Эрчим хүч ус хангамжийн I ангийн Хангамж, авто аж ахуйн хэсгийн хүнд даацын машины жолооч-монтёр,Замын мэргэжлийн хошой аварга Ж.Сонинбаярыг Мандал-Аршаант хооронд агаарын шугамын тулгуур солих их засварын ажилтай байхад нь очиж, уулзлаа. Биднийг очиход хамт олон нь “Манай Сонигоос ярилцлага авах гэж байгаа бол их л хоргоох хэрэг гарна даа” гэцгээсэн нь үнэн болж таарав. Үнэхээр ч үг дуу цөөнтэй, асуултад сайндаа л ганц, хоёрхон өгүүлбэрээр хариулах нэгэн аж. Ажлынхан нь түүнийг “Сони” гэнэ. Сони Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1983 онд Н.Жамъян, С.Нарантуяа нарын таван хүүхдийн хоёр дахь хүүхэд нь болон мэндэлжээ.“Манайх нэг эмэгтэй, дөрвөн хүүтэй айл. Би гурван эрэгтэй дүүтэйгээ бужигнаж өссөн дөө” гэв. “Та тэгвэл цэргийн дарга шиг байж дээ. Дүү нарт ахын даруулга их хэрэгтэй байсан болов уу” гэвэл инээмсэглэн “Дарга бишээ, дүү нар маань томоотой хүүхдүүд байсан. Аавын алганы амтыг хэн нь ч амсаж үзээгүй гээд л бод” гэв. Ж.Сонинбаяр өөрөө ч багын л дөлгөөхөн хүүхэд байсан нь илт. Олон үггүй, инээмсэглээд л суух.
Тэрбээр, Баруун-Уртад дунд сургуулиа төгсөөд аавыгаа даган Улаанбаатар хотод ирж, авга ахынхаа эхнэр, Эрчим хүч, ус хангамжийн ангид ажилладаг М.Чимгээ эгчийнхээ зөвлөснөөр цахилгааны мэргэжлийн курст суран, 2003 оноос тус ангид их засварын монтёроор ажилд орсон байна.Энэ тухайгаа “Их засварын монтёр шугам замд томилолтоор их ажилладаг. Намайг орох үед яг л өнөөдрийнх шиг агаарын шугамын тулгуур шон сольж байлаа. Тэр үед бараг бүх модон тулгуурыг сольсон байх. Түүнээс хойш жил бүр л энэ ажлыг үе шаттай хийж байна. Залуу байхад мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө л тулгарна. Тэр бүрд их засварын монтёрууд, мөн Д.Дашрэнцэн, С.Бямбажаргал гэхчлэн жолооч ах нар л тусалдаг байсан. Тэгснээр 2008 онд өрмийн машины жолооч болсон. Сүүлд 2019 онд манай байгууллага одоо миний барьж буй цагаа краныг авахад дарга намайг барь гэсэн юм. Шинэ машин хүлээж аваад дөрөв дэх жилдээ орж байна. Бид ч хаана л их засвар гарна, тэр бүрд нь явдаг” хэмээв. Ж.Сонинбаярын очиж ажилласан хэсэг бүрийг тоочих аргагүй олон. Тухайлбал, түүнийг 2019 онд Замын мэргэжлийн аварга болдог жилдээ Баянтүмэн тасгийн80 жилийн ойн үеэр Чингисийн далан өртөө рүү цахилгаан дамжуулах агаарын шугамыгшинээр татах, шон зөөх, босгох, утас тараах ажлуудыг гүйцэтгэж байсныг нь санаж байна. Тус ажлыг хамт олонтойгоо чанарын өндөр түвшинд гүйцэтгэснийг нь Замын даргын үзлэгийн үеэр Замын ерөнхий инженерээр ажиллаж байсан Александр Мещеряков магтан сайшааж, эрчим хүчний бүтээн байгуулалтын нээлтийг албан ёсоор хийж байсан билээ. Түүнчлэн, Ж.Сонинбаярын хийсэн ажлуудаасТүнх-Шатан зөрлөгийн 281 км-ийн пк-9-д байрлах сайт-5-ыг шилжүүлэн зөөж, гадна цахилгаан хангамжийн их барилгын ажил болон Сүхбаатар зангилааны хүүхдийн цэцэрлэгийн цахилгаан хангамжийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн зэргийг онцлон дурдаж болно.Тэрбээр, “Дулааны улиралд бараг гэртээ тогтдоггүй. Жилд хамгийн багадаа 100 хоног томилолтоор ажилласан байдаг. Ар гэрт хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөхөөс авахуулаад их ажил бий. Тэр бүрийг миний хань /С.Байгальмаа/ л зохицуулж, хадам ээж маань бас тусалдаг. Манайх гурван хүүхэдтэй. Том охин зургаа, бага хүү нэгдүгээр анги. Хань маань Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг. Ажлынхаа хажуугаар гэрийнхээ бүхий л ажлыг амжуулдаг даа миний хань. Би өвлийн цагт явах нь харьцангуй бага. Гэмтэл саатал гарч, яаралтай засварлах шаардлага гарвал л хоногоор явдаг” хэмээн гэр бүлээ танилцуулав. Мөн “Миний амжилтын ард ханийн минь хичээл зүтгэл, хайр халамж их бий. Дээр нь хамт олны маань хүч багагүй хувийг эзэлнэ. Би ганцаараа кранаа бариад энэ бүх ажлыг амжуулаагүй шүү дээ. Ямар ч ажлыг мастер, монтёр, жолооч... гээд бүгдийнх нь хамтын хүчээр хийдэг. Ажлаа хамт хийчихээд ганцаараа алдрыг нь хүртээд ч байгаа юм шиг санагддаг” гэх нь түүний даруухан зангийн илрэл төдийгүй ямар чанартай хүн бэ гэдгийг нь илтгэх биз ээ. Түүний аав Н.Жамъян УБТЗ-ын ЦХОБА-ны Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид галын машины жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Анх Сүхбаатар аймагтаа тээврийн жолоочоор ажиллаж байгаад том хүүгээ дагуулан ирж ажилд орсон гэнэ. Ингээд 20 шахам жил ажиллаад 2018 онд тэтгэвэртээ гарчээ. Н.Жамъян гуай хүүгээ 2019 онд “Замын мэргэжлийн аварга” болохыг нь харан баярлаж байж. Ж.Сонинбаяр “Ээж маань намайг аварга болохыг арай л харж чадалгүй 2019 онд бурхан болсон доо хөөрхий. Харин аав маань хүүгээрээ бахархаж байсан. Гэвч 2021 онд мөн л бурхан болсон. Гэхдээ яах вэ, миний хувьд 40 дөхтлөө аав, ээжтэйгээ хамт байсан нь нэг талдаа зол шүү. Аавынхаа үг сургаалийг нь сонсож, УБТЗ хэмээх том байгууллагад хамтдаа ажиллаж явснаараа бахархдаг. Аав бид хоёрыг хотод ирээд ажилд орсны дараа манайхан гэр бүлээрээ шилжин ирж байсан. Хүүхэд байхад аав олон хоногоор тээвэрт явна. Ээж л өдөр тутмын амьдралаа зохицуулж, биднийг хүмүүжүүлсэн гэхэд болно. Аавыг ирэхэд нь би кабинаас нь салахгүй. Тэгж л би техникт сонирхолтой болсон доо” гэв. Тэр 2016 онд ТЗДС-ийн цахилгааны техникчийн ангид эчнээгээр суралцан төгсчээ. “Би цахилгаанчин болох сонирхолтой. Тэгээд ч би жолооч-монтёр шүү дээ. Их засвар дээр бүхий л ажилд нь оролцдог болохоор мэдлэгтэй байх хэрэгтэй” гэсэн юм. Ж.Сонинбаяр анх их засварын хэсэгт ажиллаж байгаад Амгалан хэсэг байгуулагдахад шилжин монтёроор гурван жил орчим ажилласан байна. Энэ талаар нь ЭХУХ-ийн I ангийн Мандал хэсгийн мастер А.Анхбаяр “Би Амгалан хэсэгтбригадын дарга, Сони маань монтёр байсан. Жолооч болно гэхээр нь би дургүйцээд дийлээгүй. Маш сайн ажилтан байсан болохоор нь би явуулахгүй гэсэн юм. Гэвч жолооч болсноор дүү маань оносон л доо. Замын мэргэжлийн аваргаар хоёр удаа шалгарна гэдэг сайхан. Магадгүй би тэр үед явуулаагүй бол өнөөдөр энэ амжилтад хүрээ ч билүү. Манай Сони бол хүний дээд шүү дээ” гэсэн юм.
Ийнхүү УБТЗ хэмээх том айлд үнэлэгдсэн, үзэл бодол нь зөв, их амжилтын эзэн залуутай ярилцсан тэмдэглэлээ энэ хүргээд жаргаа юу.
М.НАРАНБОЛД