Залуучууд бодлого зорилтоо хэлэлцэн батлав

 

УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага энэ сарын 22-нд IV чуулганаа зохион байгууллаа. Залуучуудын төв байгууллагын үндсэн дүрмээр хоёр жил тутамд нэгдсэн чуулганыг зохион байгуулж, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ сонгодог журамтай. ЗТБ өнгөрсөн хоёр жилийнхээ ажлын дүгнэж, Хяналтын зөвлөлийнхөө санал зөвлөмжийг сонсохын зэрэгцээ шинэ удирдлагын бүрэлдэхүүнд нэр дэвшигчид ирэх хоёр жилд хэрэгжүүлэх бодлого зорилтоороо өрсөлддөг билээ. Төмөр замчин залуусын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сургалт хөгжил, хамтын ажиллагааг дэмжих,  тогтвор суурьшлыг хангахад өндөр ач холбогдолтой энэхүү чуулга уулзалтад Замын удирдлага өндөр ач холбогдол өгч, дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсний хувьд чуулганы хүндэт зочноор оролцон амжилт хүсч, цаашид ч залуусынхаа хүсэл зорилгыг тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч М.Даваадалай, УБТЗ-ын Ахмадын холбооны дарга Ю.Идэрчулуун, JCI Монгол байгууллагын дэд ерөнхийлөгч Б.Онон, Монголын социал демократ залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан нарын  зочид баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн “Иргэний нисэхийн залуучуудын холбоо”, “Монголын авто замчин залуучуудын холбоо” зэрэг залуучуудын байгууллага, “Монголын төмөр зам”, “Таван толгой төмөр зам”, “Бодь интернейшнл”, “Инкон” зэрэг тээврийн салбарын  байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, амжилт хүссэн юм.

 

 

Одоогоос найман жилийн өмнө шинэчилсэн бүтцээр зохион байгуулагдаж байсан тус зөвлөл өнгөрсөн хугацаанд залуучуудын байгууллагаа чадавхжуулах, хүний нөөцөө бэлдэх, сургах, үйл ажиллагаагаа жигдрүүлэх гээд олон сорилт шалгууртай тулж байсан ч УБТЗ-ын удирдлагын дэмжлэг, залуусын нэгдмэл зорилгоор тууштай ажилласан учраас энэ хэмжээнд хүрч чадсан гэдгийг онцолсон юм. Цаашлаад тус байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлэхэд хангалттай хэмжээний эв нэгдлийг бүтээж чадсан бөгөөд улам олуулаа, улам хүчирхэг болох нь чухал байгааг удирдлагын багийнхан онцолж байлаа. Түүнчлэн энэ удаагийн чуулганд оролцогчдын 68.8 хувь нь анх удаа төлөөлөгчөөр сонгогдсон шинэ залуус байсан бөгөөд тэдний  хувьд шинэ арга барил, шинэлэг шийдэл, удирдлага суурьтай бус өөрсдийн оролцоо төвтэй хөгжлийг хүсэж буйгаа ч дурдсан билээ.

2024-2026 онд УБТЗ-ын залуучуудын төв байгууллагыг А.Энх-Амгалан толгойлж, 10 дэд тэргүүн, Хяналтын зөвлөлийнхөө хамтаар залуус руу чиглэсэн төлөвлөгөө зорилтоо хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.