Зам, тээврийн залуучуудын чуулга уулзалтын үеэр салбартаа манлайлж ажилласан шилдэг тэргүүний ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Үүнд УБТЗ ХНН-ийн Улаанбаатар өртөөний жижүүр Д.Баасандорж “Хүндэт төмөр замчин”, Багануур АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Мягмаржаргал нарын залуус “Тэргүүний замчин”, МИАТ ТӨХК-ийн газрын үйл ажиллагааны ерөнхий менежер бөгөөд хэлтсийн дарга Г.Хангал “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан”, АТҮТ ТӨҮГ-ын авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Жаргалсайхан “Авто тээврийн тэргүүний ажилтан”, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нислэгийн хөдөлгөөний удирдагч Ө.Оюунпүрэв, МИАТ ТӨХК-ний ажигч Т.Эрдэнэцогт, Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ананд, МТЗ ТӨХК-ийн механикч С.Эрдэнэмөнх нарыг ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнууллаа.
Дашрамд дурдахад, Зам тээврийн салбараас орох орлогын хэмжээг 2024 он гэхэд 2.5 их наяд төгрөгт хүргэх зорилтыг салбарын яамнаас дэвшүүлжээ. Тухайлбал, авто тээврийн салбарт экспорт, импортын ачаа 2021 онд 17.9 сая тонн байсан бол 2024 онд 35 сая тоннод хүргэх. Хот, улс хоорондын зорчигч тээвэр 2021 онд 556 мянга 992 байсан бол 2024 онд 2 сая 100 зорчигчийг тээвэрлэх, олон улс болон улсын чанартай хатуу хучилттай авто зам 2021 онд 7350 км байсан бол жил бүр нэмэгдүүлсээр 2024 он хүртэл 1183 км хатуу хучилттай авто замыг шинээр нэмж барих. Мөн төмөр замын гол шугам, хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж 2024 он гэхэд 45 сая тонн ачаа тээвэрлэх. Далайн тээвэрт Монгол Улсын далбаатай оролцдог 218 хөлөг онгоцыг 2024 он гэхэд 260-д хүргэх. Агаарын тээврийн чиглэлээр 2024 он гэхэд нийт гурван нисэх буудалтай болох зорилтуудыг дэвшүүлж буйг салбарын яамны удирдлагууд онцлоод энэ бүх зорилтод амжилттай хүрэхэд зам, тээврийн залуусын хичээл зүтгэл, эрдэм мэдлэг хамгаас чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
