УБТЗ ХНН болон Дорнод Сибирийн төмөр замын нэгдүгээр орлогч дарга нар цахимаар хуралджээ.
Хурлын үеэр УБТЗ-ын I орлогч дарга О.А.Казаков “Энэ сард тохиож буй чухал үйл явдлуудын нэг бол Хятад-Монгол-Орос-Беларусь-Польш чиглэлд сүүлийн таван жилд чингэлгийн анхны галт тэрэг аялж эхэлсэн явдал юм. Уг галт тэргийг Замын-Үүд өртөөнд нарийн царигаас өргөн цариг руу шилжүүлэн ачих хугацааг тооцон 51 цагийн дотор УБТЗ-ын гол замаар аялуулж, зургадугаар сарын 24-нд Сүхбаатар-Наушки хилийн боомтоор Дорнод Сибирийн төмөр замд хүлээлгэн өглөө. Энэ оны эхний саруудын тээврийн тоон үзүүлэлтийг харахад хөрш төмөр замууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. 2030 он гэхэд Сүхбаатар-Наушки боомтоор дамжин өнгөрөх ачаа эргэлтийг 4.8 сая тоннд хүргэх зорилттой ажиллаж байгаа” хэмээн онцлов. Дорнод Сибирийн төмөр замын I орлогч дарга Евгений Ларин “2024 оны эхнээс Орос, Монголын хилээр дамжин өнгөрөх ачаа тээвэр нэмэгдэж байгаа нь Сүхбаатар, Наушки өртөөдийн технологит ажиллагааг сайжруулсантай шууд холбоотой. Дорнод Сибирийн төмөр зам Наушки өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Статистик тоо, баримтаас харахад, бидний тоон үзүүлэлтүүд түүхэн дээд амжилтад хүрч байна” гэжээ.
Энэ оны тавдугаар сарын байдлаар ОХУ-аас Монгол Улс руу тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ төлөвлөснөөс хоёр хувиар давж, 2855.5 мянган тонн болжээ. Үүнийг 2023 оны мэн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Хилийн галт тэрэг солилцооны хувьд Монгол Улс руу өдөрт дунджаар 7.7, ОХУ руу 7.3 галт тэрэг хилээр гарч байгаа гэдгийг талууд онцоллоо. Ташрамд дурдахад УБТЗ ХНН 2030 он хүртэл төлөвлөсөн Орос-Монгол-Хятадын төмөр замын коридорын дэд бүтцийг хөгжүүлэх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон ажлуудыг хийж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал жилд 50 сая тонн болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.