Аравдугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотын метроны 12 дугаар шугамыг бүрэн нээлээ. Нийт 37 өртөөтэй, 60 км урт цагираг шугамыг галт тэрэг 96 минутад бүтэн тойрно. Энэ нь одоогоор Хятадын машинчгүй метроны хамгийн урт шугам юм. Бүтээн байгуулалт 2017 оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалт 80 тэрбум орчим юань буюу 12 тэрбум ам.доллар болжээ.
Тус шугамд CRRC компанийн Чанчүнь дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн, А төрлийн зургаан вагонтой 79 галт тэрэг үйлчилж байна. 140 орчим метр урт нэг галт тэрэг 1.836 зорчигч тээвэрлэх багтаамжтай. Галт тэрэг 1.5 кВ-ын тогтмол гүйдлийн контакт рельсээс цахилгаан тэжээл авдаг бөгөөд хийцийн дээд хурд нь 80 км/цаг юм.
Шугам нь автоматжуулалтын хамгийн дээд түвшин болох GoA4 стандартаар ажилладаг. Галт тэргэнд машинчийн тусдаа бүхээг байхгүй бөгөөд өртөөний тавцангууд хамгаалалтын хаалгатай. Зорчигчийн хэсгийн цонхонд интерактив дэлгэц суурилуулжээ.

Гэрэл зургийг China Daily, Sohu, Painjet/Wikimedia-аас.
Дэлхийн машинчгүй метроны хамгийн урт дан шугам нь Дубайн 67.1 км урт Улаан шугам хэвээр байна. Тус шугамын эхний хэсгийг 2009 оны есдүгээр сард нээжээ. Тус шугамд Японы Kinki Sharyo компанийн үйлдвэрлэсэн, GoA4 автомат удирдлагатай таван вагонтой 62 галт тэрэг үйлчилдэг. Өртөөнүүд нь мөн тавцангийн хамгаалалтын хаалгатай ажээ.
