Нүүр Цаг үе Хоногт доод тал нь 900 ба түүнээс дээш вагон буулгах үүрэг өгөв
Цаг үе

Хоногт доод тал нь 900 ба түүнээс дээш вагон буулгах үүрэг өгөв

G.Press 3 сарын өмнө 76 үзэлт 0 сэтгэгдэл

 

                       

 

Замын I орлогч дарга О.А.Казаков долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт нэг гологдол гарсан байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 26-ны 23.52 цагт Чойр өртөөний нэгдүгээр замаар орж ирсэн 1221 дүгээр галт тэрэгний 2Загал-005 илчит тэрэгний А секцийн зургадугаар хос дугуй гацсан байна. Харин 27-ны 07.26 цагт Хайран зөрлөгийн хоёрдугаар замаар орж ирсэн 1221 дүгээр галт тэрэгний 2ТЭ116УМ-005 илчит тэрэгний А секцийн нэгдүгээр татах цахилгаан хөдөлгүүрийн якорийн голын хүзүү хугарсан нь гологдол, дутагдлын аль нь болохыг судалж байгаа аж.

Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд зургаа, Дохиолол холбооны алба, Замын аж ахуйн албанд тус бүр нэг, бусдаар тооцогдсон нэг, нийт ес бүртгэгдсэн байна. Өмнөх оны эхний гурван сартай харьцуулбал гологдол гурваар, дутагдал нэгээр буурчээ.              

Тээврийн хувьд оны эхнээс хоёрдугаар сарын 26-ныг дуустал 5852.3 мянган тонн ачаа тээвэрлэж, 109.1 хувиар биелүүлжээ. Мөн хугацаанд 4126.8 мянган тонн ачаа ачиж, 105.4 хувиар төлөвлөгөөг биелүүлэв. Тайлант долоо хоногт 6198 вагон буулгаж, хоногт дунджаар 35 вагон илүү буулгасан байна.

Орон нутгийн 105500, транзит 42200, экспорт 84100, импорт 38500 тонн буюу нийт 270300 тонн ачаа тээвэрлэжээ.

“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 180 вагон илүү буюу 6602, “Шарын гол” ХК 29 вагон илүү буюу 2377, Эрдэнэт” үйлдвэр 21 вагон илүү буюу 687 вагон тус тус ачсан байна. Харин “Шивээ-Овоо” ХК 336 вагон дутуу буюу 3368 вагон ачжээ. Энэ нь өртөөний замын байдал хүндэрч вагон тавилт оройтсон, ачилт удааширсан, уухайн дамжлага ремен тасарсан, гэмтэл гарсан зэрэг шалтгаантай аж. 

Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөнөөс 0.3 км/цагаар өсгөсөн байна. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 37 галт тэрэг 3306 минут зогссон байна.

Галт тэрэгний дундаж жин 3166.31 бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 83.7 тонноор, өмнөх долоо хоногоос 85.04 тонноор тус тус буурсан байна. Зүтгүүрийн бүтээмж 1477.35 мянган бохир тонн/км болж өмнөх долоо хоногоос 58.42 тонноор буурав. Энэ нь ачаа өнгөрүүлэлтээр зүтгүүрийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан зурмагийн тасалдал өмнөх долоо хоногтой харьцуулахад 17 галт тэрэг 2052 минутаар өссөн нь зүтгүүрийн бүтээмж буурахад нөлөөлснийг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга хэллээ. Харин вагон эргэлтийн хувьд төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн үзүүлэлттэй байна.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 112 галт тэрэг /697.1 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /691.7 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16 галт тэрэг болжээ.

Нарийн царигаар 52 галт тэрэг /404.8 вагон/ хүлээн авч, 50 галт тэрэг /388.7 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.1-7.4 галт тэрэг болов.

Сүхбаатар-Наушкиар 63 галт тэрэг /434.1 вагон/ хүлээн авч, 52 галт тэрэг /335.2 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 7.4-9 галт тэрэг солилцжээ.

Тайлант долоо хоногт чингэлгийн 79 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёроор дутуу, оны эхнээс нийт 584 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 107 галт тэргээр давсан үзүүлэлт юм.

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2364, импортын 766 чингэлэг шилжүүлэн ачжээ. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 626 чингэлэг, 2174 вагон ачаа байна. Ачааны төрлөөр нь авч үзвэл төмрийн хүдэр 1535, жонш 178, зэсийн баяжмал 103, нүүрс 348, тэжээл 10 вагон байгаа аж.

БНХАУ-аас 367 мянган тонн хөх нүүрс татаж авахаас 138 галт тэрэг буюу 6708 вагон 314539.785 тонныг татаж авсан байна.

Мөн Цогтцэций өртөөнөөс 84 галт тэрэг 1816 вагон 123807.36 тонн мидлинг хүлээн аваад байна.

Түүнчлэн, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын болон Замын аж ахуйн албаны дарга нар ажлаа танилцууллаа. Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны хувьд энэ сарын 2-ны байдлаар төлөвлөгөөний дагуу нийт 668 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 326 худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг ЗТЯ-аар батлуулснаас 94 багц 40 тендерийг зарлаад байгаа аж. Харин салбар нэгжүүд “Худалдан авах ажиллагааны захиалга” программыг бүрэн ашиглаж, захиалгаа илгээдэг болж, албад, салбар нэгжүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгааг тус албаны дарга Б.Ууганбаяр онцоллоо.

Энэ үеэр Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн уулнаас дэр мод, дүнз бэлтгэх ажил одоог хүртэл биелэлтгүй байгааг онцолж, бод бэлтгэх зөвшөөрөл бүхий сум орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай холбоотой ажиллаж, нөхцөл байдлаа сайн ойлгуулж ажиллахыг Замын аж ахуйн албаны дарга З.Отгонтөрд санууллаа. 

Мөн Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр “Өмнөх оноос нэг машинчтай сэлгээг нэлээд туршсан нь үр дүнгээ өгсөн. Тиймээс цаашид тогтмол нэг машинчтай сэлгээ хийх тухай Замын даргын тушаал гарвал энэ ажилд бүгд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сэлгээнээс гарсан туслах машинч нараар гол замынхаа дутуу орон тоог нөхөж ажиллах шаардлагатай” гэв.

Хурлын төгсгөлд Замын I орлогч дарга О.А.Казаков Замын аж ахуйн албанд үлдэгдэл материалынхаа судалгааг гаргаж танилцуулах, мөн холбогдох албадад хоногт доод тал нь 900 ба түүнээс дээш вагон буулгах үүргийг өглөө.

 

М.Наранболд

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.