“Хятадын төмөр зам” компани Бээжин хотод CR450 өндөр хурдны галт тэргийг үйлдвэрээс гаргаж бэлэн болгожээ. Цагт 400 км хүртэл хурдлах боломжтой шинэ галт тэрэг зорчигч тээврийн хөдөлгөөнийг шинэ шатанд гаргаж, иргэдийн цаг хугацааг ихээхэн хэмнэнэ хэмээн найдаж байна. CR450 галт тэрэгний тоормозлох зам багасаж, тогтвортой байдал нь дээшилсэн аж. Мөн хяналтын хамгийн сүүлийн үеийн системээр тоноглогдсон тул сүүлийн үеийн хурдны галт тэрэгнээс аюулгүй байдлаараа илүү гарч байна. Түүнчлэн эрчим хүчний зарцуулалт бага, доторх дуу чимээг намсгасан, ухаалаг үйлчилгээгээр бүрэн тоноглогдсон, бизнес ангилалд 300 градус эргэдэг ухаалаг суудал суурилуулсан аж. Өндөр хурдны галт тэрэг гэдэг нь 250 км/цагаас дээш хурдтай галт тэргийг хэлдэг бөгөөд одоо үйлчилгээнд явж буй 350 км/цагийн хурдтай Хятадын галт тэрэг дэлхийн хамгийн хурдан нь юм. Одоогийн байдлаар тус улсад Бээжин-Тяньжин, Бээжин-Шанхай зэрэг томоохон хотуудыг холбосон 350км/цагийн хурдтай галт тэрэгнүүд явж байна. "Хятадын төмөр зам” компани шинэхэн тээврийн хэрэгслийн туршилтыг ойрын өдрүүдэд эхлэхээр төлөвлөжээ.