Үзлэгийн комисс Сайншанд зангилааны аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж дууслаа. Замын урд хэсэглэлд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн тулгамдсан асуудал болсон нь дүнгийн хурлын үеэр ихээхэн хөндөгдөв. Замын захиргаа хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох шаардлага байгааг хүлээн зөвшөөрч үүний тулд ажилтан, ажил олгогчийн аль алинд хамтран ажиллах, гарц гаргалгаа хайх хэрэгтэйг хэлж байна. Мөн барилга, бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөр зохион байгуулалтаа оновчлохыг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тус зангилааны төмөр замчдад хандан хэллээ.
Үүний хажуугаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх, ахиж дэвжих сонирхолтой залуус маш их байна. Ялангуяа, шугам замын өртөө, зөрлөгүүдэд мэргэжлээ дээшлүүлж, төмөр замдаа тогтвор, суурьшилтай ажиллах хүсэлтэй залуус олон байгааг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга онцоллоо. Тэднийг Замын захиргааны зүгээс хэрхэн дэмжиж байгаа болон Говийн төмөр замчин хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч сурталчлан таниулах ажил зохион байгуулах шаардлагатайг холбогдох албадад даалгалаа.
Замын даргын үзлэгийн комисс Чойр хэсэглэлийн Айраг, Бор-Өндөр өртөөдийн ажлыг шалгав. Энэ оны эхний дөрвөн сарын дараах байдлаар Монгол Улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүн тэр дундаа жоншны хүдэр, баяжмалын хэмжээ 41.5 сая ам.доллароор нэмэгдсэн нь ийнхүү тус өртөөдийн ажлын үзүүлэлт, ашиг орлого өсөхөд голлон нөлөөлжээ. Үзлэгийн комиссийн ахлагч Ш.Нямсүрэн ашиг орлого өссөн нь хэдий сайн боловч энэ бүх хөдөлгөөний эрчимжилтийг дагаад гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, ГТХАБ, ХАБЭА, сахилга батыг чанд сахиж ажиллах шаардлагатайг сануулав.