Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг энэ сарын 25-наас аялж эхэлсэн. Тус галт тэрэг нь ковид цар тахлаас хойш зогсоод байсан Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг юм. Ингэхдээ маршрутыг Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хооронд аялж байхаар төлөвлөжээ.
Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 3/4 дүгээр галт тэрэг энэ сарын 25-нд Бээжин хотоос хөдөлж 11 дүгээр сарын 26-ны 14:35 цагт Улаанбаатарт ирж, 15:22 цагт Эрхүү хот руу хөдөллөө.
Ташрамд дурдахад, энэ оны есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Зорчигч тээврийн комиссын II хэсгийн төмөр замуудын 2026-2027 онд олон улсын харилцааны суудлын галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүний талаар хэлэлцэх зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнөөр тус галт тэргийг Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлд аялуулахаар тохиролцсон нь ийнхүү ажил хэрэг болж байна.
Тус галт тэргийг 1960 оны тавдугаар сараас “Хятадын төмөр замууд” корпораци хариуцан аялуулж ирсэн түүхтэй. Энэхүү галт тэрэг нь БНХАУ, Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг тул гурван улсын найрамдал, хамтын ажиллагааны гүүр, бэлгэ тэмдэг болдог юм.
