Зуны тэргүүн сарын шинийн 2-ны Балжинямтай билэгт сайн өдөр Улаанбаатар өртөөний хамт олон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Н.Ширнэндугар агсны гэрэлт хөшөөний нээлтийг хийлээ. Хөшөөний нээлтэд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлагууд, хамт ажиллаж байсан ахмад буурлууд, өртөөний хамт олон, гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь оролцлоо. Н.Ширнэндугар агсан 19 настай (1978 онд) тус өртөөнөөс холбогч-найруулагчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж улмаар өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагчаар ажиллаж байв. Тэрээр Замын мэргэжлийн аваргаар удаа дараа шалгарч, ажил мэргэжлээрээ мэргэжил нэгтнүүдээ хошуучлагч шилдэг төмөр замчин байсан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 2004 онд Монгол Улсын “Гавьяат тээвэрчин”, 2019 онд “Хөдөлмөрийн баатар” цолыг хүртээсэн юм.
Ийнхүү УБТЗ-ын тээврийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхийн төлөө өөрийн нэгэн насны амьдралыг зориулсан түүний дурсгал Улаанбаатар өртөөний арын цэцэрлэгт сүндэрлэж, алдар гавьяа нь мөнхөд дуурсагдаж байх боллоо.