Төмөр замын хоёр талаарх хориг хашааны бүрэн бүтэн байдлыг хангах ажил гаднаас харахад энгийн мэт санагдаж магад. Гэвч үүний цаана ГТХАБ-ыг хангах асар их хариуцлагатай үүрэг бий. Торон хашааны утас тасарсан бэхэлгээ суларсан эсэх, нүдэлгээний хэмжээ алдагдсан уу гэдгийг нэг бүрчлэн шалгаж, засаж сэлбэнэ. Түүнчлэн төмөр замын ойролцоо бэлчээрлэж буй мал хашаа руу ойртох, тасарсан хэсгээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх учиртай. Энэ бүхнийг өдөр тутам хариуцан ажилладаг хүмүүсийн нэг нь Замын II ангийн тор засагч Даваацэрэнгийн Оюун-Эрдэнэ юм. Тэрбээр 1996 онд Замын II ангийн I хэсэгт замчнаар ажилд орж, хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Замчнаар 19 жил ажилласны дараа тор засагчийн ажилд шилжиж, өдгөө 13 дахь жилдээ энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Ийнхүү төмөр замд 30 орчим жил хөдөлмөрлөсөн түүний хувьд хариуцсан хэсгийнхээ торыг найдвартай, бүрэн бүтэн байлгах ажлынх нь зорилго болжээ.
Тор засагчийн ажилд шилжихдээ Оюун-Эрдэнэ өөртөө эргэлзэж байсан гэдэг. Учир нь замчин байхдаа хамт олноороо, бригадын даргын удирдлага дор ажилладаг. Харин тор засагч өөрийн хариуцсан ажлыг бие даан хийж, үр дүн, чанарыг нь өөрөө хариуцна. “Анх би чадах болов уу гэж эргэлзэж байсан. Гэхдээ үзээд алдъя гэж бодоод л хийж эхэлсэн” хэмээн тэр дурсав.
Замчнаар ажилласан олон жилийн туршлага нь шинэ мэргэжлээ эзэмшихэд нь түшиг болсон ч тор засагчийн ажил өөрийн гэсэн арга барил, нягт нямбай байдал, хариуцлагыг шаарддаг. Тэр дундаа эмэгтэй тор засагч цөөн байдаг нь энэ ажлын онцлогийг илтгэнэ. Оролцсон мэргэжлийн зөвлөгөөн, хурлын үеэр гуравхан эмэгтэй байсныг тэрбээр онцолж байв. Түүний хувьд ажлаа зүгээр нэг хийж дуусгах бус, өөрийн сэтгэлд хүртэл чанартай хийх нь хамгийн чухал. Торны нүдэлгээ жигд, шонгийн бэхэлгээ бат бөх, таталт зөв байх ёстой. Хэрэв эдгээрийг анхнаас нь зөв хийхгүй бол тор суларч, навсайх төдийгүй мал, амьтан төмөр замын бүс рүү нэвтрэх эрсдэл үүсдэг байна. Тиймээс Д.Оюун-Эрдэнэ хариуцсан хэсгийнхээ торыг шалгаж явахдаа шаардлага хангахгүй, нүдэлгээ нь жигд бус хэсгийг орхидоггүй. Заримдаа өмнө нь хийсэн ажлаа хүртэл дахин задалж, шонгийн бэхэлгээг засаж, тороо шинээр татах тохиолдол гардаг аж. Байгууллагаас тор, шон зэрэг шаардлагатай материалыг нийлүүлж, хөрөнгө мөнгө зарцуулдаг учраас тэдгээрийг зөв зохистой ашиглаж, эхнээс нь чанартай хийх ёстой гэж тэр үздэг.

Д.Оюун-Эрдэнийн хариуцсан хэсэг мал бүхий айл өрхүүдтэй ойр, төмөр зам дагуух хөдөлгөөн ихтэй бүсэд байрладаг. Зуны улиралд малчид сүү, цагаан идээгээ борлуулах, суурьшилд ойр байх зэргээр төмөр замын орчимд ирж нутаглана. Харин хүйтрэхээр өвөлжөө рүүгээ нүүж, малын тоо харьцангуй цөөрдөг гэсэн. Ийм нөхцөлд тор засагчийн ажил зөвхөн хашаагаа шалгаж, засварлахаар хязгаарлагдахгүй. Мал торонд ойртох, тасарсан хэсгээр нэвтрэх эрсдэлээс сэргийлж, шаардлагатай үед малчдад анхааруулан, малыг төмөр замаас холдуулах хэрэг гардаг. Заримыг нь уул руу заримыг нь голын цааш гарган туух шаардлага ч тулгарна. Хариуцсан хэсгийнхээ торыг өдөр бүр явган шалгаж, чиглэлээсээ хамааран богино замд 14, урт чиглэлд 22 километр орчим явдаг. Энэ нь торны гэмтлийг эрт илрүүлэх, мал төмөр замын бүсэд нэвтрэхээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Торны төмөр утас олон жил бороо, ус, цаг агаарын нөлөөнд зэвэрч, хэврэгшин тасрах нь нэмэгддэг. Ерөнхийдөө арав гаруй жил ашигласан торны утас мууддаг тул цаг тухайд нь шалгаж, засварлах, шаардлагатай үед шинэчлэх хэрэгтэй аж. Түүний хариуцсан хэсэг байгалийн үзэсгэлэнтэй ч газар орны тогтоц, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан ажиллахад амаргүй. Уул, жалга, гол ус бүхий энэ бүсэд тороо шалгаж, засварлахын тулд өдөр бүр урт зам туулна.
Ялангуяа, гол усны ойролцоох тор засварлах тун төвөгтэй. Зуны улиралд ус чийг ихтэй, намгархаг хөрснөөс шалтгаалан шонгийн суурь муудах, бетон шонгийн доод хэсэг гэмтэх эрсдэлтэй. Харин өвөл голын халиа үүсэж, цас, мөс тор руу шахагдан орсноор тор дарагдах, утас тасрах, бэхэлгээ гэмтэх тохиолдол гарна. Халиа гүйсэн хэсэгт мөс тогтож, дээрээс нь цас дарах үед мал мөсөн дээгүүр явж, тор даван төмөр замын бүс рүү нэвтрэх аюултай. Иймээс тор засагчид зөвхөн гэмтсэн хэсгийг засахаас гадна тухайн газрын онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тухайлбал, халиа их ордог газруудад нэмэлт тор татах, шаардлагатай хэсэгт модон шон байрлуулж бэхэлгээг сайжруулах, усанд байнга автдаг торны хэсгийг шинэчлэх, боломжтой хэмжээнд дээшлүүлэх зэрэг ажил хийдэг аж. Усанд удаан автсан төмөр утас өвлийн улиралд хэврэгшин тасрах нь элбэг тул тухайн хэсгийн торыг сэргээж, бэхэлгээг нь сайжруулах шаардлага ч гардаг байна. Энэ бүхнээс харахад тор засагчийн ажил зөвхөн утас, шон засах төдий бус, байгаль цаг уурын нөхцөлийг тооцож, болзошгүй гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх өргөн хүрээний хариуцлагатай хөдөлмөр юм.
Сүүлийн жилүүдэд байгалийн үзэсгэлэнт энэ бүсэд аялж, зугаалах хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг Д.Оюун-Эрдэнэ анзаарчээ. Үүнтэй холбоотойгоор төмөр замын орчимд зорчиж буй хүмүүст аюулгүй байдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх шаардлага гардаг гэв. Тэрбээр энэ талаар мастертайгаа ярилцаж, төмөр замын орчимд ирж буй хүмүүст зориулсан анхааруулга, мэдээллийн хуудас тараах санал гаргажээ. Учир нь галт тэрэг ирж буйг харсан, эсвэл дууг нь сонссон тохиолдолд төмөр замын орчныг чөлөөлж, аюулгүй зайд гарах шаардлагатай. Гэвч урьдчилан мэдээлэл аваагүй хүмүүс ажилтнуудын тавьсан шаардлагыг ойлгохгүй байх тохиолдол гардаг аж. Тиймээс аюулгүй байдлын шаардлагыг зөвхөн амаар хэлэх бус, хүмүүст ойлгомжтой байдлаар урьдчилан мэдээлэх нь чухал гэж тэр үздэг. Энэ нь иргэд өөрсдийн аюулгүй байдалд анхаарах, төмөр замчдын тавьж буй шаардлагыг ойлгож биелүүлэхэд тусална.
Олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлж, Оюун-Эрдэнийг 2022 онд Замын мэргэжлийн аваргаар шалгаруулж, 2023 онд “Хүндэт төмөр замчин” тэмдгээр шагнажээ. Тор засагч мэргэжлээр ажиллаж, салбарынхаа мэргэжлийн аваргаар шалгарсан нь түүний хувьд бахархалтай үйл явдал байв. Гэхдээ энэ амжилтыг зөвхөн өөрийнх нь гавьяа гэж үздэггүй. Өдөр бүр хариуцсан тороо шалгаж, мал төмөр замын бүсэд нэвтрүүлэхгүй байхыг хичээн, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөх зорилготой ажилласны үр дүн хэмээн даруухан ярина. “Хамт олныхоо нэр төрийг гаргахгүй, мал оруулчихгүй юмсан гэж бодож, өөрөө чармайж ажилласан. Тэрний хүчинд л ийм амжилтад хүрсэн болов уу гэж боддог” хэмээн өгүүлсэн юм. Д.Оюун-Эрдэнийн хувьд төмөр зам зөвхөн ажлын байр төдий биш гэр бүлийнх нь амьдралтай салшгүй холбоотой салбар юм. Түүний аав төмөр замд замчнаас эхлээд мастер, бригадын дарга, орлогч дарга хүртэл ажиллаж байсан туршлагатай төмөр замчин байжээ. Нөхөр Б.Энхбат нь ч мөн замчнаар ажиллаж, эрүүл мэндийн шалтгаанаар 13 жилийн дараа ажлаасаа гарчээ. Хоёулаа төмөр замд ажиллаж байсан учраас ажлын онцлог, бэрхшээлийг сайн ойлгож, нэг нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэн дэмждэг аж. Өдгөө нөхөр нь гэр бүлийнхээ ахуй амьдралыг хариуцаж, эхнэрийнхээ ажлын ар талыг найдвартай даадаг байна. Тэд хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь багаасаа төмөр замын орчинд өсөж, цэцэрлэгт хамрагдан, улмаар 73 дугаар сургуульд суралцжээ. Дотуур байранд амьдарч, бие даан суралцсаар хоёулаа сургуулиа төгсөж, ажил мэргэжлийнхээ замд орсон байна.
Хүү Э.Дэлгэр төмөр замын холбооны чиглэлээр Москвад суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж буй. Охин Э.Номин МУИС-ийг төгсөж, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж байна. Хүү нь төмөр замын салбарт ажиллаж эхэлснээр гэр бүлийнх нь төмөр замчин уламжлал дараагийн үедээ үргэлжилж буй хэрэг. Хүүхдүүдээ багаас нь дотуур байранд сургаж, бие даан өсгөх нь эцэг эхийн хувьд амаргүй байсан ч тэднийг өөрийн гэсэн амьдрал, ажил мэргэжилтэй болоход нь тусалжээ. Зуны амралтаар хүүхдүүдээ гэртээ ирэхэд инээд хөөрөөр дүүрч, намар сургууль, ажилдаа буцахад гэр орон нь нам гүм болдог тухай Д.Оюун-Эрдэнэ инээмсэглэн дурссан.
Түүний хөдөлмөрийн үнэ цэн чухамдаа энэ хичээл зүтгэл, өөрийн ажилдаа хандах чин сэтгэл, төмөр замчны мэргэжилдээ үнэнч байдлаас нь харагдана.
П.Түмэндэмбэрэл
