Говийн холбоочдын хувьд 24 хүний орон тоо дутуу ажиллаж байна. Оны эхний нэгдүгээр улирлын байдлаар нийт 18 гэмтэл гаргаж өмнөх оноос 14, таван дутагдал гаргаж дөрөв, зурмагийн найман тасалдал гаргаж долоон нэгжээр тус тус нэмэгдүүлжээ. Энэ нь, өмнөх оныхоос их цас орж, эрс хүйтэрсэнтэй холбоотойг ангийн Дохиолол холбооны III ангийн дарга тайлбарлав. Мөн их барилгын ажилд ИТА нарыг ажиллуулснаар ашиглалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна. Үүнээс гадна хүн хүчний хомсдол, шинэ ажилчдын мэдлэг ур чадвар, туршлага дутмаг байгаагаас хувь хүнтэй холбоотой гэмтэл саатал нэмэгджээ. Тус ангийнхан Шаргын-Овоо зөрлөгийн хоорондын хоёрдугаар замын оруулах, нахааруулах дохиог консоль суурьтай болгосон байна. Мөн Замын-Үүд-2 өртөөний сэлгээний дөрвөн дохио, сумгүй хоёр секц нэмж, харин хасагдах сумын секц, сэлгээний дохионуудыг хураан авч удирдах пульт таблонд хос замын өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн, хоорондын хос замын дан замнал заагч гурав, бүсчилсэн замнал заагч хоёрыг хамааралд оруулж, өртөө хоорондын уялдааны монтаж угсралт болон гол тоологч балиссууд байрлуулсан байна. Замын-Үүд-2, Шаргын-Овоо зөрлөгт СИРДП-Е системийн программ уншуулах өөрчлөлт оруулсан гэхчлэн олон ажлыг гүйцэтгэжээ. Тиймээс үзлэгийн комисс хоорондын хоёр дахь замд зам хэмжигч явуулан хурд нэмэхийг үүрэг болгосон юм.  Холбоочдын гүйцэтгэж буй бас нэгэн том ажил нь хоёрдогч шилэн кабель юм. Энэ ажлын газар шорооны ажлыг өнгөрсөн сарын 22-ноос Авгын гол-Сумангийн зоо зөрлөг хоорондын 1046 дугаар км-ийн долдугаар зуутаас эхлүүлсэн байна. Замын даргын үзлэг очих хүртэл 5.2 км урт зурвас ухсанаа танилцуулж, энэ сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ч хад чулуу ихтэйгээс шалтгаалж ажил удааширч буйг ангийн дарга учирлаж, чулуу ухах багаж хэрэгтэйг хэлсэн юм.