Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох журам, зааврыг танилцуулах сургалтыг Монгол Улсын Сангийн Яамтай хамтран УБТЗ-ын Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанаас зохион байгууллаа. Сургалтад нийгэмлэгийн удирдлага, удирдах ажилтнууд болон худалдан авах ажиллагаанд оролцдог ажилтнуудыг хамрууллаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан мэдээллээр хангах, худалдан авах ажиллагааг хэрхэн төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах талаар арга зүйн заавар,зөвлөгөө өгөх зорилгоор уг сургалтыг зохион байгуулав. Сургалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон өөрчлөлтүүд болон хуулийг дагалдаж гарсан журам, заавар, жишиг баримт бичгийн талаар танилцууллаа.
Хуулийн шинэчилсэн найруулгад тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, худалдан авах ажиллагааг төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д төвлөрүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан нь худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
