АНУ-ын технологийн магнат "Apple" компани шинэ загварын "iPhone" гар утсаа танилцууллаа. "iPhone 16" нь дөрвөн төрлийн загвартай бөгөөд бүгд хиймэл оюун ухаант функцтэй аж. Калифорни мужид байрлах "Apple" компанийн төв оффис дээр Даваа гаригт болсон үйл ажиллагааны үеэр тус компани анх удаа өөрсдийн гаргасан хиймэл оюун ухаант систем болох "Apple Intelligence" функцээ танилцуулжээ. Үүний тусламжтайгаар мэйл, мессежийг нэгтгэн дүгнэж, хариу бичихэд хялбар болно.

Мөн "iPhone 16" нь хэрэглэгчийн зургийн санд хадгалагдсан гэр бүл, найз нөхдийн зургаас эможи үүсгэх чадвартай. "AI" систем нь "Apple"-ийн дуут туслах "Siri"-ийн функцийг мөн сайжруулдаг. Энэ нь "Siri" хэрэглэгчийн дуут дохиог илүү сайн таньж, хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой болсон гэсэн үг юм.

Техникийн компаниуд хиймэл оюун ухаанаар ажилладаг ухаалаг гар утас бүтээхээр уралдаж байна. АНУ-ын мэдээллийн технологийн аварга "Google" компани "Gemini" хэмээх дотоод хиймэл оюун ухааныхаа хэрэглээг өргөжүүлж байна. Өмнөд Солонгосын "Samsung" компани хиймэл оюун ухаанаар ажилладаг шинэ ухаалаг гар утасныхаа цувралыг танилцууллаа. Үйлдвэрлэгчид ухаалаг гар утсандаа үнэ цэнийг нэмэх хүчин чармайлтаа эрчимжүүлж, хэрэглэгчдэд илүү үр ашигтай ажиллах, харилцах олон арга замыг бий болгоход нь туслахын тулд өрсөлдөөн ширүүссээр байна.