Нүүр Дугаарын сурвалжилга Хүүхдүүдийн хайртай багш
Дугаарын сурвалжилга

Хүүхдүүдийн хайртай багш

G.Press 2 жилийн өмнө 158 үзэлт 0 сэтгэгдэл

 

     “Хүүхэд бүхнийг аз жаргалтай болгож л байвал миний энд байгаагийн хэрэг бүтэж байгаа нь тэр. Миний хүсэл  энэ л дээ” хэмээн ярих бүсгүйг Бүдээгийн Мөнхчулуун гэдэг. УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Солонго” цэцэрлэгийн дуу хөгжмийн багш тэрбээр улсад 18 жил ажилласны 15 жилд нь сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллажээ. Үүнээс есөн жилийг төмөр замчдын хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэх үйлсэд зориулсан байна. Тодруулбал, “Солонго” цэцэрлэгийг 2015 онд үүдээ нээж, өрхөө татахад дуу хөгжмийн багшийн сонгон шалгаруулалтад тэнцэж, энэ хамт олны нэг гишүүн болсон гэлээ.

Ер нь, төмөр замын цэцэрлэгүүд өөр өөрийн гэсэн онцлогтой, сургалтын хөтөлбөртөө ямар нэгэн чиглэлийг тэргүүлэх чиглэлээр явдаг. “Солонго” цэцэрлэгийн хувьд хүүхдүүдийн авьяас билгийг нээх, дуу хөгжим, бүжгээр хүүхдийг хөгжүүлэхийг зорьдог аж. Тиймээс энэ цэцэрлэгийн багачууд улсын чанартай томоохон уралдаан тэмцээнд амжилт үзүүлдэг юм билээ. Ялангуяа, “Бяцхан мисс”-ийн тэмцээнд тус цэцэрлэгийн охид амжилт гаргадгийн цаана Б.Мөнхчулуун багшийн хичээл зүтгэл бий.

“Манай цэцэрлэгийн онцлог нь жил болгон Улс тунхагласны баяраар “Би бүжиглэж чадна” наадам зохиодог. Энэ наадамд цэцэрлэгийн маань бүх хүүхэд оролцдог. Энэ наадамд оролцсоны дараа хүүхдүүд өөртөө маш итгэлтэй, баяр хөөртэй болж байгаа нь ажиглагддаг. Хүүхдүүд бүжгийн хувцсаа өмсөөд л нүд нь гэрэлтээд ирдэг. Монгол үндэсний хувцасны талаар мэдлэгтэй болж, Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэгдэл тэдэнд төрдөг. Тэгж бодохоор урлаг бол хүүхдийг хөгжүүлдэг, бас урлагаар дамжуулан хүүхдэд маш их мэдлэг чадварыг суулгадаг. Манай тайзыг хараач /Солонго цэцэрлэгийн хөгжмийн танхимын тохой хэрийн өндөртэй бяцхан тайзыг заагаад/. Энэ тайзыг эрхлэгчдээ хүсэлт тавьж байж хийлгэсэн юм. Тайз гэдэг хэзээ ч багаддаггүй. Урлагийн алтан тайз ямар их ид шидтэй гэж санана. Тайзан дээр гарч, дуу дуулж, бүжиг бүжиглэж, хөгжим тоглож байгаа хүүхэд өөрийгөө илэрхийлэх маш их чадварыг олж авдаг. Тайзан дээр гараад л шал өөр болдог.Урлагийн тайз гэдэг маш гайхамшигтай мэдрэмжийг төрүүлдэг. Манай хүүхдүүд тайзан дээрээ гарах маш дуртай. Би тайзан дээр гараад дуулж байхдаа маш их аз жаргалыг мэдэрдэг. Тэр аз жаргалыг би шавь нартаа мэдрүүлэхийг хүсдэг” хэмээв.

Б.Мөнхчулуун багш өөрөө урлагийн хүн болох мөрөөдөлтэй охин байж.Балчир насны тэр мөрөөдлийхнээ тухай  “Би Өмнөговь аймгийн төвд төрж өссөн. Хоёр эгч, хоёр ах, хоёр дүүтэй айлын дунд охин. Бага байхын дуулж, бүжиглэх дуртай. Сургуулийн урлаг, спортын тэмцээн уралдааны гадна үлдэнэ гэж байхгүй.

Миний төрсөн аав МУАЖ Цэрэнгийн Цэрэндорж гэж морин хуурч, ерөөлч, магтаалч Төрийн хан хуурч хүн бий. Ээж минь сайхан дуулдаг хүн байсан. Хэрэв би хөгжмийн багш болоогүй бол дуучин болох байлаа.

Намайг наймдугаар ангид сурч байхад Өмнөговь аймгийн театрт Соёл гэгээрлийн дунд сургуульд хүүхдүүд шалгаруулж авахаар хүмүүс ирлээ гэх сургаар явж очлоо. Сум болгоноос шилдгийн шилдэг гэсэн хориод хүүхэд багш нартайгаа ирчихэж . Тэднээс ердөө хоёрхон хүүхэд шалгаруулж авна гэнэ. Аав ээж, эгчдээ ч хэлсэнгүй. Эгч маань Өмнөговь аймгийн театрт дуучин. Гэхдээ хэнд ч хэлэлгүй очиж шалгуулаад Номгоны нэгэн охинтой хамт тэнцэж байлаа. Тэгээд Соёл гэгээрлийн сургуульд суралцаж, дуу хөгжмийн багшаар төгссөн. Төгсөөд нутагтаа очоод театрт хоёр жил дагалдан дуучнаар ажилласан.

Түүний дараа Мюзикхоллд хоёр жил суралцаад, үргэлжлүүлэн “Харцага” КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд дуучин болох маш их хүсэл байсан ч хүүхдүүд минь бага байсан учраас арга буюу хүсэл мөрөөдлөө хойш тавиад ээжийн үүрэг хариуцлагаа эн тэргүүнд тавьсан даа. Оюутан байхад багш минь намайг “Чи яг Долгор шиг дуучин болно доо” гэдэг сэн.

Би нөхөртөө “Намайг алтан тайзнаас буулгасан хүн чи шүү” гэдэг юм. Намайг Мюзикхоллд сурч байхад нөхөр маань Цагдаагийн академи төгсөөд Зүүнхараа руу томилогдсон. Нөхрөө дагаад явахаас аргагүй. Тэгээд ирж очин байж байгаад сургуулиасаа жаахан завсардчихсан. Бакалаврын дипломтой болохын тулд “Харцага” КУДС-д жүжигчний мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж төгссөн. Г.Эрдэнэтунгалагтэй хамт дуулдаг Т.Батсайхан манай нутгийнх. Бид хоёр Өмнөговийн театрт дагалдан дуучин байлаа. Сүүлд Т.Батсайхан маань таараад “Чи юу хийж байгаа юм бэ. Дуучин болох ёстой хүн шүү дээ” гээд зэмлэж л байсан.

Анх 2009 оноос Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгээс багшийн ажлын гараагаа эхэлж,дараа нь Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгтзургаан жил ажилласан.Хүүхдүүдтэй ажиллах надад хэцүү байгаагүй. Харин ч хайр татам хөөрхөн хүүхдүүдэд дуу, бүжиг заах маш их таалагдсан. Тэр үеэс багшийн ажилдаа дурласан даа. Цэцэрлэгийн багш гэдэг маш завгүй ажил. Өглөө гараад орой л гэрийн бараа харна. Нэг л мэдэхэд 18 жил өнгөрсөн байх юм” гэв.

Таныг би “Бяцхан мисс” тэмцээний титмийн эздийн багш гэж сонссон шүү гэхэд нүд нь гэрэлтэж “Тиймээ, 2009 оноос хойш “Бяцхан мисс” тэмцээнд хүүхдүүд бэлтгэж эхэлсэн. Шавь нар минь одоо урлагийн тайзнаа од мэт гялалзаж явна. 2015 оны мөнгөн титмийн эзэн, Хүүхдийн ордны алтан медальт охин маань одоо загвар өмсөж байгаа.2017 оны мөнгөн титмийн эзэн тэргүүн Ц.Мичидмаа маань “Аз жаргал” киноны гол дүрд тоглосон.Ц.Мичидмаа, Г.Сарангоо хоёр маань ОУ-ын “Бяцхан мисс” тэмцээнээс алтан титэм хүртэж, Борхулан маань дэд миссээр шалгарч байлаа. Манай цэцэрлэгээс,тэр дундаа төмөр замчдын маань охидоос Б.Номин-Эрдэнэ маань 2017 оны “Бяцхан мисс” тэмцээний “Дууч бяцхан од” номинацийн шагнал, Хүүхдийн ордны алтан медаль хүртсэн.

М.Мөнхжин маань 2018 оны “Бяцхан мисс” улсын уралдааны “Авьяаслаг бяцхан мисс” номинацийн эзэн, Хүүхдийн ордны алтан медаль хүртсэн.  Энэ охин маань одоо балетаар хичээллээд, ОУ-ын тэмцээн уралдаанд амжилт гаргаж байгаа. Шавь нар минь урлагийн тайзнаа амжилт үзүүлж байгаа нь надад шагнал юм даа.

Манай цэцэрлэг “Хөгжмийн хэмнэлээр наадъя” арга хэмжээ зохион байгуулдаг. Бүх хүүхэд хөгжмийн энгийн зэмсгээр хэмнэл цохьж сурдаг. Манай төгсөгчид дийлэнх нь ЕБ-ын 20, 38 дугаар сургуульд орж, сургуулийнхаа урлаг, спортын төрөлд дандаа тэргүүлдэг шүү” гэж шавь нарынхаа тухай ярихдаа “Манай”, “Миний” гэх тодотголыг заавал дурдана. Нэг тийм өөриймсөг, хайр дүүрэн үгс түүнээс харамгүй ундрах аж. Ярьж суухдаа зарим онцгой шавь нарынхаа тухай ярихдаа, нулимс унагах аж. Ингэж сэтгэл зүрхээрээ нялхамсах энэ багш бүсгүйн сэтгэлийн гүнд урлагийн алтан тайзнаас холдсон том орон зай хоосон үлдсэн ч шавь нараараа дамжуулан өөрийнхөө хүсэл мөрөөдлийг нарны цацраг мэт түгээж яваадаа гэх сэтгэлээр бялхаж явдаг бололтой.

“Хүүхэд болгон хөөрхөн харагдсан цагт та багш болжээ гэж бодоорой” гэдэг үг бий. Надад хүүхэд болгон хөөрхөн харагддаг. Шавь минь гүйж ирээд “Хайртай шүү” гээд тэврэх ямар хөөрхөн гэж санана. Надаас гарсан хайр эргээд надад ирж буй нь тэр юм болов уу гэж боддог.

Тэрбээр, хоёр хүүтэй аж. Хоёр хүү нь ээжийнхээ авьяасыг өвлөж аль аль нь дуулдаг гэнэ. Том хүү нь энэ жил ЕБС-аа төгсөөд гадаад руу сургуульд явахаар болжээ. Харин бага хүүгээ эргэлт буцалтгүй урлагийн хүн болно гэдэгт итгэлтэй байна билээ. “Миний хүү ээжийнхээ хүслийг гүйцээж урлагийн хүн болоорой” гэдэг хэмээв.Бага хүү нь одоогоор хэд хэдэн дуу хийчихсэн. Зарим дуугаа өөрөө дүрсжүүлчихсэн байгаа гэнэ.

Эцэст нь, Б.Мөнхчулуун багш “Миний хувь тавилан юм байлгүй. Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадалгүй алтан тайзнаас холдсон ч айл гэрийн бурхад, сахиусан тэнгэрүүдтэй л ажиллах аз жаргалыг би харамгүй хүртэж явна” гээд инээмсэглэв.

Тэрбээр, завгүй ажлынхаа хажуугаар үргэлж сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн хүн юм. Энэ жил Боловсролын удирдлагаар магистрийн зэрэг хамгаалжээ. Тэргүүлэх зэрэгтэй энэ багшийн энгэрт “Боловсролын тэргүүний ажилтан”, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг ихэрлэн гэрэлтэх нь зүрх сэтгэлийнх нь илэрхийлэл гэж бодогдлоо.

 

Б.Гүнжинлхам 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.