Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос “Логистик Форум-2024” уулзалт зөвлөгөөнийг гурав дахь жилдээ энэ сарын 15-нд МҮХАҮТ-д зохион байгууллаа. Уг форумд Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Зам тээврийн яам, МҮХАҮТ, “МТЗ” ТӨХК, УБТЗ ХНН тэргүүтэй төр хувийн хэвшлийн төмөр замын байгууллагууд, тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд оролцлоо. Түүнчлэн, авто зам, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТӨХК болон хувийн хэвшлийнхэн, судалгааны баг, банк санхүү, олон улсын байгууллагын төлөөллүүд, Беларусь, БНХАУ-ын зочид оролцож өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн юм. Форумыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нээж оролцогчдод мэнд хүргээд “Форумд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, БНХАУ, Беларусь улсаас ирсэн аж ахуй нэгжийн төлөөлөгчдөд талархал илэрхийлье. Энэ форум нь гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүн зорилт болох “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар бүрэн холбоно. Мөн тээвэр логистикийн үйл ажиллагааг дээшлүүлэх, ачаа тээврийг нэмэгдүүлэх, цаашлаад транзит улс болох нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт 2650 км хатуу хучилттай авто зам, 4600 км төмөр замын бүтээн байгуулалтыг тусгаж, шинээр 11 боомтыг авто замаар, дөрвөн боомтыг төмөр замаар холбох зорилт тавьж ажиллаж байна. Боршоо, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх цогцолборыг бүрэн ашиглалтад оруулсан. Цаашид 2025 онд Бичигт, Хавирга, Цагааннуур, Булган боомтын шалган нэвтрүүлэх цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангасан. “Хурдтай хөгжлийн зориг” уриатай хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тээвэр, логистикийн салбарт хэрэгжүүлэх олон зорилт тусган, логистикийн төв цогцолборыг барьж, байгуулах үндэсний тээвэр логистикийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх асуудлыг тусгасан. Давуу тал, боломжоо хослуулж чадвал тээвэр логистикийг дэмжсэн төслийн үр дүнд тээвэрлэлтийг хурдасгах, хотуудын холболтыг хийн бүсчилж хөгжүүлэх, худалдааны зардлыг бууруулах, улмаар Монгол Улс транзит орон болох суурь нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн, манай орон БНСУ-ын Сангийн яам, Худалдаа хөрөнгө оруулалтын агентлагтай хамтран Алтанбулаг тээвэр логистикийн төв байгуулах, урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах, техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь Ази, Европыг холбосон бүс нутгийн логистикийн төв байгуулах, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэхэд нэг шат ахисан төсөл хэмээн үзэж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс 68 сая тонн нүүрс экспортлоод байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад 25.36 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт нүүрсний тээврийн 62.3 сая тонн буюу 91.5 хувийг авто тээвэр, 2.1 сая тонн буюу 3.1 хувийг төмөр зам, 3.6 сая тонн 5.4 хувийг автомат удирдлагатай жолоочгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсын бүх төрлийн тээврийн орлого энэ оны эхний хагас жилд 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 693.6 тэрбум төгрөг буюу 24.8 хувиар өсжээ. Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр энэ оны эхний хагас жилийн байдлаар 55.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 6.4 сая тонн буюу 12.9 хувиар өссөн байна. Тээврийн төрлөөр нь авч үзвэл, авто тээврээр 9.9 сая тонн, төмөр замаар 0.5 сая тонноор тус тус өсжээ. Монгол Улсын эдийн засаг эхний хагас жилд 5.6 хувиар өссөн зэрэг мэдээллийг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга өглөө. Мөн “Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн терминалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг амжилттай явуулсан. Цаашид эдгээр боомтын ачаа тээврийн терминалыг 24 цагийн горимоор ажиллуулахаар БНХАУ-ын Боомтын үндэсний хороотой хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Тээвэрлэлт нь авто зам, төмөр зам, төмөр замын дэд бүтцийн хөгжил, түүний гарц, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нь логистикийг үйлчилгээний мөн чанараар тодорхойлогддог. Монгол Улсын хувьд төмөр зам, авто замын дэд бүтцээ сайжруулах, хилийн гарцыг нэмэгдүүлэхэд хуурай боомтыг хөгжүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдана. Тээвэр логистикийн салбар дахь дижитал шилжилт, хиймэл оюун ухаанд тулгуурласан өртгийг багасгаж үйлчилгээг хөнгөвчилсөн үр өгөөжтэй үйл явц юм. Энэ нь, тээвэр логистикийн бизнесийн цоо шинэ модель байхаас гадна, дижитал буюу цахим тээвэр логистикийн салбарын хөгжлийн нэг шинэ эрин үе гэж үзэж байна. Хүний оролцоогүй автомат удирдлагатай тээвэр логистикийн системийг хөгжүүлж, хил дамнасан автомат удирдлагатай ухаалаг тээврийн системийг Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомт дээр нэвтрүүлсэн нь Монгол Улсдаа анхдагч юм” гэлээ.
Түүнчлэн, форумд оролцогчид Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хэтийн төлөв, тээвэр логистикийн байдал, боомтын хөгжил, банк санхүүгийн боломжит үйлчилгээ зэрэг сэдвээр илтгэлүүд хэлэлцүүлэв. УБТЗ ХНН-ээс Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагай, Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Сарангэрэл нар оролцож УБТЗ-ын ачаа тээврийн үзүүлэлт, бүтээн байгуулалт, ажил үйлчилгээ, бусад төмөр зам хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Мөн энэ үеэр “Монложистик Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Монложистик транзит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэлэнгэд “Дэлхийн 147 орон “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн байдаг. Эдгээр улс орны хүн амын тоогоор авч үзвэл дэлхийн хүн амын 2/3 байна. Харин манай улс энэ санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн, хэрэгжихээр зэхсэн төсөл хөтөлбөрүүд одоохондоо мэдэгдэхгүй байна. Уг нь, энэ санаачилгад нэгдэхэд бидэнд ирэх боломжууд асар их бий. Транзит тээвэр гэвэл БНХАУ-Европ чиглэлийн транзит галт тэргийг 2011 онд албан ёсоор явуулж эхэлсэн гэж Хятад улс үздэг юм билээ. Өмнө нь туршилтаар явж байсан байдаг. 2017 онд гэхэд 17 галт тэрэг явсан бол өнгөрсөн онд 17523 галт тэрэг хүртэл өссөн байна. Хятад-Еропын хооронд өнгөрсөн онд нэг 1.9 сая гаруй TEU чингэлэг тээвэрлэсний 19 хувийг нь УБТЗ-аар буюу Монгол Улсыг дамжин өнгөрөх коридороор тээвэрлэжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар 1.5 сая гаруй чингэлэг тээвэрлэсний 11 хувийг УБТЗ дамжуулан тээвэрлэсэн байна. Манай улсын хувьд Ази-Еропын гол коридоруудын нэг. Тиймээс энэ боломжоо бид бүрэн ашиглах ёстой. УБТЗ ХНН-т сүүлийн 40 жилд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдээгүй гэхэд болно. Өөрсдийн нөөц бололцоогоор зам шинэчлэх, тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд багагүй ажил хийж байна. Гол замаа үндсэндээ төмөр бетон болголоо. Хэд хэдэн зөрлөгийн замын өргөтгөж, ачаа тээврийн цахим системтэй болж, Замын-Үүд-Шаргын-Овоо хооронд хос зам тавилаа. Гэлээ гээд өнөөгийн энэ их ачааны бөөгнөрлийг бүрэн давж чадахгүй байна. Өнгөрсөн жил гэхэд л өөрийн хүчин чадлаасаа давж, 32.4 сая тонн ачаа тээвэрлэсэн шүү дээ” хэмээгээд төмөр замын дэд бүтцийг шинэчлэх, боомтуудыг холбох, хуурай боомт байгуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Мөн бусад улс орон “Бүс ба зам” санаачилгын хүрээнд шинэ гарцууд хэрхэн нээж, олон бүтээн байгуулалт хийж буй жишээнүүдийг дурдсан юм. Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төв байгуулах төслийн талаар “Туушин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Монголжингоо танилцууллаа. Тэрбээр, “Импортоор ирдэг ачааны 90 хувийн эцсийн цэг нь Улаанбаатар хотод байдаг. УБТЗ эдгээр ачааг хүлээн авч олон салбар зам руу тавьж үр ашиггүй зардал гаргаж байна. Жилээс жилд манай улс руу ирэх ачааны хэмжээ нэмэгдэж байгаа. Гэтэл бүтэн галт тэрэг нэг дор нь хүлээж авах нэг ч терминал нийслэлд байхгүй. Тиймээс УБТЗ энэ ачааллыг цаашид дааж чадахгүй. Харин энэ асуудлыг шийдэх хамгийн том гарц нь Улаанбаатар хотод хуурай боомт байгуулах юм” гээд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй логистикийн терминалууд орчин үеийн шаардлага хангахгүй байгааг хэлсэн юм. Тиймээс орчин үеийн, бүрэн автоматжуулсан, ачаа тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдэх логистикийн нэгдсэн терминалыг бий болгосноор ачаа тээврийн боловсруулалт хурдсахаас гадна тоосжилт, дуу чимээний бохирдлоос сэргийлэх, хотын түгжрэлийг бууруулах давуу талтай онцоллоо.
Ийнхүү улс орны тээвэр логистикийн тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар оролцогчид бүтэн өдөр хэлэлцэж, ирэх жилийн форумаар гаргасан амжилт ихтэй уулзахыг ерөөн өндөрлөлөө.