УБТЗ-ын 503 дугаар км буюу Хангай зөрлөг Багахангай өртөө хооронд орших Алсын худаг хэмээх газарт төмөр замчин залуус жил бүрийн “Мод  тарих үндэсний өдөр”-т зорьж ирдэг уламжлал тогтоод байгаа юм. 2012 оны тавдугаар сарын 12 буюу одоогоос 11 жилийн өмнө эхэлсэн энэ ажил УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын зорилтот ажлын нэг болон үргэлжилж, эдүгээ “Төмөр замчдын ногоон төгөл”-ийн хэмжээнд хүртлээ өргөжөөд байна. Замын удирдлагаас автомат усалгаажуулалтын системийг шийдэж, Эрчим хүч, ус хангамжийн ангийнхан гэрэлтүүлэг, камерын хяналтыг өөрсдийн нөөц бололцоогоор хийнэ гээд энэ талбайн тохижилтод эрвийх дэрвийхээрээ санаа тавьж байна.

Энэ удаагийн мод тарих өдөрлөгт Замын удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Энхцогт, Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж, Ахмадын холбооны дарга Ю.Идэрчулуун,  Залуучуудын төв байгууллагын дарга Ц.Золбаатар тэргүүтэй удирдлагууд, төмөр замчинахмад болон залуусын төлөөлөл зэрэг 130 гаруй хүн оролцсон юм. Мөн Багахангай дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн ИТХ-ын төлөөлөл очсон юм.

Замын удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Энхцогт мод тарих өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд “Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд байгууллага, хувь хүмүүс тодорхой хэмжээгээр мод тарьж ирсэн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” хөдөлгөөнийг санаачилснаар энэ үйл ажиллагааны цар хүрээ, идэвх оролцоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг онцлоод, “Сүүлийн жилүүдийн статистик үзүүлэлтийг харахад “Тэрбум мод” санаачилгаас хойш 7.4 сая модыг Монгол Улсын хэмжээнд тарьж, уруулжээ.  Гэхдээ илүү хурдтай, илүү далайцтайгаар мод тарих хөдөлгөөнөө үргэлжүүлэхгүй бол яг энэ хурдаараа явбал 130 жилийн дараа тэрбум мод тарих зорилтдоо хүрнэ. Хэдийгээр эхний жилүүд бэлтгэлийн үе гэж нэрлээд байгаа боловч хүн бүр илүү санаачилга, зүтгэл гаргах хэрэгтэй. “Төмөр замчдын ногоон төгөл”-өөс гадна Хөшигийн хөндийн нисэх буудлын зам дагуу зам, тээврийн салбарынхны хэмжээнд бас нэгэн ногоон зурвасыг бий болгож эхэлсэн. Намар энд тарьсан модны жимс жимсгэнэ ургах учраас Багахангай дахь цэцэрлэгийн насны хүүхдүүдийг жимс түүх ажилд оролцуулахаас эхлээд харьяа орон нутгийн иргэдийн идэвх оролцоог ч нэмэгдүүлэх нь зүйтэй юм” гэв.

            Энэ удаа Алсын худаг зөрлөгт төмөр замчид агч, бургас, улиас, бүйлс, гүйлс, гацуур, монос чацаргана гээд  нийт 1070 суулгац тарив. Төмөр замчин залуусын идэвх санаачилгыг орон нутгийн удирдлага дэмжиж, “Төмөр замчдын ногоон төгөл” байгуулахад шаардлагатай 10 га газрын зөвшөөрлийг албан ёсоор өгч байгаагаа  мөн үеэр илэрхийлсэн. Түүнчлэн, тус төглийн эсрэг талд буюу төмөр замын зүүн жигүүрт 30 га газарт Багахангай дүүрэг өөрийн хөрөнгөөрөө амралт, зугаалгын цогцолбор барихаар төлөвлөснөө ч дуулгалаа. Ийнхүү төмөр замчид, орон нутгийн засаг захиргааны хамтын хичээл зүтгэлээр зам дагуу алжаал тайлах зориулалт бүхий эко орчин бүрдэх нь. Тус төгөлд  2012-2022 онд найман төрлийн 2500 мод тарьсан бол 2023-2029 онд мөн төрлийн 10070 мод тарьж 2030 он гэхэд 12570 модтой төмөр замчдын ногоон төглийг бий болгох зорилт тавьжээ.