ЗТБ-ийн манлайлагч залуус уламжлал болсон “Гурван үеийн уулзалт” зөвлөгөөнөө Замын хойд хэсэглэл буюу Сүхбаатар, Дархан, Салхит, Эрдэнэт, Зүүнхараа зангилаадад амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 19-23-нд зохион байгуулсан тус сургалт зөвлөгөөнийхөө хүрээнд тэд зангилаа бүрийн ахмад, дунд, залуу үеийнхний санал хүсэлтийг сонсон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн “Шинэ үе” залуучууд хөгжлийн академийн сургагч багш нар шинэ залуу ажилтнуудад зориулсан хувь хүний хөгжлийн сургалтыг “Эерэг хандлага”, “Харилцаа хандлагын үнэ цэн”, “Дэвшилтэт технологийн эрин үе” сэдвүүдийн хүрээнд хийлээ. Энэ удаагийн зохион байгуулалтын багт ЗТБ-ийн тэргүүн Ц.Золбаатар, Ахмадын холбооны дэд дарга М.Ганбат, “Шинэ үе” залуучууд хөгжлийн академийн хувь хүний хөгжлийн сургагч багш Б.Дэлгэрхишиг, Г.Хишигдэлгэр, Д.Тэмүүлэн, Л.Жавхлант-Ирээдүй нар ажиллалаа. Мөн энэ удаагийн уулзалтыг Замын даргын ажлын алба хамтран зохион байгуулж, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо дэмжин ажиллаж буйгаараа онцлогтой байв. Үүнээс гадна “SM” буюу “Сайн сайхан” эмнэлгийн хамт олон ЗТБ-тай байгуулсан “Санамж бичиг”-ийнхээ дагуу умайн хүзүүний хорт хавдрыг хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоогоор илрүүлэх зорилт бүхий эмч нарын багийг Сүхбаатар, Дархан зангилаадад ажиллуулсан юм. Тус багийг ЗТБ-ийн дэд тэргүүн Б.Азжаргал ахлан ажиллалаа. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий энэхүү үзлэг оношилгооны үр дүн маш өндөр гарсан төдийгүй, хавдрын батлагдсан болсон, эрсдэлтэй тохиолдлууд илэрсээр байгаа нь төмөр замчин эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал хандуулах цаг болсныг мэргэжлийн эмч нар онцолсон юм.
Хойд хэсэглэлийн төмөр замчид “Гурван үеийн уулзалт-2024” арга хэмжээ илүү шинэлэг хэлбэрээр өрнөж байгааг онцлоод хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа төмөр замчдад ямар асуудал тулгамддагийг тус бүрдээ дэвшүүлэн тавьж байлаа. Тухайлбал, сүүлийн үед орон нутагт шилжин суурьших залуусын хүсэл нэмэгдэж байгаа ч орон байр, цалин хангамжийн асуудлаас шалтгаалж хувийн хэвшил рүү орох, гадаадад гарч ажиллах хүсэл эрмэлзэл үзэмж хэмжээгээр өссөнийг дурдлаа. Үүнээс улбаалан боловсон хүчний хомсдолд орох, олон жил бэлтгэсэн туршлагатай ажилтнуудаа алдах зэрэг сөрөг талууд ажиглагдах болжээ. Тиймээс орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх, цалин хангамжийг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтмол нэмж байх, төмөр замчдын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах зэрэг санал хүсэлтүүдийг уламжилсан юм. Мөн ахмад төмөр замчдын хувьд залуу, дунд үеийнхэнтэйгээ илүү уядлаа холбоотой байж ажлын арвин туршлага, алтан сургаалаа харамгүй хуваалцахыг хүсдэгээ ч учирлаж байв.
“Гурван үеийн уулзалт” Дархан зангилаанд өрнөх үеэр УБТЗ-ын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг нар паналистаар оролцож, Замын захиргаанаас дэвшүүлж байгаа бодлого, шийдвэрийг тайлбарлан таниулж, зангилааны төмөр замчдын асуусан асуулт, дэвшүүлсэн санал санаачилгад хариулт өгсөн нь уулзалт, зөвлөгөөний ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлсэн юм. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны хувьд тухайн зангилаадад шинэ хамтын гэрээний онцлог болон төмөр замчдын эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хэрэгжүүлэх чиглэлээр Замын захиргаатай хамтарсан түншлэлийнхээ хүрээнд ямар бодлого барин ажиллаж байгаагаа танилцууллаа. Мөн Сүхбаатар зангилаанд тус холбооны дэд дарга Х.Тулга ажилласан билээ.
Б.Ганзориг:Боловсон хүчний тогтвор суурьшлыг хангах чиглэлд Замын захиргаа онцгой анхаарч байна
Дархан зангилаанд болсон уулзалтад 350 гаруй төмөр замчин оролцсон бөгөөд энэ үеэр Дархан өртөөний дарга Б.Ганзориг “Манай УБТЗ-ын хамт олон аливаа үйл ажиллагаагаа гурван үеийн хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. Сүүлийн жилүүдэд ахмад буурлуудынхаа уламжилж ирсэн энэхүү арга барилыг шинэ цагийн залуус түгээн дэлгэрүүлж, хамтдаа суралцаж, хөгжих чиглэлээр идэвх санаачилгатай оролцож байна. Төмөр замчид бидний хувьд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол боловсон хүчний тогтвор суурьшил. Ялангуяа сүүлийн жилүүдэд шинэ төмөр замын төсөл хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж байгаатай холбоотойгоор манайд бэлтгэгдсэн боловсон хүчний шилжилт хөдөлгөөн үлэмж хэмжээгээр нэмэгдлээ. Энэ ч утгаараа боловсон хүчнийхээ тогтвор суурьшлыг хангах үүднээс Замын захиргаа цалин урамшууллын системээс эхлээд өргөн далайцтай бодлого хэрэгжүүлж байна. Манай Дархан зангилааны хувьд л гэхэд 2024-2025 онд нийт төмөр замчдадаа зориулсан “Спорт цогцолбор”-ыг бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Эдгээрийн үр дүн ч эхнээсээ гарч хувийн хэвшлийн төмөр зам руу шилжсэн залуус маань буцаж ирэх хандлагатай болж байна” гэлээ.
Б.Алтанхуяг:Орчин цагийн ҮЭ-ийн үзэл баримтлал өөр болсон
Мөн энэ үеэр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг “ҮЭ-ийн байгууллага гэхээрээ л юм бүхнийг эсэргүүцдэг, жагсдаг, тэмцдэг байх ёстой. Ийм зарчмаар л ажиллаж байвал хамгийн сайн ажиллаж байна гэж үздэг хандлага, ойлголт нэг үе байсан. Харин орчин үеийн ҮЭ-ийн байгууллага нийгмийн түншлэлийн хүрээнд хамгийн үнэт капитал болох ажилтнуудынхаа цалин, нийгэм ахуйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг чилэлд ажил олгогчтой хамтран ажиллах ёстой гэдэг үзэл баримтлал руу орсон. Аливаа асуудлыг зөвхөн ганц өнцгөөс дүгнэж, сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Олон талаас нь харж, бодит судалгаа, баримтад тулгуурлан ул суурьтайгаар хандах ёстой. Эдийн засгийн боломж, хууль эрх зүйн орчин нь ямар байна вэ гэдгийг бүгдээрээ хэлэлцэж, мэргэжлийн ур чадварын хүрээнд эцсийн шийдвэрийг албан ёсны хэлэлцээрийн зарчмаар гаргах нь бидний гол зорилго. Магадгүй дээрх зарчмаар шийдэгдэх боломжгүй болсон нөхцөлд бидэнд ҮЭ-ийн байгууллагын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд зөвхөн ҮЭ-д олгогдсон онцгой эрх болох жагсах, тэмцэх, ажил хаялт зохион байгуулах эрх нь бүрэн бий. Энэ бол шинэчилсэн хуулиараа “Сонирхлын маргаан”. Тэрхүү онцгой нөхцөл хүртэл бүх үйл ажиллагаа судлах, хэлэлцэх, хамтдаа шийдвэрлэх арга замаар явна. Гэхдээ энэ бүхний үр дүн нь ажилтнуудын эрх ашгийн төлөө байх ёстой” хэмээлээ.
Ц.Золбаатар: Залуучууд өөрөө өөрсдийнхөө төлөө нэгдэн суралцаж, хөгжих нь чухал
ЗТБ-ийн тэргүүн Ц.Золбаатарын хувьд залуучуудын байгууллагын үйл ажиллагаа аливаа нам эвсэл, ашиг сонирхлын бүлэглэлээс ангид байх ёстой. Ингэхийн тулд бие даасан бодлого, хөрөнгө санхүүжилтийг өөрсдийн хүчээр босгож, залуусын асуудлыг өөрсдөө дэвшүүлэн тавьж шийдвэрлүүлдэг байх зарчим руу явж байгааг онцлон тэмдэглээд, “Монгол Улсын хэмжээнд ахмадууд, эмэгтэйчүүд гэхчлэнгээр тус бүрдээ өөрийн гэсэн бодлоготой явдаг боловч нийгмийн баялаг бүтээх, өөрчлөлт шинэчлэлийг түүчээлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг залуучуудын асуудал нэг талдаа орхигдож байна. Үүнийг шийдвэрлэхийн төлөө төмөр замчин залуус хүсэл сонирхлоороо нэгдэн ажиллаж байгаа. ЗТХЯ-нд ч мөн адил зөвлөл байгуулагдсан. Цаашлаад НХХЯ-нд түшиглэн Залуучуудын үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Тиймээс залуучууд өөрсдөө идэвх оролцоотой, тасралтгүй суралцах, хөгжих тэмүүлэлтэй байгаарай” хэмээн уриаллаа.
Ийнхүү “Гурван үеийн уулзалт-2024” замын хойд хэсэглэлд амжилттай зохион байгуулагдлаа. Улмаар ЗТБ, “ХЗЭ-ийн ахмад ажилтны холбоо” ТББ-ийн хамтарсан баг энэ сарын 26-28-нд Багануур зангилаа болон Баянтүмэн тасагт ажиллана. Мөн төлөвлөгөөний дагуу гуравдугаар сарын 1-нд Улаанбаатар зангилаанд “Гурван үеийн уулзалт”-ыг өрнүүлснээр энэ жилийн уулзалт зөвлөгөөн албан ёсоор өндөрлөх юм.
Б.Дэлгэрхишиг
