Нүүр Нийгэм Зам, тээврийн залуус  “Хөгжлийн сэргэлт”-ийг тодорхойлов
Нийгэм

Зам, тээврийн залуус  “Хөгжлийн сэргэлт”-ийг тодорхойлов

G.Press 2 жилийн өмнө 89 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Зам, тээврийн залуучуудын “Хөгжлийн сэргэлт”  чуулга уулзалт энэ сарын 23-нд Ган зам паласт боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга бөгөөд Зам тээврийн залуучуудын “Хөгжлийн зам” зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн тэргүүтэй албаны хүмүүс, төмөр зам, агаарын тээвэр, далайн тээвэр, автотээвэр, автозамын салбарын удирдлагууд болоод тус салбаруудын төр, хувийн хэвшилд ажиллаж буй залуучуудын төлөөлөл 300 гаруй залуус оролцсон юм.

 

Ш.Нямсүрэн: Салбараа өнгөлж, орчноо шинэчлэхэд залуусын зүтгэл хэрэгтэй

УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга бөгөөд ЗТЗ-чуудын “Хөгжлийн зам” зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Зам дагаж хөгжил ирнэ” гэдэгчлэн эх орныхоо хөгжлийн түүчээ болсон эрхэм хүндтэй салбарын манлайлагч залуус тус чуулганд оролцож буйг онцлон тэмдэглээд, “2021 оны тавдугаар сарын 17-нд 4000 гаруй ажилтантай зам тээврийн салбарын залуучуудын төлөөлөл, ТББ-ууд хуралдаж, ЗТЗ-чуудын “Хөгжлийн зам” зөвлөлийг байгуулсан. Бид Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний залуучуудын зөвлөлд гишүүнчлэлээ бүртгүүлж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн түүхтэй. Манай зөвлөл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЗТХ-ийн зорилго, зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлэхэд төлөөллийн оролцоог хангах, салбарын залуучуудын дотоод болон гадаад үйл ажиллагааг өргөжүүлж, нийт 18 төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны ажлаа амжилттай зохион байгуулж эхлээд байна. Өнөөдөр ч бид салбарын хэмжээнд мөрдөгдөх хууль тогтоомжуудын онцлог, ач холбогдлыг сонсож, мэргэжлийн залуучуудын дуу хоолойг төр засгийн байгууллагад уламжлах үүргээ үргэлжлүүлэхээр хуран цуглараад байна.  Ажлын байран дахь та бидний асуудал салбарын төдийгүй улс орны өмнө тулгамдсан асуудал. Гагцхүү гарц гаргалгаа, оновчтой шийдэл нь та бидний дундаас л гарна гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд харуулсан. “Өнөөдөр хийхгүй бол хэзээ хийх вэ? Бид хийхгүй бол хэн хийх вэ?” гэдэг хэлц үгийн агуулгатай агаар нэг юм. Асуудлын цөмийг холч ухаанаар харж, шийдэл гаргалгааг дээд түвшинд санал болгох боломж бололцоо та бидний өмнө хаалгаа дэлгэсээр... Энэхүү хаалганы хэмжээ өдрөөс өдөрт томорсоор байна. Залуус бид асуудлын гүнд орж, хариуцлагатайгаар ачаа үүрэх л үлдлээ. “Уулыг намаас нь, усыг багаас нь” гэх хэлц үг бий. Тиймээс залуус бид ажиллаж буй салбартаа, жижиг гэхгүй шийдлүүдийг хийж, орчиндоо эерэг нөлөөллүүдийг бий болгох шаардлага бидний өмнө байсаар байна. Энэ удаагийн зөвлөгөөнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй салбарын удирдлагууд оролцож, залуусынхаа дуу хоолойг сонсож, тэднийхээ санаа бодлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгахыг зорьж буйгаараа онцлогтой юм. Тиймдээ ч энэ удаагийн арга хэмжээг “Хөгжлийн сэргэлт” хэмээн нэрлэлээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээ, шаардлага, гадаад дотоод нөхцөл байдлын давуу болон сул талыг боломж болгон ашиглаж, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа 2050” болон Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” тус бүрт тусгагдсан “Боомтын сэргэлт”-ийн ажлын хүрээнд дэд бүтцийн томоохон бүтээн бүтээн байгуулалтыг цогцлоож байгаа энэхүү түүхэн цаг үе доор хөгжил дэвшил, шинэ сэргэлтийг авчрах автотээвэр, автозам, далайн тээвэр, төмөр замын тээврийн хөгжлийг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх залуус бол та бүхэн юм. Тиймээс зам тээврийн салбарын мянга мянган залуус та бүхэндээ их амжилтыг хүсэн ерөөе. Нэгэн дээвэр доор чуулсан энэ цаг үед зөвлөгөөндөө идэвхтэй оролцож салбарын хөгжлийнхөө төлөө залуу насны эрч хүч, ухаан зоригоо уралдуулна гэдэгт итгэл дүүрэн байна. Амжилт бүтээлийн оргил өөд хамтдаа алхацгаая” гэлээ.

С.Бямбацогт: Бид залуу үеэ бүх талаар дэмжиж ажиллана

Чуулга, уулзалтын үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Манай салбарын 42500 гаруй ажилтны 19 орчим хувь нь залуус. Залуучуудыг би “Зам тавигч, салхи зүсэгч” гэж хэлэх дуртай. Та нар бол улс орондоо, ард иргэддээ, салбартаа, байгууллагадаа зам тавигчид юм.  Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг. Боломж үргэлж бий. Та нар бол өөрсдөдөө төдийгүй өрөөл бусдад хөгжиж дэвших, зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдөлдөө хүрэх хаалгыг нь нээж өгөх эрхэм үүрэгтэй хүмүүс. Миний бие тус салбарын сайдаар томилогдоод 10 сар гаруй хугацааг үдэж байна.Залуус та нартайгаа гар, сэтгэл нийлж ажилласан нэг жил хүрэхгүй хугацаанд нэлээд асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Энэ хүрээнд хэдхэн тоо хэлье. 2022 онд бид 500 гаруй км авто зам, 500 метр гүүрийг ашиглалтад орууллаа. Олон жил дуншсан Дархан-Улаанбаатар хоорондын авто замыг нээлээ. Азийн автозамын сүлжээний Баруун босоо тэнхлэгийн автозам болох Баян-Өлгий-Ховд, ОХУ-БНХАУ-ыг холбосон замыг бүрэн ашиглалтад оруулснаар Ази-Европыг холбосон транзит тээвэр эхэлсэн. Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам  гэхчлэнгээр шинэ төмөр замуудыг байгуулж, манай улсын төмөр замын сүлжээ 40 хувиар нэмэгдсэн. Саяхан Москва хотноо болсон  Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар тус нийгэмлэгийн  200 тэрбум гаруй төгрөгийн их өрийг тэглэх түүхэн шийдвэрийг гаргалаа. Үүний үр дүнд тус нийгэмлэгийн дүрмийн сан 167 тэрбумаар нэмэгдэж таван шинэ зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүнийхээ паркийг хүчжүүлэхээр боллоо. Энэхүү түүхэн уулзалтад ЗТЗ-чуудын “Хөгжлийн зам” зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн оролцсон юм. Түүнээс гадна Монгол Улс агаарын 13 шинэ хөлөг хүлээн авч, нийт 51 агаарын хөлөгтэй болж, дэлхийн 40 гаруй улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 23 улсын 100 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн гээд хөгжил дэвшлийн түүхэн алхмууд олныг нэрлэж болно. Энэ бүхний ард залуус та бүхний минь мэдлэг, сэтгэл зүтгэл бий. Түүхэн амжилтыг бүтээхэд салбарын залуусын минь ажилдаа хандах хандлага, мэргэжлийн ур чадвар нөлөөлсөн. Тийм болохоор зам тээврийн салбарын хөдөлгөгч хүч болсон залуусаараа бахархаж байна. ЗТХЯ 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан. Тээврийн салбарын үйлчилгээг авдаггүй нэг ч салбар байхгүй учраас иргэн бүртээ хүрсэн, ил тод, нээлттэй, хүртээмжтэй, бүрэн цахимжсан байхыг зорьж байгаа. Энэ бол бидний үндсэн зорилго. “Зам тээврийн салбар бол хөгжлийн судас” гэж ярьдаг. Эдийн засгийн цусны эргэлт энэ судсаар л гүйнэ. Тиймээс зам тээврийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ёстой. Бүх төрлийн тээврийн ачаа болон зорчигч тээврийг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг бид өмнөө тавьсан. Түүндээ хүрэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдөр дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй салбар бол мэдээллийн технологи. Нөгөөх нь дэд бүтэц, тэр дундаас манай зам тээврийн салбар юм. Манай салбарт өдөр бүр шинэ мэдлэг, технологи, инноваци нэвтэрч байна.  Тэр бүхнийг залуус та бүхэн минь хэрэглээ болгох, үр шимийг нь хүртэх шаардлага тулгарч байгаа. Би “Залуу хүн зоригтой, зорилготой, зарчимтай байх ёстой”  гэж хэлэх дуртай. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэдэг үг ч бий. Зоригтой, зорилготой хүн л амжилтад хүрдэг. Тэрхүү зориг, зорилго нь зөв зүйлд чиглэхэд зарчимтай, ёсзүйтэй байх маш чухал. Манай салбарын хөгжил дэвшилд төр засгаас онцгой анхаарч ирсний үр дүнд 21 аймаг нийслэл хоттойгоо хатуу хучилттай авто замаар холбогдож, олон зуун км төмөр замыг шинээр байгуулж, дэлхийн өнцөг болон бүр рүү нислэг үйлдэж байна гээд өдрөөс өдөрт хөгжил дэвшилд түүчээлж, шинэ түүхийг бичиж байна. Далайд гарцгүй ч гэсэн далайн тээврийг ашиглах, энэ салбарын үйл ажиллагаанд оролцох чиглэлээр олон ахиц дэвшил гарч байгаа. Өөрөөр хэлбэл бүх төрлийн тээврийг бид хөгжүүлж, улс орныхоо хөгжлийг тэр хэрээр хурдасгаж чадаж байна. Гэхдээ бидний хувьд орхигдуулж болохгүй нэг асуудал бий. Энэ бол ЗТХ-ийн салбарын боловсон хүчин, хүний нөөцийн бодлого. Төмөр зам, автозам, агаарын тээврийн салбарт аль алинд нь нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Үүний зэрэгцээ салбар бүрийн залуусаа дэмжих, сургах, урамшуулах асуудал бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна. Тийм ч учраас залуусаа дэмжих, хөгжүүлэх чиглэлийн бодлогуудыг дэвшүүлж байгаа юм. Энэ хүрээнд гурван үндсэн чиглэлийг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, хүний нөөцөө сургах, бэлтгэх. Саяхан бид "SCHOLARSHIP ROAD 2023” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, Бээжингийн Зам харилцааны их сургуульд суралцах 60 оюутныг сонгон шалгарууллаа. Цаашид ч бид эрэлттэй мэргэжлээр БНХАУ, ОХУ, ХБНГУ, Энэтхэг, Катар, Тайланд зэрэг орнуудад тэтгэлгээр суралцах боломжийг үе шаттайгаар бий болгоно. Мөн дотоодын их дээд сургуулиудад суралцаж байгаа шилдэг 100 оюутанд жил бүр хоёр сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгох шийдвэрийг гаргасан. Буянт-Ухаа нисэх буудалд сургалтын төв байгуулж, нисэхийн салбарын мэргэжилтнүүдээ бэлтгэхээр ажиллаж байна. Салбар бүрийнхээ мэргэжилтнүүдийг бэлтгэхэд сургалтын чанар, стандартыг сайжруулах чиглэлээр дотоодын их дээд сургуулиудтайгаа хамтран ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд чадвартай, мэдлэгтэй, сэтгэлтэй боловсон хүчинтэй болно” гэв. 

Мөн тэрбээр зам, тээврийнсалбарын ажилтнуудын ар гэр нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Буянт-Ухаа нисэх буудлын орчимд 1344 айлын “Тээвэрчин” хотхон төслийг эхлүүлэхээр ажиллаж байгаагаа дурдлаа. Тус тосгон нь сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, авто зогсоол, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээ, усан бассейн гээд бүх хэрэгцээг нэг доор шийдсэн төдийгүй ажлын байрыг нь ч тухайн хэсэгт төвлөрүүлэхээр төлөвлөж буй аж. Ийнхүү бүх чиглэлээр залуу үеэ салбарын яамны зүгээс дэмжиж ажиллах учраас зөвхөн ажлын цагаа аргацааж өнгөрөөдөг, удирдлагынхаа шийдвэрийг л биелүүлэх төдий ажилладаг “амьгүй албат” бус шинийг бүтээгч, шинийг санаачлагч нь залуус байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэнэ билээ.

Салбарын хөгжилд залуусын идэвх оролцоо хангалтгүй байна гэв

Тус чуулган үдээс өмнө, хойш гэсэн хоёр хэсэгт өрнөсөн бөгөөд үдээс өмнөх хөтөлбөрт ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, ЗТХЯ-ны ТЗДТБЗГ-ын хэлтсийн дарга Х.Итгэлт, ЗТХЯ-ны АТБЗ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасан нар агаарын тээвэр, төмөр зам, авто замын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын онцлог, ач холбогдол, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Одхүү “Зам, тээврийн ажилтнуудад чиглэсэн нийгмийн бодлого” сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийлээ. Үүний дараагаар “Салбарын залуучуудын нийгмийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Зам, тээврийн залуучуудын “Хөгжлийн зам” зөвлөлийн ЕНБД А.Энх-Амгалан ажиллаж, ЗТХЯ-ны ТЗДТБЗГ-ын хэлтсийн дарга Х.Итгэлт, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон,  Зам тээврийн залуучуудын “Хөгжлийн зам” зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн, ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга Э.Төрбаяр нар зам, тээврийн залууст тулгамддаг асуудал хийгээд түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, залуусын асуултад хариуллаа. Энэ үеэрЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Одхүү зам тээврийн залуус зарим талаар хойрго,идэвх санаачилгагүй байгааг шүүмжлэв. Тэрбээр зохион байгуулж буй чуулга уулзалтууд үр дүнтэй, түүний мөрөөр хийсэн ажлууд нь тодорхой, дараа дараагийн уулзалт зөвлөгөөнөөрөө хэлэх үг, санал болгох оновчтой шийдэл, гаргалгаатай байхыг зөвлөсөн юм. Мөн түүний дурдсанаар зам, тээврийн салбарын хэмжээнд залуусыг оролцуулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөр, зорилтот үйл ажиллагааг зарладаг боловч залуусын оролцоо хангалттай бус байгаа аж. Тиймээс салбарынхаа бодлогод өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, хувь нэмрээ оруулахын тулд залуу ажилтнууд нэн тэргүүнд өөрсдөө идэвх санаачилгатай, оролцоотой байх нь чухал болохыг хэллээ.

Залуусыг сонсдог, дэмждэг тогтолцооны систем  дутагдаж байна

Үдээс хойш залуус 50, 50-иараа таван багт хуваагдаж, хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдсан юм. Багууд цэнхэр, хар, улаан, цагаан, улбар шар  өнгийн футболкоор ижилссэнээс эхлээд зохион байгуулалтыг өндөр түвшинд санаачилсан байв. Тус сургалтыг УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын хувь хүний хөгжлийн сургагч багш нар удирдан явуулав. Оролцогчид “Dance house”, “learning house”, “Team house”, “Social house”, “Creative house”, “Study house”нэртэй танхимуудаар өртөөчлөн явж, тус бүрийн онцлогтой сургалтуудаар мэдлэгээ зузаатгасан билээ.  Ийнхүү сургалтыг орчин цагийн шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсан Ц.Золбаатар тэргүүнтэй УБТЗ-ын Залуучуудын зөвлөлд оролцогчид талархал илэрхийлж байлаа.Ийнхүү бүтэн өдрийн турш өрнөсөн чуулганы төгсгөлд залуус хэлэлцсэн асуудлаа дүгнэж, салбарын яамны удирдлагуудад өргөн барьж,шилдэг багуудаа тодруулснаар тухайн үйл ажиллагаа өндөрлөсөн билээ. Чуулганд оролцсон таван багаас цэнхэр өнгийн фудволкоор ижиллсэн залуус идэвх оролцоогоороо тэргүүлж, УБТЗ-ийн Залуучуудын төв байгууллагын нэрэмжит шагналын зээн болсон юм. Энэ удаагийн чуулганы хүрээнд зохион байгуулсан хувь хүний хөгжлийн сургалт болон чөлөөт арга хэмжээний үеэр залуус салбарынхаа хэмжээнд хийж хэрэгжүүлэх санаачилга чамгүй байдаг хийгээд хамт олноо, байгууллагаа манлайлж ажиллах хүсэл тэмүүлэл ч өндөр байдгаа илэрхийлсэн. Гагцхүү тэдний үгийг сонсож, ажил хэрэг болгодог, дэмждэг уян хатан системийн бодлого чухал байгааг дурдав. Тодруулбал, залуус руу чиглэсэн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа зөвхөн удирдах түвшний тайлан, илтгэл төдийд хязгаарладаг. Өдөр тутмын ажил үйлчилгээний хүрээнд ч залуу ажилтан шинэ санаачилга гаргавал дунд болоод ахмад үеийнхний зүгээс няцаадаг, эсэргүүцдэг зэрэг нь тэдний хүсэл зоригийг унтраах, “амьгүй албат” болгох үндсэн шалтгаан болж байгааг ч хэлж байлаа. Түүнчлэн, ажлын ачаалал өндөр, хөдөлмөрийн хөлс бага байгаа зэрэг нь үе тэнгийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх, хамтдаа хөгжиж дэвших боломжийг хязгаарлаж байгаа тухай ч хөндөж ярилцлаа. Нийтлэг санал санаачилгаар нь дүгнэвэл орчин цагийн залуус орон сууцны, цалингийн, хэрэглээний  зэрэг зээл тавьж,  ахуй амьдралаа авч явахын тулд өөр зүйлд сатаарах завгүй хөдөлмөрлөж байгаа дүр зураг ажиглагдсан юм. Үүнд мэдээж салбарын яамны бодлого шийдвэр, төлөвлөгөөт зорилт, урт хугацааны бодлогын хэрэгжилт эергээр нөлөөлөх биз ээ.

 

Б.Дэлгэрхишиг

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.