Н.Анхбаяр: “ЦАХИМ ТӨМӨР ЗАМЧИН” мэдээлэл, үйлчилгээг нэг дороос шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой
УБТЗ ХНН-ийн ажилчдад зориулсан гар утасны “Цахим төмөр замчин” аппликэйшн шинэчлэгдэн хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа энэ үед энэхүү аппликэйшныг боловсруулсан Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэс(НРП)-ийн дарга Н.Анхбаяртай шинэчилсэн аппликэйшны талаар цөөн хором ярилцлаа.
-Анх “Цахим төмөр замчин” аппликэйшн хэдэн оноос нэвтэрч эхэлсэн билээ?
-Нийгэмлэгийн Хүний нөөцийн албаны захиалгаар манай хэлтсийн боловсруулсан “Цахим төмөр замчин” апп маань 2025 оны тавдугаар сарын 01-нээс хэрэглэгчдийн хүртээл болсон. Харин энэ оны аравдугаар сарын сүүлээс эхлэн шинэчилсэн хувилбараар хэрэглэгчдийн гар дээр хүрээд байна.
- Урьд өмнөхөөс шинэчлэн сайжруулсан болон нэмэгдсэн функцуудын талаар мэдээлэл өгнө үү?
-Шинэчлэгдсэн “Цахим төмөр замчин” апп маань бидний боловсруулан нийгэмлэгийн хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж буй “Цахим сургалтын систем (EduUBTZ)”-тэй холбогдсон “Сургалт” цэсийг шинээр нэвтрүүлсэн. Тус цэсээр дамжуулан ажилтан сургалттай холбоотой мэдээлэл болон өөрийн сургалт, шалгалтын мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж, сургалтын үйл ажиллагаанд цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр оролцох боломжтой болж байгаа. Мөн ирэх оноос нийгэмлэгийн хэмжээнд ашиглалтад оруулах “Төлөвлөлт, тайлагналын систем (PDCA)”-тэй холбогдсон “Миний ажил” цэсийг нэмсэн. Уг цэсээр ажилтан өөрийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл болон тайлагналтай холбоотой мэдээллийг апп-аа ашиглан тайлагнах, төлөвлөх боломжийг бий болгож байна. 11 дүгээр сараас ашиглалтад нэвтрүүлсэн “Ажлын цаг бүртгэл, тайлангийн систем (E-Table)”-тэй холбогдох “Цаг бүртгэл” цэсийг шинээр нэвтрүүлсэн. Ингэснээр ажилтан өөрийнхөө ажлын цагийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг апп-аараа дамжуулан тухай бүр бүртгүүлэх, хянах, шаардлагатай мэдээллийг шуурхай авах боломжийг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ байгууллагын үйл ажиллагаанд үүсэж болзошгүй зөрчил, эрсдэлийг мэдээлэх, урьдчилан сэргийлэх, ажилтны санал, мэдээллийг холбогдох нэгжид шуурхай хүргэх зорилгоор “Шүгэл” цэсийг нэмж оруулсан. Тус цэсээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ёс зүйн зөрчил, ажлын байрны дарамт, авилга, хээл хахууль, санхүүгийн болон бусад зөрчилтэй холбоотой мэдээллийг холбогдох нэгж, албан тушаалтанд мэдээлэх боломжтой. Мөн ажилтнуудад өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг шуурхай авах, мэдээлэл хайх болон тодорхой асуудлаар дэмжлэг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан “AI туслах” функцийг шинээр нэвтрүүлсэн.
Ийнхүү шинэчлэгдсэн апп нь ажилтны өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай сургалт, ажил төлөвлөлт, гүйцэтгэл, цаг бүртгэл, санал мэдээлэл болон AI-д суурилсан туслах үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж, цаашдын хөгжүүлэлтийг хийсээр байна.
Ташрамд дурдахад “Юнител” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Юнителийн дугаартай хэрэглэгчид маань “Цахим төмөр замчин” апп руу дата үнэгүйгээр ашиглаж эхлээд байгаа. Энэхүү завшааныг тохиолдуулан бидний ажлыг дэмжин ажиллаж буй “Юнител” ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
-Зарим байгууллагын ажилтнууд ирц бүртгэлийн дэвтэр дээр цагаа бүртгүүлж гарын үсэг зураад, мөн утсаараа “Цахим төмөр замчин”-д бүртгүүлээд, өрөөндөө ороод “Able”-д дахин цагаа бүртгүүлж байна. Ийм давхардал гараад байгаагийн учрыг их асууж байна?
-Энэ оны 11 дүгээр сараас ашиглалтад нэвтрүүлсэн “Ажлын цаг бүртгэл, тайлангийн систем (E-Table)” нь ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийг хөтлөн, тухайн мэдээлэлд үндэслэн ажилласан цагийн табелийг санхүүгийн CoSS системд ажиллаж буй цалингийн нягтлан бодогчдод автоматаар илгээх байдлаар ажиллаж байна.
Харин шинэчлэгдсэн “Цахим төмөр замчин” апп дээр “Цаг бүртгэл” цэсийг нэвтрүүлснээр ажилтан өөрийн ажилдаа ирсэн, явсан цагтай холбоотой мэдээлэл, мөн чөлөө болон ээлжийн амралтын хүсэлтийг илгээх боломжийг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар уг цэс нь ажилтны цагийн бүртгэлийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүргүүлэх, системийн уялдааг хангах суурь боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашид цаг бүртгэлийг апп-аараа дамжуулан шууд хэрэгжүүлэх, эрх зүйн болон зохион байгуулалтын үндэслэл бүрдэж, холбогдох албадын шийдвэр гарсан тохиолдолд “Цаг бүртгэл” цэсийн функционалийг өргөжүүлж, ажилтны ажлын цагийн бүртгэлийг апп-аар дамжуулан бүртгэх, баталгаажуулах боломжийг үе шаттайгаар нэвтрүүлэх боломжтой болно.
-“Цахим төмөр замчин” аппликэйшныг ашигласнаар төмөр замчдад ямар давуу талууд бий болох вэ?
-“Цахим төмөр замчин” апп-ийн хамгийн гол зорилго бол ажил олгогчид байгаа ажилтны мэдээллийг өөрт ил болгох, нийгэмлэгийн дотоод үйл ажиллагааг цахимжуулах, ажилтнуудад шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос шуурхай, хүртээмжтэй хүргэх, ажлыг хялбаршуулах, мэдээлэл авах хугацааг багасгах, цахим үйлчилгээг хүртээмжтэй болгох юм. Бид цаашид ажилтны ажлын байрны тодорхойлолтыг цахимжуулж тоон гарын үсгээр баталгаажуулах чиглэлээр ажиллаж байна.
-Энэ аппликэйшны ашиглалттай холбоотой мэдээлэл, зөвлөгөө авъя гэвэл төмөр замчид хаана хандах вэ?
-Хүний нөөцийн албаны цахим систем хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэнгэлсүрэнтэй холбогдож мэдээлэл авах бүрэн боломжтой. Мөн апп-аа ашиглан бидэнд санал хүсэлтээ илгээгээрэй.
Б.Гүнжээ
