Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ- аар батлах гэж байгааг эсэргүүцэж аймаг, салбарын 35 ҮЭ-ийн холбоо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр, Нийгмийн Даатгалын Ерөнхий хуулийг тус тус зөрчин Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нийгмийн түншлэгч талуудтай зөвшилцөхгүйгээр дангаар УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлж эхлээд байгаа нь нийгмийн түншлэлийн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл” хэмээн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид мэдэгдлээ.
Тус хэвлэлийн хуралд МҮЭ-ийн холбоо, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбоо, Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбоодын дарга, төлөөлөл, анхан шатны гишүүд оролцож байр сууриа илэрхийллээ.
МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Б.Алтанхуяг:
-Монгол Улсын Засгийн газраас 2026 оны зургадугаар сарын 8-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон түүнийг дагаж мөрдөх холбогдох хуулиудад бол нэмэлт өөрчлөлт оруулахаар үзэл баримтлалыг баталсан. Ингээд 2026 оны зургадугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлснээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон түүнийг дагаж мөрдөх бусад хуулиудыг 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр буюу хаврын чуулган завсарлахаас өмнө яаралтай горимоор хэлэлцэх гэж байна. Эдгээр хуулийн төсөлд нэгдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.5-д заагдсан хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 221 тоот тушаалаар эрсдэл өндөртэй салбарууд болох уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, барилга гэх мэтчилэн үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн баталгааг хангадаг нийтдээ 43 томоохон үйлдвэрлэгч салбарын 930 гаруй ажил, мэргэжил дээр олон зуун хүн хүнд нөхцөлд ажиллаж байна. Өнөөдөр хүнд нөхцөл дэх ажлын байрны эрсдэл, аюул, шалтгаан нөхцөл нь арилаагүй байхад тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэж байгаа нь илт хууль бус бөгөөд ажилтнуудын амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэгдэж байна. Хуулийн төсөл дээр 1973 оноос хойш төрсөн эрэгтэй хүн жил бүр гурван сар буюу 1993 он хүртэл төрөгсөд хүртэл гурван сараар нэмэгдээд 55 настай тэтгэвэрт гарахаар байсан бол одоо 60 настай тэтгэвэрт гарах эрх үүсэхээр болж байна. 1978 оноос хойш төрсөн хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэй ажилтнууд 1998 он хүртэл гурав гурван сараар нэмэгдээд 55 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж байна. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд тусгайлан заасан ажил мэргэжил гэж байдаг. Тухайлбал, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ажилтнуудын хувьд гэхэд л 25 жил НДШ төлсөн бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгоно гэдгийг хасаж байгаа юм байна. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнууд бол амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж ажилладаг хүмүүс. Тэд өнөөдөр эмэгтэй 50, эрэгтэй 55 насаа яаж одоо хүргэж тэтгэврээ тогтоолгох вэ гэдэг нь чухал асуудал байдаг. Энэ цаашдаа тэтгэвэрт гарснаас хойш он удаан жил эсэн мэнд амьдрах, амьдралын чанарыг сайжруулах чухал ач холбогдолтой билээ. Гэтэл эсрэгээрээ тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх гэж байгаа нь илт хууль зөрчиж, одоогийн хүрсэн түвшнээ бууруулж байгаа хэрэг юм.
Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Ж.Мөнгөншагай:
-Хууль бичиж, санаачилж байгаа хүмүүс хүнд, хортой нөхцөлтэй ажлын байрууд дээр ядаж нэг өдөр очоод яг ямар нөхцөлд ажиллаж байгааг нь судлах хэрэгтэй. Гэтэл тэд ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс рүү буу шагайж байна. Тэд хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг ажлын байран дээр нь хадаж, тэтгэвэрт гаргахгүйгээр алах зорилготой хууль батлах гэж байна. Эрх баригчид тэтгэвэр, тэтгэмжийн энэ хуулиуд дээр хүнээ бодсон биш, зөвхөн сангуудаа хамгаалсан, хүн рүүгээ буу шагайсан хууль батлах гэж чармайж байна. Тэтгэвэр тэтгэмжийг таван жилийн цалингийн дунджаар тогтоож байсныг өөрчилж, 10 жилийн дундажаар тооцохоор өөрчлөлт оруулах гэж байна. Одоо таван жилийн цалингийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн дундаж хэмжээ харьцангуй өндөр байгаа. Гэтэл үүнийг цалингийн 10 жилийн дундаж хэмжээгээр тооцохоор төлөвлөж байгаа нь тэтгэвэр тогтоолгох гэж байгаа хүмүүсийн эрхэнд ноцтой халдаж байгаа хэрэг юм. Энэ бол алд дэлэм зөрөөтэй их хэмжээний мөнгийг эдгээр хүмүүсээс хулгайлж, цалингаас өөр орлогогүй, НДШ төлж байгаа олон мянган ажилтны эрхийг хохироож байгаа үйлдэл юм. Хэрэв тэтгэвэр, тэтгэмжийг таван жилийн цалингийн дундажаар тогтоож байсныг 10 жилийн дунджаар тооцохоор бол хоёр, гуравхан жилийн хугацаанд тэтгэврийн зөрүү ямар их гарахыг тооцож үзсэн үү.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа:
-Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг хүрсэн түвшнээс бууруулахаар орсон байна. Ерөөсөө нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн заалтууд тэтгэврийн зөрүүг арилгах үндсэн шалтгааныг засаж амжаагүй байхад одоо тэтгэвэрт гарах насыг нэмнэ гэдэг туйлын буруу. Эдгээр хуулийн төслийг боловсруулж байгаа хүмүүс хэлэлцүүлэг хийсэн юм уу. Энэ хэлэлцүүлэгт эмэгтэйчүүд оролцож тэтгэврийн насаа нэмье ээ гэж зөвшөөрсөн үү? Иймд дараах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, олон хүүхэдтэй эхчүүд эрт тэтгэвэрт гарч байсныг өөрчлөх гэж байгааг эргэж харах. Эмэгтэйчүүд өөрсдөө НДШ төлөгч байдаг. Тэдний үр хүүхдүүд бас нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байдаг. Гэтэл одооны энэ өөрчлөлт нь Монгол Улсын хүн амаа өсгөх бодлоготой зөрчилдөж байна. Уг нь олон хүүхэдтэй эмэгтэйчүүд эрт тэтгэвэрт гарч буй нь гэр бүлийг дэмжиж байгаа, гэр бүлд таатай нөхцөлд амьдрах боломжийг нь олгож байгаа, ажил амьдралын тэнцвэрийг хангаж өгч байгаа хэрэг юм. Сүүлийн жилүүдэд эхчүүдийн хүүхдээ асрах хугацаа нэмэгдэж байна. Урьд нь хоёр нас хүртэлх хүүхдээ эхчүүд өөрсдөө хардаг байсан бол одоо ямар ч хүүхдийг багадаа 12 нас хүртэл нь эхийн хараа хяналтад байлгаж, өсгөж хүмүүжүүлэх ёстой боллоо. Ингэж ээжүүдийн үүрэг нэмэгдэж байгаа учраас тэдний тэтгэврийн насыг нэмнэ гэдэг буруу. Гуравдугаарт, одоо мөрдөж буй хуулиар 50 настай гардаг байсан бол шинэ хуульд одоо 55 настай болгож байгаа нь өмнөх хуулийнхаа хүрсэн түвшинг дордуулж байгаа хэрэг. Монголын төр ийм бодлого барьж болохгүй. Сүүлийн арван жилийн хугацаанд нэг жилд төрсөн хүүхдийн тоо 80-аас 58 мянга болж бараг 30 орчим хувиар буураад байна. Иймд хүн амаа өсгөх төрийн бодлоготой Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд оруулах гэж байгаа өөрчлөлт зөрчилдөж байгаа учраас эргэж харах зайлшгүй шаардлагатай байна.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир:
-Аливаа хууль тогтоомжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байдаг. Улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хүн ам зүйн насны суварга гээд олон зүйл өөрчлөгдөж байна. Үүнтэй уялдуулж өөрчлөгдөж болно, гэхдээ өөрчилж, шинэчилж, реформ хийлээ гэхэд өмнөхөөсөө сайжирсан байх ёстой. Харамсалтай нь Нийгмийн даатгалын багц хуулийг өөрчлөх үндсэн зорилт МҮЭХ-ны дэмжиж байсан хуулийн үзэл баримтлалын эсрэг чиглээд явчихлаа. Одоогийн өргөн барьсан хуулийн төслийн зүйл, заалт болгон нь ухралт болсон байна. Энэ хуулийг өргөн барьж, хэлэлцэж, батлагдах гэж байгаа процесс нь өөрөө олон хууль тогтоомжийг зөрчжээ. Наадам болох гээд ард иргэд, нийгэм нийтээрээ анхаарал сарнисан байх үед яаралтай горимоор гээд Монгол Улсын иргэн бүрт хамаатай, тэдний амь нас, эрүүл мэнд, нийгмийн баталгааны асуудалтай холбоотой хуулийг шууд оруулж ирээд батлах гэж байна. Тэтгэвэрт гарах насыг нэмэх нь зөв юм уу, буруу юм уу. Үүнийг нийт ард иргэд маань хүлээн зөвшөөрч байгаа юм уу. Тэтгэврийн хэмжээг тооцож байгаа аргачлал нь буруу байна. Бид хэдхэн жилийн өмнө цалингийн долоон жилийн дунджаар тэтгэвэр бодож байсныг буруу гээд л больсон шүү дээ. Гэтэл одоо буцаагаад таван жилийн дундаж байсныг 10 жилийн дундаж болгоод оруулж ирж байна. Энэ зөв юм уу. Одоо тэтгэвэр тогтоолгож байгаа улсуудын тэтгэврийн хэмжээ бүгд буурна. Нөгөө талаас хүнд, хортой нөхцөлд өөрийн амь нас, эрүүл мэндээ золиосолж хөдөлмөр эрхлээд, тодорхой тусгай нөхцөлүүд эдэлдэг иргэдийн бүх нийгмийн хамгааллын давуу нөхцөлүүдийг бууруулж байна. Эхчүүдийн хувьд энэ хууль дээр ямар нэг ахиц гарах болов уу гэж хүлээж байлаа. Уг нь хуулийн шинэчлэлээр шимтгэл төлж байгаа иргэдийн нийгмийн баталгааг сайжруулмаар байна. Нөгөө талдаа нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах ёстой. Энэ бол зарчим, байр суурь. Гэтэл нийгмийн даатгалын сангийн орлогыг бууруулах давхар үйлдлүүд орж ирж байна. Энэ ямар зорилготой юм бэ? 15-22 насны залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болно гэсэн заалт орж ирж байна. Нийгмийн даатгал гэдэг чинь ажилтан хүн амьдралд нь тодорхой эрсдэл гарахад тэр эрсдэлийг нь хамгаалах зорилготой тогтолцоо юм. Гэтэл одоо 15-22 насны залуучууд үйлдвэрлэлийн осолд өртөхгүй юү, амьдралд нь тодорхой эрсдэл гарахгүй юу, нийгмийн хамгаалал хэрэггүй юү. Тав хүртэлх ажилтантай ААНБ-ын гурав хүртэлх ажилтныг НДШ-ээс чөлөөлнө гэнэ. Төр засаг маань ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа нь зөв. Тэглээ гээд ажилтныхаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллын баталгааг золиосолох нь буруу. Татварын бодлогоор л дэмжих ёстой гэлээ.
Иймээс МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг хойшлуулж, эргүүлэн татахыг УИХ, Монгол Улсын Засгийн газраас шаардаж, энэ хүрээнд шат дараатай тэмцлийн арга хэмжээнүүдийг авч ажиллахаа мэдэгдлээ. МҮЭ-ийн холбоо “Монгол Улсын Засгийн газар хуулийн төслийг энгийн горимоор хэлэлцүүлэхээр эргүүлэн татах шаардлага”-ыг хэрэгжүүлээгүй тохиолдолд нийт хөдөлмөр эрхлэгчид болоод эдийн засгийн салбар бүрийн олон мянган ажилтан, албан хаагчдын эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэгтэй байгууллагын хувьд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дуу хоолойгоо илэрхийлэх жагсаал цуглаан зохион байгуулах, цаашлаад Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийн зүйл заалт зөрчигдөж байгаа тул Үндэсний хэмжээний сонирхлын маргааныг үүсгэж, улмаар дараагийн шат буюу эцсийн арга хэрэгсэл болох ажил хаялтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах зэрэг эрх зүйн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, үндэсний хэмжээний ажил хаялт руу орохыг үгүйсгэх аргагүй байгааг цохон тэмдэглэв.
ЭНЭ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ГОЛ ЗААЛТУУД ЮУ БАЙГАА ВЭ?
1. Хэвийн бус нөхцөлд ажилласан хүн эрэгтэй 55 болон эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах боломжтой байсныг дараагийн жилүүдэд жил бүр нэмэгдүүлж эрэгтэй 60 эмэгтэй 55 болгох.
2. Өндөр насны тэтгэврийн хэмжээ бодохдоо дараалсан таван жилийг тооцуулдаг байсныг дараагийн таван жилд жил бүр нэг жилээр нэмэгдүүлж, 10 жилийн дундаж цалингаар тэтгэврийн хэмжээгээ бодуулдаг болох.
3. 25-аас дээш жил НДШ төлсөн 60 хүрсэн эрэгтэй, 55 хүрсэн эмэгтэй өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болдог байсныг хэрэв энэ сонголтоор тэтгэвэрт гарвал бодогдсон тэтгэврийн хэмжээг бууруулж олгодог болох.
4. Өндөр насны тэтгэвэртэй хоёр хөгшний нэг нь нас барвал тэтгэврийн 20 хувийг үлдсэн хүнд үлдээдэг байсныг зөвхөн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчдаар хязгаарлах.
5. Ажилгүйдлийн тэтгэмж авахдаа 76 ажлын өдрийн тэтгэмж олгодог байсныг өөрийн хүслээр ажлаас гарсан бол 55 өдрийн тэтгэмж олгодог болох.
6. Ажилгүйдлийн тэтгэмж авах даатгалын тохиолдол буюу тасралтгүй НДШ төлсөн байх сарын шаардлагыг 1-3 дахин нэмэгдүүлж, тэтгэмж бодох цалин хөлсны дундаж сарыг мөн нэмэгдүүлэх.
Г.Энхбаатар
