вагон нь шүргэлцэх болон үл шүргэлцэх систем, дүрс бичлэгийн аргаар төмөр замын суурь бүтцийн геометр хэмжээсийг бүрэн гаргаж, оношлон замын техникийн байдалд автоматаар үнэлгээ өгдөг юм. Энэхүү вагон нь их засварт орж, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр шинэчлэн тоноглогдсоноор урд өмнөхөөс илүү нарийн хэмжилт оношилгоог хийх боломжтой болсноос гадна дахин 10 жил 360 орчим км замыг оношлох боломж бүрдлээ гэж мэргэжилтнүүд танилцуулж байна.
Зам хэмжигч “Декарт-229д” вагон нь УБТЗ-ын нийт замыг сард хоёр буюу жилд 24 удаагийн давтамжтайгаар бүрэн оношилохоос гадна Болд төмөр-Ерөө гол ХХК-ийн зам, мөн Төмөртэйн замыг улиралд нэг удаа оношилдог аж.
