УБТЗ-д Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-нд ойн нэрэмжит, урт бүрэлдэхүүнт, хүнд жинтэй 2652 дугаар галт тэргийг аялууллаа. Тус галт тэрэг нь 2ТЭ25КМ 638 серийн илчит тэрэг, 65 вагоны бүрэлдэхүүн, 260 голтой,6027 тонн ачаатайгаар Улаанбаатар-Замын-Үүд хооронд амжилттай аялсан бөгөөд машинчийн бригадад Улаанбаатар татах хэсгийн 11 дүгээр цувааны хамгийн залуу зааварлагч машинч Н.Эрдэнэ-Очир, машинч Т.Азжаргал, туслах машинч Б.Тэмүгэ нар ажилласнаараа онцлогтой байв. Улмаар Толгойт өртөөний долдугаар замаас арваннэгдүгээр сарын 27-ны 17.00 цагт хөдөлсөн дээрх галт тэргийг Сайншанд татах хэсгийн залуу зааварлагч машинч Г. Саруул-Од, машинч Б. Болдбаатар, залуу туслах машинч Т. Сайнтөгс Сайншандаас Замын-Үүд-2 өртөө хүртэл амжилттай аялуулж, зорьсон газарт нь хүргэлээ. Нэрэмжит галт тэргийг Захиран хуваарилах хэлтсийн хоногийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгаж, Толгойт өртөөний ээлжийн жижүүр, холбогч найруулагчид бэлдэн аялуулсан юм.
Энэ талаар ХЗЭ-ийн эвлэлийн ахмад ажилтны холбооны тэргүүлэгч Н.Баавгай “Одоогоос хэдхэн жилийн өмнө УБТЗ-ын түүхэнд анх удаа Багануур-Улаанбаатар хооронд 8000 тонн жинтэй, урт бүрэлдэхүүнт галт тэргийг аялуулж байсан. Энэ бол богино зайнд аялуулсан үзүүлэлт. Гэтэл залуус маань энэ удаад Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд хооронд огтхон ч түүртэх зүйлгүйгээр ойн нэрэмжит урт бүрэлдэхүүнт, хүнд жинтэй галт тэргээ амжилттай аялууллаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр орчин цагийн залуус маань техникийн мэдлэгийн хувьд болоод ур чадварын хувьд маш сайн байна. Одоо ашиглаж байгаа техник нь ч хүчирхэг юм. Жишээ нь, бидний үед ашиглаж байсан ТЭ2 серийн илчит тэрэг долоон позиц(араа)-той, М62 серийн илчит тэрэг 12 позиц(араа)-той байлаа. Гэтэл өнөөгийн залуу машинчдын маань жолоодож байгаа 2ТЭ25КМ 638 серийн илчит тэрэг 15 позицтой, Улаанбаатараас-Замын-Үүд хүртэл ганцхан зэхэлтээр явж байна. Энэ бол яах аргагүй техникийн дэвшил юм гэж ахмад төмөр замчны хувьд дүгнэж, бас бахархаж байна” гэв.