Улаанбаатар төмөр замын Төв вокзалын зүүн тал дахь хонгилон гарцны хашаалсан хэсгээс ган хөрөө, гагнуурын оч хаян хангинах чимээ энэ зун тасарсангүй. Хол ойроос ирж, буцаж байгаа зорчигчид энэ гарц хэзээ нээгдэхийг тэсгэлгүй хүлээнэ.  

Анх  энэ вокзалын хонгилон гарц 2003 онд ашиглалтад орж зорчигчийн хоёр болон гуравдугаар тавцанг нэмж байгуулснаар тухайн үед зорчигчийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, зорчигчдын тоог өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэж байв. Гэвч хонгилон гарцны ачаа зөөх зам стандартын дагуу биш, хэт огцом хийгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замгүй зэрэг нь олон жилийн турш шүүмжлэл дагуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд нийгмийн мэдээллийн сүлжээгээр янз бүрийн шүүмжлэлт зураг, бичлэг тавигдах болсон учраас УБТЗ ХНН-ийн зүгээс хүлээн авч вокзалын хонгилон гарцыг шинэчлэх ажлыг  2024 оны тавдугаар сарын сүүлчээс хийж эхлүүлээд байна.

Одоо энэ ажлын явц хэр байгаа талаар хамгийн түрүүнд Зорчигч тээврийн төвийн орлогч дарга буюу ерөнхий инженер Л.Дэлгэрмаатай уулзлаа. Тэрбээр “Өмнөх   хуучин хонгилон гарц олон улсын зорчигч тээврийн төвийн стандартад нийцэхгүй, зорчигч, үйлчлүүлэгчдийн ая тухтай, аюул осолгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрэн хангаж чадахгүй байсан. Иймд бид удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд Замын удирдлагууд дэмжиж,  вокзалын зорчигчдын хонгилон гарцыг шинэчлэх шийдвэр гаргаж, засвар үйлчилгээний ажлын  тендер зарласан. Тендерт урьд нь томоохон барилга байгууламж барьж байсан туршлагатай  “Таван орд” ХХК шалгарч, 2024 оны тавдугаар сарын 25-нд гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн. Уг засвар, шинэчлэлийн ажил нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Одоогийн байдлаар ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Хамгийн сүүлд тогтсоноор энэ сарын 25-ны өдөр хүлээлгэж өгөх хуваарьтай.

Энэ засвар шинэчлэлийн ажил хийгдсэнээр зорчигчийн хонгилон гарцны орц, гарцыг өргөтгөж, урсдаг шат, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон зорчигчдын ачаа тээш зөөхөд зориулж урсдаг замыг хийж байна. Манай төвийн зүгээс хонгилон гарцны орц, гарцан дээр том лед дэлгэц суурилуулж, УБТЗ-ын үйл ажиллагааны тухай болон зорчигчдод зориулсан анхааруулга, сэрэмжлүүлэг, мэдээлэл сурталчилгааг тогтмол хүргэнэ.  

Зорчигчийн хонгилон гарцны шинэчлэлт, засвар үйлчилгээний ажлыг хариуцаж байгаа Зорчигч тээврийн төв, “Таван орд”ХХК хоёр байгууллагын хувьд нягт хамтран ажиллаж, тогтмол мэдээлэл солилцож, үйл ажиллагаандаа байнга хяналт тавин ажиллаж байна. Ажил эхлэхэд гэрээ ёсоор тендерийн үнийн дүнгийн 20 хувийг Замын захиргаанаас гүйцэтгэгч байгууллагад олгосон. Одоо байгууламж бүрэн ашиглалтад орсны дараа ажлын гүйцэтгэл, тайланг үндэслэн үлдсэн 80 хувийн санхүүжилтийг олгох учиртай. “Таван орд”ХХК-ийн зүгээс санхүүжилтийн талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй” гэв.

 “Таван орд” ХХК-ний төслийн менежер, инженер Г.Цэрэнбаяртай уулзахад “Зорчигчийн хонгилон гарцны шинэчлэлт, засвар үйлчилгээний ажлын явц 80 хувьтай байгаа. Уг нь, энэ оны наймдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх ёстой байсан. Харамсалтай нь энэ зун бороо хур элбэгтэй, хөрсний гулгалт их гарсан нь хугацаа хойшилоход нөлөөлсөн. Нөгөө талаас нураалтын ажилд цаг хугацаа их алдсан. Гол шалтгаан нь хонгилон гарцыг анх байгуулахад хийгдсэн ажлын зураг олдоогүй. Суурийн зарим хэсгийг нураахад цаад талд нь ямар зүйл, шугам хоолой байгаа нь мэдэгдэхгүй байсан. Хамгийн гол нь хонгилон гарцны өндрөөс шалтгаалан машин механизм оруулж чадаагүй. Бүх буталж нураах ажлыг гар ажиллагаагаар, хүний хүчээр хийхэд хүрсэн.  Ингэж үндсэн байгууламжийн бараг 90 хувийг шинэчилсэн. Харин нэг дурдууштай зүйл нь хонгилон гарцны үндсэн суурь, бэхэлгээ нь маш бат бөх, чанартай хийгдсэн байсан. Одоо бид материалын татан авалтаа 98 хувь хийгээд байна. Зөвхөн шилээ татаж авах үлдсэн. Үлдсэн хоногт ажлаа амжуулах гээд хоёр ээлжээр тасралтгүй ажиллаж байна” гэв.  

Зорчигчийн хонгилон гарцны шинэчлэлт, засвар үйлчилгээний ажил хэдийгээр анх төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч яваа ч амжилттай үргэлжилж байна. Орц гарцны үүд, дээврийн угсралт ид хийгдэж байна. Энд нэг нь төмөр рамыг хөрөөдөж, тасдаж байхад, тэнд нэг нь гагнаж холбож байгаа харагдана.  Нэг хэсэг нь налуу замын суурийг янзалж байхад нөгөө хэсэг нь урсдаг шатыг суурилуулж байна. Хана туурганд өнгөлгөөний чулуун хавтанг бөхөлж эхэлсэн харагдана. Харин явган шатны ажил л үлджээ. Энэ эрчээрээ бол хонгилон гарцны шинэчлэлт, засвар үйлчилгээний ажил хугацаандаа амжих бололтой.

 

Г. Энхбаатар