Оны эхний гурав дахь долоо хоногийн Замын даргын нэгдсэн хурлыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков удирдлаа. Тайлант долоо хоногт Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцогдсон хоёр гологдол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 13-нд Хангай-Багахангай хоорондын замд 2ТЭ116УМ-024 илчит тэрэгний V татах цахилгаан хөдөлгүүрийн жижиг араа тасарч унажээ. Мөн 15-ны өдөр Түнх-Шатан хоорондын 281 дүгээр км-ийн 10 дугаар зуутад 2ТЭ116УМ-024 илчит тэрэгний Б секцийн IV хос дугуй гацаж, хоорондын замыг долоон цаг 18 минут эзэлсэн байна.
Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд 10, Дохиолол холбооны алба, Баянтүмэн, бусдаар тус бүр нэг, нийт 13 дутагдал бүртгэгдэж, нэг дутагдлыг судалж байгаа аж. Өнгөрсөн онын мөн үетэй харьцуулбал гологдол хоёроор, дутагдал долоогоор өссөн байна.
Тээврийн хувьд энэ сарын 15-ныг дуустал 1503.4 мянган тонн ачаа тээвэрлэж, 104.9 хувиар биелүүлжээ. Мөн хугацаанд 1065.2 мянган тонн ачаа ачиж, 101.5 хувиар төлөвлөгөөг биелүүлэв. Түүнчлэн, 13148 вагон буулгаж, төлөвлөгөөнөөс 217 вагон дутуу буюу 98.3 хувиар биелүүлсэн байна.
Орон нутгийн 279700, транзит 114900, экспорт 227400, импорт 82900 тонн буюу нийт 704900 тонн ачаа тээвэрлэсэн байна.
Тайлант долоо хоногт “Багануур” ХК 81 вагон дутуу буюу 3609, “Шивээ-Овоо” ХК 75 вагон дутуу 2115, “Шарын гол” ХК 181 вагон дутуу 1054 вагон ачжээ. Эдгээр нь уурхайн ачилт удааширсан, сэлгээний илчит тэрэг болон техник эвдэрсэн, вагоны хангалт удааширсан зэрэг шалтгаанаар дутуу ачсан байна. Харин “Эрдэнэт” үйлдвэр 17 вагон илүү буюу 410 вагон ачжээ.
Тээврийн чанарын үзүүлэлтийн хувьд хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөнөөс 0.90 км-цагаар өсгөсөн буюу 39.9 км/цагаар биелүүлжээ. Галт тэрэгний дундаж жин 3331.85 бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 81.85 тонноор давжээ. Харин зүтгүүрийн бүтээмж төлөвлөгөө биелсэн ч өмнөх долоо хоногоос 12.25 тонноор буурсан байна.
Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 111 галт тэрэг /708.8 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /688.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16-16.1 галт тэрэгт хүрчээ.
Нарийн царигаар 53 галт тэрэг /398.1 вагон/ хүлээн авч, 53 галт тэрэг /401.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.5 галт тэрэг болов.
Сүхбаатар-Наушкиар 52 галт тэрэг /357.2 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /349.2 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 7.4-7.7 галт тэрэг солилцсон байна.
Тайлант долоо хоногт чингэлгийн 78 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос зургаагаар илүү, оны эхнээс нийт 86 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 39 галт тэргээр давсан үзүүлэлт юм. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2310, импортын 502 чингэлэг шилжүүлэн ачсан байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 313 чингэлэг, 1798 вагон ачаа байгаа аж.
БНХАУ-аас импортоор хүлээн авах 306 мянган тонн коксожсон хөх нүүрс хүлээж авахаас сүүлийн байдлаар 103 галт тэрэг буюу 5007 вагон 236786.955 тонн нүүрс татаж аваад байгаа аж. Түүнчлэн, Цогтцэций өртөөнөөс 64 галт тэрэг 1399 вагон 95282.81 тонн мидлинг хүлээн аваад байна.
Мөн хурлаар Замын аж ахуйн алба, Дохиолол холбооны албаны удирдлагууд илтгэл тайлангаа танилцуулсан юм. Замчдын хувьд ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч буй тулд цонхны ажилд гаргахгүй байхад анхаарахыг Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан хэлсэн бол хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков хүйтний эрч чангарсан энэ үед төмөр замчид анхаарал сэрэмжээ илүү өндөржүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг чанд сахиж ажиллахыг үүрэг болголоо.
М.Наранболд
