Замын хэмжээнд дохиолол холбоогоо хүчжүүлэх чиглэлээр Дохиолол холбооны алба олон ажил төлөвлөн хийж буй билээ. Дохиолол холбооны III ангийн хувьд энэ онд Сумангийн зоо-Алтганы гол хооронд үлдээд байсан 14 км шилэн кабелийг хийснээр хоёрдогч шилэн кабелийг амжилттай суурилуулан холбож дуусгасан байна. Ийнхүү нөөц шилэн кабельтай болсноор өмнө нь бусдаас түрээслэн ашигладаг байсан бол эсрэгээрээ бусдад түрээслүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж. Мөн Хангай зөрлөгт дохиолол төвлөрүүлэлтийн их барилгын ажил өрнөж буй бол Цайдам, 36 дугаар зөрлөгийн өргөтгөлтэй холбоотой микропроцессорын цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглож, ОХУ-аас модуль чингэлгээ авчрахаар шалгалтын ажлыг гүйцэтгэж байгааг тус Дохиолол холбооны албаны ерөнхий инженер Б.Баатаржаргал мэдээллээ. Түүнчлэн, Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын 14.2 км замыг хос замын дохиолол төвлөрүүлэлт хориглол, холбооны байгууламжийн ажлыг хийж дуусгасан байна. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд байгуулсан Замын-Үүдийн хилийн паркийн дохиолол төвлөрүүлэлт хориглолын ажлыг одоогоор хийж байгаа аж.