Худалдаа хөгжлийн банкнаас Удирдах газрын ажилтнуудад зориулсан өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт тус банкны Иргэдийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал С.Энхболд тэргүүтэй хүмүүс оролцов. Харин УБТЗ-ын зүгээс Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд тэргүүтэй алба, хэлтсийн удирдлагууд, Замын Орон сууцны комиссынхон, Удирдах газрын ажилтнууд, оролцлоо. Банкны зүгээс үйлчлүүлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, түүний хөгжүүлэлт, олон улсын болон Монгол Улсын санхүү, банкны хөгжлийн чиг хандлага, сайн туршлагууд гээд хамтын ажиллагааны хүрээнд төмөр замчдад олгодог олон боломж байдгийг танилцууллаа. Тухайлбал, орон сууцны болон хамгийн бага хүүтэй бусад зээлийг хэрхэн хялбар, хурдан шуурхай олгох, шинээр бий болсон цалингийн картууд, тэдгээрийг ашигласнаар хамтран ажиллагч байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллуудыг эдлэх зэргийг танилцуулсан юм. Жилийн 6000 төгрөгийн хураамжтай цалингийн карт захиалбал гүйлгээний шимтгэлгүй, АТМ-аас мөнгө авах болон шилжүүлэхэд шимтгэлгүй, карт хүргэлт үнэгүй, дансны доод үлдэгдэлгүй, сайн дурын даатгалын хураамж гурван хувийн хөнгөлөлттэй, онлайн зээлийн хүү бага гэх мэт олон боломжийг хүртэх юм байна. Мөн жилийн 10 мянган төгрөгийн хураамжтай бритто, бритто лэйди премиум зэрэг олон төрлийн картаас сонголтоо хийх боломжтой аж. Төмөр замчдын зүгээс ипотекийн зээлд хэрхэн хамрагдах, нэг авсан хүн дахин ипотект хамрагдах боломжтой эсэхийг голчлон сонирхож, мөн цаашид хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, орон сууцны эрэлт төмөр замчдад их байгаа учир ипотекоос гадна моргейжийн зээл бий болгохыг хүссэн юм. Өмнө нь төмөр замын хувьд зарим банктай хамтран моргейжийн зээлээр төмөр замчдаа орон сууцжуулж байсан туршлагатайг Замын даргын ажлын албаны Нийгмийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ариунаа онцлов. Тиймээс ХХБ-ныхан энэ талаар судалж үзэхээ дуулгалаа. Түүнчлэн, төмөр замчдад танилцуулсан олон боломжийн нэг нь урамшуулалт хадгаламж аж. 500 мянган төгрөг хүртэлх хадгаламж жилийн 12.5, нэг сая хүртэлх нь 12.6 гэхчилэн хүү нь нэмэгдсээр 10 саяас дээш төгрөгийн хадгаламжид 13 хувийн хүү олгох гэнэ. Энэ нь цалингийн зээлээс ч өндөр хүү гэдгийг банкныхан онцолж байлаа.