Энхрий, эрхэмсэг, эгэл даруу Монгол бүсгүйчүүддээ зориулсан “Бүсгүй” хайрын мелодрам уран сайхны кино 2025 оны зургадугаар сарын 16-наас бүх кинотеатраар гарч эхэлнэ. “Хурд” хамтлагийн хит дуунуудын нэг “Бүсгүй” дуунаас өгөгдөлтэй  бүрэн хэмжээний уран сайхны киног онцлохын учир нь төмөр замын  зөрлөг, залуусын хайр сэтгэл, амьдралын өнгө, байгалийн үзэсгэлэнтэй хослон өрнөх учраас тэр. Хотоос очсон бүсгүйн төсөөллөөс хол давсан зөрлөгийн минимал гоё амьдрал, багажны амбаарт хөгжмийн бэлтгэл хийж буй залуусыг гайхан биширч,  хайрлан дурлах зэргээр киноны үйл явдал өрнөнө. Мэдээж “Хурд” хамтлагийн амьдрал уран сайхнаар хөвөрнө. Монгол Улсын гавьяат жүжигчин, ”Хурд” хамтлагийн гитарчин, продюсер Д.Отгонбаяр “Киногоо “Бүсгүй” хэмээн нэрлэсэн нь гүн утга учиртай.  “Хурд” хамтлагт кино хийе гэвэл зөндөө сэдвүүд бий. “Хурд” ээж амьтай, бүсгүй сүнстэй хамтлаг. Энэ амин сүнсээ барьж киногоо хийсэн. Ээж маань 1950 онд Завханаас Бөмбөгөр ногоон театрын алдартай дуучин болно гэж ээжийнхээ үгнээс зөрөөд залуухан бүсгүй шуудангийн модон “ЗИС-5” машин дээр сууж арван хоног  явж хотод ирсэн гэдэг. Улаанбаатарт ирээд аавтай танилцаж гэр бүл болсон ч, “Цэргийн бодол”-ыг зохиосон ахыг төрүүлсэн ч дуучин болно гэсэн мөрөөдлөө тээсээр зөрлөгийн  уран сайхан ч болж  цангинатал дуулсаар алтан хэвлийгээсээ 10 хүү, нэг охин төрүүлсэн. Монгол бүсгүйн зүрх сэтгэл, дотоод мөн чанараас гарах тэр мэдрэмж ямар их хүчтэй  вэ гэдгийг бид ээжээрээ төлөөлүүлж илэрхийлэхийг хүссэн юм. Ээжийн маань  хүсэл тэмүүлэл,  мөрөөдлөөс  бид “Хурд”, “Чоно” болон асгарсан” хэмээн өгүүлсэн нь бахархмаар. “Хурд” рок хамтлаг нь анх 1987 онд Вагон депогийн ажилчин залуусын дунд “Охидын золбоо” нэртэйгээр хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж байсан түүхтэй.

Киноны эмэгтэй гол дүр Мөнхгэрэлд жүжигчин Гансүхийн Ариунболор тогложээ.  Тэрбээр “Хохирогч” олон ангит киноны гол дүрээр олонд танигдсан. Анх 2013 онд “Дурлалын гэмт хэрэг” кинонд тоглож байжээ.  Рок хамтлагийнхныг урт үс, савхин хүрэм, бариу өмд, зүүлт гинжгүйгээр төсөөлөхийн аргагүй. Чинбатын дүрд  жүжигчин Сүхээгийн Ариунбямба тоглосон нь киног “амттай” болгосон мэт. Учир нь тэрбээр эсрэг дүрийг тултал гаргадаг, үзэгч олны зэвүүцэл, бухимдлыг чин үнэнээсээ хүргэдэг чадварлаг жүжигчин. “Харх”, “Содура”,”Аравт”, “Луйвар”, “Үргээлэг”, “Ар хударга”, “2000”, “Зура”, “Этгээд” кино бүтээлээрээ авьяас чадвараа   харуулсан билээ.

“Бүсгүй” уран сайхны киноны зохиолчоор А.Миеэгомбо, ерөнхий продюсероор МУГЖ “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, ерөнхий найруулагчаар Л.Базарсад нар ажилласан байна. Кино багийнхан “Дархан-50” цогцолбор, Төмөр замын X байр, “Буян” зах, Залуучууд театр, Сэлэнгэ, Баруунхараа, Рашаант өртөө, 335 дугаар зөрлөг зэрэг найман байрлалд зураг авалт хийж, Улаанбаатар хотоос 50, Дархан хотоос 200 гаруй иргэн, уран бүтээлч зураг авалтын хугацаанд хамтран ажилласан байна.

Монгол киноны түүхэнд анх удаа  “B production”-ы дэлхийн стандартад нийцсэн “Dolby atmos” хөгжмийн техник хэрэгслээр киноны дууны найруулгаа хийсэн байна.

 

П.Түмэндэмбэрэл