Зам, тээврийн салбарын залуус нэгдэж Хөшигийн хөндийн хурдны зам дагуу мод тарих аянд оролцлоо. Тэд энэ аяныг зургаа дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ хугацаанд "Зам тээврийн салбарын төгөл"-ийг бий болгосон билээ.  Өнгөрсөн Бямба гарагт тус төгөлдөө зочлохдоо залуус орчны цэвэрлэгээ үйлчилгээ, усалгаа, шинэ үрсэлгээ суулгах ажлыг хамтдаа хийсэн юм. Энэ удаагийн мод тарих аянд Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Зам тээврийн залуучуудын “Хөгжлийн зам” зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн тэргүүтэй албаны хүмүүс болон төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын төлөөлөл болсон манлайлагч залуус оролцсон билээ. Тэд амралтын өдрөөрөө хамтдаа мод тарьж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн төдийгүй төгсгөлд нь “Буян-Ухаа” нисэх буудалд чуулж, “Зам тээврийн салбарын залуучуудын бодлогын баримт бичиг”-ийн төслийг хэлэлцэв. Түүнчлэн, хөгжөөнт тоглоом тоглож, танилын хүрээгээ нэмэгдүүлсэн билээ