Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын хилийн зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болж, хилийн боомтын төмөр замаар солилцох ачаа болон зорчигч тээврийн асуудлыг авч хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар талууд харилцан тохиролцож, зөвлөгөөний протоколд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, БНХАУ-ын Хөх хотын Төмөр замын компанийн дарга Жуан Хэ, ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын дарга В.Ф.Фролов нар өнгөрсөн Баасан гаригт гарын үсэг зурлаа.
Энэ удаагийн зөвлөгөөн нь хөрш гурван улсын хилийн төмөр замуудын хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжихөд бас нэгэн чухал алхам боллоо.
Ази Европыг холбосон хамгийн дөт коридор “УБТЗ”-аар тээвэрлэх ачааны хэмжээ жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөний үр дүн, хамтын ажиллагаа улам бүр эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл юм.
2025 оны эхний зургаан сарын байдлаар Замын-Үүд-Эрээн өртөөний хилийн төмөр замын гарцаар 8.773.163 тонн ачаа солилцсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 103.3 хувьтай, Сүхбаатар-Наушки өртөөний хилийн төмөр замын гарцаар 4.300.121 тонн ачаа солилцсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 104.0 хувьтай байна. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлсэн чингэлгийн галт тэрэгний тоо 1823-д хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсжээ.
УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлснээр дам байдлаар Монгол улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг тул хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх нь дан ганц УБТЗ бус манай улсын гадаад худалдаанд чухал нөлөөтэй. Ялангуяа, төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхэд нэн чухал ач холбогдолтой. Энэ асуудлыг энэ зөвлөгөөний үеэр хөндөж ярилцсан.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын хилийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, тохиролцсон асуудлын талаар УБТЗ-ын Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Д:Амарбаясгалан товч мэдээлэл өглөө. Тэрбээр, “Энэ зөвлөгөөнөөр бид Хятадын талтай галт тэрэг солилцооныхоо тоог нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг 1.2 сая тонноор нэмэгдүүлж Хятадын төмөр замд хүлээлгэж өгөхөөр тохиролцоонд хүрлээ. Мөн Монгол Улсад импортоор орж ирэх өргөн хэрэглээний бараа таваарын бүтээгдэхүүнийг Хятадын төмөр замаас илүү түлхүү хүлээж авахаар тохиролцож, галт тэрэг солилцоогоо өргөн царигаар 16, нарийн царигаар 10 галт тэрэг хүлээлцэхээр боллоо.
Нөгөө нэг шийдсэн асуудал бол Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэгний вагонуудын ашиглалтын хугацаа дууссантай холбогдуулан зорчигчийн галт тэргийг сайжруулах, орчин үеийн шийдэл бүхий инновацын вагонуудыг зорчигч тээвэрт ашиглах талаар хятадын талтай тохиролцож, шийдэлд хүрлээ.
Ингээд ирэх есдүгээр сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зорчигчийн галт тэрэгний зурмаг тохиролцох зөвлөгөөнөөр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр боллоо.
Дараагийн нэг асуудал нь Замын-Үүд өртөөний боловсруулах нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх тал дээр бид Хятадын талтай тохиролцож, протоколд тэмдэглэл оруулсан.
Оросын талтай 1980 онд байгуулсан БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд УБТЗ-ын зүгээс оруулах саналыг Оросын талтай тохиролцлоо. Мөн төмөр замын тээврийн холбогдох бүх бичиг баримтыг цахимаар солилцохоор тохиролцоонд хүрлээ.
Түүнчлэн Эрхүү-Улаанбаатарын чиглэлийн зорчигчийн галт тэргийг тогтмол аялуулахаар тохиролцлоо” гэв.
Ташрамд дурдахад 50 вагонтой нэг цувааг бид нэг галт тэрэг гэж тооцдог. Хоногт солилцох галт тэрэгнийхээ тоог нэгээр нэмэгдүүлэхэд ачаа тээврийн хэмжээ 1.5 сая хүртэлх тонноор нэмэгдэх боломжтой. Ингэснээр жилд дунджаар 14 сая ам.доллар буюу 53 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрддэг байна.
