Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөг боловсруулжээ. Төслийг боловсруулахдаа хотын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдалд бүрэн дүн шинжилгээ хийжээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хог хаягдлын менежментийн санхүүжилтийн системийг өөрчлөн, бохирдуулагч нь хаягдлыг үүсгэсэн хэмжээгээрээ төлбөр төлөх зарчмаар цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн дэмжлэг, татаасыг бууруулан чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх боломжийг бий болгоно.
Мөн дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилсан, үүсгэж байгаа хаягдлаа бууруулсан иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээний хураамжийн хөнгөлөлт үзүүлэх аж.
Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хувийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох замаар үйлчилгээний чанарыг дээшлүүлж, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйл ажиллагааг дэмжихээр болжээ.
Хууль, эрх зүйн орчныг сайжруулан төвлөрсөн цэг, ландфиллд булшлан устгаж байгаа хог хаягдлын хэмжээг эрс бууруулан хог хаягдлаас үүсдэг хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах юм.
Сүүлийн таван жилд Улаанбаатар хотын хүн ам ойролцоогоор 17-19 хувиар өссөн. Жилээс жилд хүн ам өсөж үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ, нэр төрөл нэмэгдэж, 2025 оны байдлаар төвлөрсөн цэгт нийт 2.057.886.0 тонн хог хаягдал хүлээн авч, дарж булшлах аргаар устгажээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
