Нүүр Цаг үе Хүндрэлийг давтал хэмнэлт хийх шаардлагатай байна
Цаг үе

Хүндрэлийг давтал хэмнэлт хийх шаардлагатай байна

G.Press 1 сарын өмнө 56 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын дарга Х.Хэрлэн долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт гологдолгүй ажилласан бол Зүтгүүрийн аж ахуйн албанд зүтгүүрт гэмтэл гарсан найм, Тээвэр зохион байгуулалтын албанд чингэлэг гэмтээсэн нэг, зам дээр хүн байсан болон вагоны люк гэмтээсэн зэрэг бусдаар тооцсон гурав, нийт 12 дутагдал гарчээ.

Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр нэгжээр өссөн бол дутагдлын тоо зургаан нэгжээр буурсан байна. Зүтгүүрийн аж ахуйн алба дутагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12 нэгжээр нэмэгдүүлэв.

Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 9-нийг дуустал 9896.7 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.1 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөнөөс 575.7, өмнөх оны мөн үеэс 826.3 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт юм.

Мөн хугацаанд 6943.9 мянган тонн ачаа ачиж, 103 хувиар биелүүлсэн нь төлөвлөгөөнөөс 202.4, өмнөх оны мөн үеэс 409 мянган тонноор тус тус давуулсан амжилт аж.

Тайлант долоо хоногт 5350 вагон буулгаж, хоногт дунджаар 38 вагон дутуу буулгасан байна. Энэ нь төлөвлөгөөндөө хүрээгүй буюу 95.3 хувийн биелэлт юм.

Орон нутгийн 190800, транзит 120300, экспорт 245700, импорт 85700 тонн буюу нийт 642500 тонн ачаа тээвэрлэв.

“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 17 вагон илүү буюу 1583, “Эрдэнэт” үйлдвэр 24 вагон илүү буюу 251 вагон тус тус ачсан бол “Шивээ-Овоо” ХК 16 вагон дутуу буюу 744, “Шарын гол” ХК 422 вагон дутуу буюу 82 вагон ачсан байна. Хэдийгээр дулааны улирал эхэлж нүүрсний хэрэглээ багассан ч Шарын голоос нүүрсээ авдаг ТЭЦ-үүдийн хувьд хоногийн нөөц нь буурч, цаашид эрсдэл үүсэх магадлалтай байгаа аж. Тиймээс Эрчим хүчний яам, уурхайнууд болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нүүрсний нөөц бүрдүүлэхэд анхаарах үүргийг Замын дарга Тээвэр зохион байгуулалтын албаны даргад өглөө. Одоогийн байдлаар ТЭЦ-үүд 11-35 хүртэл хоногийн нүүрсний нөөцтэй байна.

Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 39.41 байгаа нь төлөвлөгөөнөөс 0.1 км/цагаар, өмнөх долоо хоногоос 0:16 км/цагаар тус тус өссөн үзүүлэлт юм. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 16 галт тэрэг 1470 минут зогссон байна.

Галт тэрэгний дундаж жин өмнөх долоо хоногоос 63.67 тонноор буурсан бол төлөвлөгөөнөөс 35.3 тонноор өсөж, 3285.32 тонноор биелжээ.

Зүтгүүрийн бүтээмж 1490.75 мянган бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 20.8 мянган бохир тонн/км-ээр өссөн ч өмнөх долоо хоногоос 19.91 мянган бохир тонн/км-ээр буурав.

Вагон эргэлтийн өмнөх долоо хоног шиг 4.4 хоногоор биелүүлж төлөвлөгөөнөөс 0.1 хоногоор хасагдсан байна.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 113 галт тэрэг /718.1 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /731.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.1-16.2 галт тэрэг болж, өмнөх долоо хоногоос авсан галт тэрэгний тоо буурчээ.

Нарийн царигаар 56 галт тэрэг /440.5 вагон/ хүлээн авч, 53 галт тэрэг /416 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.5-8 галт тэрэг болж мөн л буурав.

Харин Сүхбаатар-Наушкиар 58 галт тэрэг /349.1 вагон/ хүлээн авч, 59 галт тэрэг /383.1 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8.2-8.4 галт тэрэг солилцож, өмнөх долоо хоногоос өгсөн галт тэрэгний тоо өссөн үзүүлэлттэй байна.

Тайлант долоо хоногт чингэлгийн 80 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос зургаагаар илүү, оны эхнээс нийт 1054 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 134 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм.

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 1944, импортын 739 чингэлэг шилжүүлэн ачжээ. Өмнөх долоо хоногоос транзит 302 чингэлгээр буурч, импорт 142 чингэлгээр өссөн байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 506 чингэлэг, 2306 вагон ачаа байгаа аж.

БНХАУ-аас өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ноос хойш нийт 162 галт тэрэг буюу 7860 вагон 367236.652 тонн хөх нүүрс хүлээн авснаар энэ тээврийн үйл ажиллагаа дууссан байна. Харин мидлингийн тээврийн хувьд Цогтцэций өртөөнд одоогийн байдлаар 4200 орчим тонн мидлинг байгааг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга танилцууллаа.

Түүнчлэн, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын болон Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга нар ажлаа танилцуулав.

Энэ сарын 11-ний байдлаар худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийт 655.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 366 төлөвлөгөөг ЗТЯ-аар батлуулжээ. Үүнээс 116 тендер /248 багц/-ийг зарласан байна. Он гарсаар тендерээр 52, Замын сонгон шалгаруулалтаар 11, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны сонгон шалгаруулалтаар нэг, нийт 64 гэрээ байгуулаад байгааг Б.Ууганбаяр дарга танилцууллаа. Мөн одоогийн байдлаар тендерийн урилгыг нийтэд зарласан 23 /51 багц/, үнэлгээ хийж байгаа 19 /32 багц/, гэрээ байгуулах эрх олгосон 15 /16 багц/ ажил байгаа аж.

Түүнчлэн, энэ сард “Шунхлай” ХХК-тай 8060 тонн евро-2, 200 тонн евро-5 түлш худалдан авах гэрээ байгуулсан байна. Үүнээс 11-ний өдрийн байдлаар 63 цистерн буюу 3979.18 тонн түлшний гаалийн бүрдүүлэлтийг хийж, татах хэсгүүдэд хуваарилжээ. Мөн 17-нд ирэх 16 цистерн буюу 1022.12 тонн түлш байгаа аж. Эдгээрийг тооцож үзвэл татах хэсгүүд 6410 тонн буюу 19 хоногийн нөөцтэй байна.

Түлшний үнэ дэлхийн зах зээлд огцом өсөж буй учир тэвчиж болох бүх зардлыг танах үүргийг Замын удирдлага өгөөд байсан юм. Энэ хүрээнд их барилгын 18.6 тэрбум, их засварын 7.03 тэрбум, хөрөнгө оруулалтын 11.9 тэрбум төгрөгийн ажлыг хойшлуулаад буйг Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга танилцуулав. Харин зайлшгүй шаардлагатай буюу ГТХАБ-тай холбоотой ажлуудын тендерийг зарлах юм байна. Мөн өмнө нь тендер зарласан болон эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх аж. Гэхдээ зарласан зарим тендерийг амжилтгүй болбол дахин зарлахгүй гэнэ.

Энэ үеэр Замын даргын зөвлөх Р.Раш “Түлш ховордоод ирэхээр хулгай ихсэх хандлагатай байдаг. Сулласан цистернээс түлш саах гэж байж зам дээр элдэв асуудал үүсгэх эрсдэл өмнө нь гарч байсан удаатай. Тиймээс энэ талд ЦХОБА-ныхан маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг сануулав. Мөн албад хоорондоо албан бичиг шидэлцэн хугацаа алддагаа багасгаж, аливаа ажлыг цаасгүйгээр шуурхай хийдэг болох нь ч хэмнэлтэд дэмтэйг онцолсон юм. Түүнчлэн, нормативт үзлэг шалгалтаас бусад давхардсан үзлэг шалгалтыг цөөлж, салбар нэгжийн дарга, ажилтнуудад ажлаа хийх боломж болгох нь зүйтэйг хэллээ. 

Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн хүндрэлийг даван туултал тэвчиж болох худалдан авалт болон их засвар, их барилгын ажил өөр байгаа эсэх судалгааг албадын дарга нар дахин хийх үүрэг болгов. Мөн дамжин өнгөрөх чингэлэгт үзүүлдэг хөнгөлөлтийг шат дараатай бууруулсаар тэглэхийг дуулгаж, түлшний болон зарим тээврийн тарифын индексжүүлэлтийг дахин хийх шаардлагатайг онцолсон юм. Энэ хүрээнд Зам, тээврийн сайдад танилцуулах албан бичиг бэлтгэхийг Төлөвлөгөө эдийн засгийн албаны даргад үүрэг болголоо. Түүнчлэн, хаврын салхи шуурга ихсэж буй энэ үед аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг нийт төмөр замчдад анхааруулав.

 

М.Наранболд

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.