Ган зам сониноос жил бүр азтай уншигчдаа тодруулдаг уламжлалтай билээ. Манай сонины 2026 оны азтануудын салхийг Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн ахмад Сосорын Наранханд хагалж, бүрэн автомат угаалгын машинаа өнгөрсөн долоо хоногт ирж авлаа. Тэрбээр, Зүүнхараагийн ачааны вагон засварын депод 28 жил ажиллаад 2015 онд гавьяаны амралтдаа гарчээ. Төмөр замчин болсон цагаасаа манай сониныг захиалагч болж, өдгөө 40 шахам жил сониноо захиалан уншиж байна гэлээ.
-Та сонины азтан болсноо хэзээ мэдсэн бэ?
-Анх сугалааны номертой сонингоо аваад тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсан юм. Харин сонины тохирол гарсан хойно сугалааны дугаартай сонингоо хайгаад олдоггүй. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн дугаараар азтан болчихоод байдаг. Сонингоо олохгүй их сандарлаа. Зангилааны ахмадын хорооны Мягмарсүрэн дарга маань хүртэл анх бидэнд сугалаатай сонингоо тараахдаа хэн хэнд ямар дугаарын сонин өгснөө хүртэл тэмдэглэж авсан юм билээ л дээ. Тэгээд сониноо олохгүй их удсан. Тэгээд нэг удаа хөдөө явсан хүүгээ ирэхэд нь асуутал хүү минь сугалааны дугаартай сонинг маань номны завсар хадгалчихсан байж. Хүү Г.Энхбаяр маань бас төмөр замчин байсан болохоороо азын сугалаатай сонинг маань тэгж нандигнаж хадгалжээ. Азтан болсон гол нотлох баримтаа олоод бөөн баяр болоод хүрээд ирлээ.
-Өмнө нь азтан болж байсан уу?
-Үгүй. Намайг ажиллаж байхад депогоос сонины азтанууд үе үе тодордог байсан. Тэр үед яасан сайхан юм бэ. Азтан болохсон гэж боддог байлаа. Тэтгэвэрт гарсан хойноо сонины азтан болсондоо их баяртай байна. Ахмадын хороод маань сонин захиалж, бидэнд төмөр замынхаа мэдээ мэдээллийг олж унших боломж олгосон их баяртай байдаг.
-Та манай сониноос ямар түлхүү мэдээлэл уншдаг вэ?
-Би сонины эхний нүүрнүүдээс цаг үеийн мэдээ, төмөр замынхаа ажлын үзүүлэлт, өнөөгийн байдлын талаар уншдаг. Замын даргын үзлэгийн тэмдэглэл, шинэ техник технологийн талаар унших дуртай. Төмөр замчдын ажил амьдралын түүх гардаг буланг тогтмол уншдаг. Ер нь, сонингоо бүхэлд нь шимтэж уншдаг даа. Тэтгэвэрт гараад завтай ч болсон.
Би бас өөрөө тэтгэвэрт гарахынхаа өмнө ажил амьдралын түүхээ сонины хуудсанд үлдээсэн азтай хүн. Тэр сонингоо хадгалчихсан, хааяа ач зээ нартаа гаргаж үзүүлдэг. Та бүхэндээ дахин баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Үзэгний үзүүр тань хурц байг!
Энэ жилийн таван азтаны дөрөв нь тохирлоо ирж аваагүй байна.
Хэрвээ уншигч та азтан болсон бол 12 дугаар сарын 1-нээс өмнө ирж азын хонжвороо авна уу. Түүнээс хойш хонжворыг олгохгүйг мэдэгдэж байна.
-55 инчийн телевизор 0001162
-Хөргөгч -0003104
-Тоос сорогч -0000784
-Агаар чийгшүүлэгч - 0001199 та бүхнийг хүлээж байна.
