Нүүр Дугаарын сурвалжилга Залуу дарга, залуу манлайлагч
Дугаарын сурвалжилга

Залуу дарга, залуу манлайлагч

G.Press 2 сарын өмнө 86 үзэлт 0 сэтгэгдэл

 

Түүнийг Батаагийн Амгалан гэдэг. Дархан-Уул аймагт төрж өссөн. Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод орлогч даргын албан тушаал хашдаг. Аав, ээж хоёр нь төрийн албанд ажилладаг байсан ч хүүгээ төмөр замчин болгохыг хүсэж, шахамдуулдаг байжээ. Тухайн үед төмөр замын мэргэжил ид эрэлт хэрэгцээтэй байсан тул аав, ээжийнхээ хүсэлтийн дагуу шалгалт өгөөд тэнцэж 2010 онд ОХУ-ын Эрхүү хотод хэлний бэлтгэлд нэг жил суралцаад Омск хотын Зам харилцааны их сургуульд элсэн орж, Хөдлөх бүрэлдэхүүний инженер мэргэжлээр таван жил суралцаж, төгсжээ.

Сургуулиа төгсөөд 2017 онд Замын даргын тушаалаар Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод засварчнаар ажилд орсон ажээ. Удалгүй ахлах засварчин, улмаар зааварлагч, мастераар ажиллаж байгаад техникийн хэлтэст инженерээр томилогдов. Сүүлд нь техник хэлтсийн даргаар хоёр жил ажиллаад 2020 оноос депогийн орлогч даргаар томилогдсон байна.

Б.Амгаланг анх ажилд ороход багш, шавийн гэрээ байгуулж, гурван сар засварчны дагалдангаар ажиллуулжээ. Дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй, их юм сонсож мэдсэн, толгой сийрэг учраас бусдаасаа арай л өөр байсан гэнэ. Тэр тусмаа их л  хөдөлгөөнтэй хүү байсан тул удирдлагуудын анхааралд өртөж, удалгүй ахлах засварчин болжээ.

Түүнийг анх ажилд орох үед төмөр замд вагоны мэргэжилтэн дутагдалтай, хүний нөөцийн хомсдолд орсон, инженерүүдийн сул орон тоо нэлээн гарчихсан үе байжээ. Дээр нь 2019 оноос Ковид19 цар тахал дэгдсэн эгзэгтэй үе ч таарчээ. Гадаадад сургууль төгссөн болохоор ажлын бус цагаараа бусад инженерүүддээ орчуулга хийж өгч, их дээд сургуульд сурч байгаа ажилтнуудынхаа бие даалтыг хийж өгдөг байжээ. Үүнийг анзаарсан удирдлагууд нь түүнийг инженерээр дэвшүүлэхдээ сургалтын инженерийн албан тушаалд томилжээ.

Омскийн Зам харилцааны их сургуульд сурч байхдаа оюутны зөвлөлийн гишүүн гээд сонгуульт ажилд нэлээн оролцож, нүүр хагарч, хэл яриа нь ч зүгширчихсэн байсан тул сургалтын инженерийн ажлыг түвэгүйхэн хийж гүйцэтгэж байв. Иймд түүнийг  мэргэжлийн чиглэлийн дагуу дараагийн инженер рүү нь дэвшүүлье гэж удирдлагууд нь шийдсэн байна. Ингээд инженерийн хувьд гагнуур, үл эвдэх сорил, хос дугуйн чиглэлээрээ мэргэших болжээ.

Улмаар техник хэлтсийн даргаар томилогдох үед Ачааны вагон засварын депод шинэ бүтээн байгуулалт өрнөж, хос дугуйн засварын цех, шинэ викийн цехийн барилга байгууламж баригдахаар болж, гар зургаас нь эхлээд л бүхий л бүтээн байгуулалтад оролцох болжээ. Энэ их нүсэр ажилд баг хамт олноо удирдан хоёр жил ажиллажээ. Техник хэлтэс гэдэг бол тухайн байгууллагын уураг тархи нь байдаг учраас түүнээс залуу хүний манлайллыг их шаардаж байв.

Б.Амгалангийн хичээл зүтгэлийг үнэлээд байгууллагын удирдлага, замын албанаас нь дэмжиж 2020 онд түүнийг Ачааны вагон засварын депогийн орлогч даргын тушаалд дэвшүүлэн томилжээ. Үүнээс хойш нэг мэдэхэд орлогч даргаар дөрвөн жил ажиллачихсан, дараа үеийн залуучуудаа бэлтгэх, тэдэнд заавар зөвлөгөө өгч, хазгай гишгэвэл тусалж дэмжих хэмжээнд хүрсэн байлаа.

Анх Хос дугуйн засварын цехийн бүтээн байгуулалтыг эхлэх суурийн нүх ухах гээд ид өвлийн хүйтэнд хөлдүү газраа гэсгээхээр өдөржин шөнөжин гал түлж, манаж хонож байсан нь саяхан мэт санагдана. Өглөө нь газар шорооныхоо ажилд шууд орж, үргэлжлүүлэн ажиллана. Хүмүүсээ даарч хөргөхгүй, өлсгөж цангуулахгүй, урам зоригийг нь мохоочихгүйн тулд арга эвийг нь олох гэж их хичээнэ. “Ингэж ажилласан үед л хамт олон нягтардаг юм билээ. Бие биенээ улам ойлгож, харилцан хүндэтгэж, тусалж дэмжинэ. Хонон өнжин олон хоног хамт байхдаа ах нараасаа олон зүйл сонсож, дуулна. Тэдний дурсамжтай бөгөөд сургамжтай  ярианаас байгууллага хамт олныхоо үүх түүхийг сонсож, ажлын арга барилаас нь суралцаж, шинэ мэдлэг, эрч хүчээр цэнэглэгдэж байсан” хэмээн Б.Амгалан дурслаа.  

Хос дугуйн эмхэтгэх цехийг барих үеэр оросоос мэргэжилтнүүд ирж амжаагүй, ямар ч сургалт, зөвлөгөө авч амжаагүй байтал Ковид19 цар тахал гарчихжээ. Иймд оросуудтайгаа онлайнаар холбогдож зөвлөгөө авч, технологийн сурах бичгийг нь инженерүүдтэйгээ хамт орчуулж, бүх тоног төхөөрөмжөө өөрсдөө суурилуулсан байна. Барилга, барилгын материалын талаар юу ч мэдэхгүй, дэд бүтцийн талаар ямар ч  ойлголтгүй байсан Б.Амгалан сүүлдээ барилгачин шахуу болчихсан тоног төхөөрөмж суурилуулах талбайгаа миллиметрийн ч зөрүүгүй цутгаж, тэгшлээд, доогуур нь цахилгааны болон бусад шугам хоолойг зураг төслийнх нь дагуу гаргаж, холбох  хэмжээнд хүртэл ажиллажээ. Өмнө нь зөвхөн вагон засварын талаар боддог байсан бол одоо бүх зүйлийг том зургаар нь аж ахуйн байгууллага гэдэг үүднээс харж хийдэг болсон нь түүнд их урам зориг өгчээ.

Өнөөдөр Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн Эмхэтгэн эвлүүлэх хос дугуйн цехэд өнхрөх холхивчийг суулгахын зэрэгцээ, өнхрөх холхивчийн нэг ба хоёрдугаар зэрэглэлийн  бүх засварыг хийж, кассетан гүүшин суулгаж байна. Өөрөөр хэлбэл, хос дугуйг бүхэлд нь угсарч байна. Энэ бүх үйл ажиллагааг ерөнхий инженерийн хувьд Б.Амгалан удирдлагаар шууд ханган ажилладаг. Одоо тус цехэд хайрцган гүүшинг задлах, засварлах технологийг сонгож нэвтрүүлэх гэж байгаа. Ингэснээр энэ засварыг зөвхөн үйлдвэрлэгч компанид нь буцаж явуулж хийлгэдэг байсан бол Монгол Улсдаа бүрэн хийх боломж бүрдэх юм.

Б.Амгалан эхнэр, охины хамт амьдардаг. Түүний эхнэрийг Бямбацогтын Нинжбадар гэдэг. Тэрбээр тус депод их барилга хариуцсан инженерээр ажилладаг. Хоёулаа хамт ажилладаг болохоор бие биенээ сайн ойлгож, дэмждэг ажээ. Тэд оюутан байхдаа танилцаж гэр бүл болсон байна. Эхнэр нь хоёр жилийн өмнө сургуулиа төгсөж ирээд тус депод ажиллаж байв.   

Б.Амгаланг төгсөөд ирэхэд Улаанбаатар ТҮГ-т хуваарилсан байна. Мань хүн Вагоны аж ахуйн албаны Л.Болд дарга руу “Би Зүүнхараад ажилламаар байна” гэх өргөдөл барьж оржээ. Л.Болд дарга “Чи ямар сонин хүүхэд вэ? Хүүхдүүд хотод үлдье гэж гуйдаг байтал чи хөдөө явъя гэх юм. За яахав, би чамайг дэмжинэ гэжээ. Тэр өдрөө Зүүнхараад ирж тушаалаа үзүүлж ажилдаа орсон гэнэ.   

“Би тав зургаан жил ажиллаад л орлогч даргаар дэвшсэн. Төмөр замд хамгийн чухал зүйл ажлын хариуцлага гэж боддог. Өөрийнхөө удирдлагад ажиллаж байгаа олон хүний хийж бүтээснийг үнэлж, дүгнүүлнэ, тэрийг хамгаална, эргээд тэр хүмүүст урам зориг өгч, зааж, чиглүүлнэ гэдэг надад анх хэцүү л байсан. Одоо яах вэ? Аандаа  хийгээд сурчихаар бас нэг гарт орно гэдэг шиг л болж байна. Хамгийн сайхан нь олон хүнтэй харьцана гэдэг сайхан. Манай депо 10 цех тасагтай. Үүнээс долоон цех тасгийг би шууд удирдлагаар хангадаг. Нийт 200 гаруй хүнийг шууд удирддаг гэсэн үг. Энэ олон хүнтэй ажиллана гэдэг аль аль талдаа зөвлөж, дэмжиж, асууж, лавлаж, олон зүйлд анхаарал хандуулна гэсэн үг. Тэр бүхнийг шийдвэрлэхийн тулд хүмүүстэйгээ, ажилтнуудтайгаа, мастеруудтайгаа, хамт олонтойгоо зөвлөлдөнө. Энэ нь надад сайхан байдаг.  Түүнээс биш ганц өөрийнхөөрөө бодоод байвал тэр их ажлыг би дийлэхгүй. Миний ажлын гол арга барил, онцлог гэвэл хүнтэй ярьж, асуудлыг мухарлахыг бодно. Нэг юм бариад авбал мухарлана л гэж үзэхээс дундаас нь ер нь хаяхгүй дээ. За тэгээд нэг юм санаандаа авчихвал бас мартахгүй. Тэр бодсон зүйлээ байнга ой тойндоо бодож, тэмдэглэл сайн хөтөлнө. Тэгэж чекэлж тэмдэглээд биелсэн ажлаа арилгаад, биелээгүй ажлаа дараа жилийнхээ төлөвлөгөөнд оруулна. Ингэж дараа дараагийн төлөвлөгөөгөө боловсруулдаг” гэж Б.Амгалан ярьлаа.

Түүний анхны багш нь засварын цехийн ахлах Ганхуяг гэж залуу байжээ. Тэрбээр залуу хүний манлайлал өндөртэй, дуулбал дуулчихна, барилдвал барилдчихна. Урлаг, спортоор өрсөлдөхөд ямагт нэгдүгээрт жагсдаг бусдад маш өндөр шаардлага тавьж, чанга үздэг хүн байжээ. За энийг ойлгочихоод ир, маргааш надтай уулз. Хэрэв тэгэхгүй бол би чамд ажил өгөхгүй” гэдэг байжээ. Тэрбээр техник сэтгэлгээтэй, мэдлэг сайтай, ШБАЗ их гаргадаг, мундаг багш байсан гэнэ. Б.Амгалан ч багшаасаа их зүйл сурчээ.  

Энэ жилийн ШБАЗ-ын уралдаанд Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн инженер техникийн ажилтнууд хос дугуйны голын рейсийг шавж сэргээх технологийг нэвтрүүлсэн туршилтын ажлаараа өрсөлдөхөөр зэхэж байна. Тэд үндсэн  туршилтын ажлаа хийж дуусгаад одоо жигдрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Өмнө нь энэ ажлыг манайх Төв засварын үйлдвэрээр хийлгэдэг байжээ. Зүүнхараагаас зөөж авчирна, зардлын мөнгө их гарна, цаг хугацаа ч нэлээн шаардагдана. Одоо өөрсдөө Зүүнхараадаа хос дугуйтай хамаатай бүх засвараа хийхээр зорьж байна. Энэ бол их том төсөл. Үүнийг дагаад санхүү эдийн засгийн хувьд их хэмнэлт гарах учиртай.

Б.Амгалан үндсэн ажлынхаа хажуугаар Зүүнхараа зангилааны залуучуудын байгууллагын тэргүүнээр ажилладаг. 2022 оны дөрөвдүгээр сард болсон Залуучуудын IV чуулганаас салбар зөвлөлийн тэргүүнээрээ сонгожээ. Тус депогийн 330-350 ажилтны бараг 50-70 хувь нь залуучууд. Аливаа үйл ажиллагаанд залуучуудын оролцоо маш сайн байдаг. Энэ нь гишүүд нэг дор суурин ажилладаг, Залуучуудын зөвлөлөөс зохион байгуулж байгаа төрөл бүрийн сургалт, уулзалт, урлаг, спортын уралдаан, тэмцээн нь гишүүдийнхээ сонирхолд нийцэж байгаатай холбоотой. Залуучуудын зөвлөлөөс гишүүдээ үйл ажиллагаанд жигд оролцуулдаг болгоё, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлье, зөв дадал, хэвшилтэй болгоё гэсэн зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн залуучуудыг санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, сургагч багш болох хэмжээнд чадавхжиж, дараа дараагийн карьер төлөвлөлтөө хийх хэмжээнд хүртэл хөгжүүлэхээр зорьж байгаа ажээ.

Сүүлийн жилүүдэд “Гурван үеийн уулзалт” тогтмолжиж, залуучуудын оролцоо нэмэгдэж байна. Өмнө нь энэ уулзалтад оруулах гэж залуучуудаа нэлээд шахаж, шаарддаг байж. Одоо зар тавингуут л  “Би орно шүү” гэцгээх болсон нь маш эерэг хандлага юм.

“Одоо залуучууд маань зохион байгуулагдаж байгаа бусад олон арга хэмжээнд илүү идэвхтэй оролцож байгаасай, өөрсдийгөө шинээр нээж харуулаасай гэж хүсэж байна. Манай депод өндөр ур чадвартай залуус олон бий. Тэд анхнаасаа хүний өмнө ил гарч үзээгүй, ичиж эмээдэг, түүнээсээ болоод олон юмны ард үлдэж хоцордог дутагдал байна. Иймд залуучууддаа хандаж идэвхтэй байхыг уриалж байна“ гэж Б.Амгалан хэллээ.

 

Г.Энхбаатар

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.