Улаанбаатар Татах хэсгийн хамт олон Монголд анх удаа зүтгүүрийн КР их засварыг амжилттай хийж, анхны илчит тэргийг тээвэрт хүлээлгэн өгснийг бид өмнө нь мэдээлсэн. УБТЗ ХНН 2010-2011 онд 2ТЭ116УМ серийн 31 илчит тэргээр зүтгүүрийн парктаа шинэчлэлт хийсэн билээ. Эдгээр илчит тэрэг өдгөө 2.3-2.6 сая км гүйж, КР их засварт орох гүйлт нь гүйцжээ. Тиймээс 2024 онд эдгээр тэрэгний их засварыг гадаадад хийлгэх үү, дотооддоо хийх үү гэдэг сонголтыг Замын захиргаа болон Зүтгүүрийн аж ахуйн алба хийх шаардлагатай болжээ. Гадны оронд их засвар хийлгэхэд өртөг өндөр, харин өөрсдөө хийж байсан туршлага байхгүй. Гэхдээ манай үе үеийн зүтгүүрчдийн хувьд КР их засварыг дотооддоо хийх хүсэл зорилго байсан нь гарцаагүй. Нөгөө талаар Улаанбаатар Татах хэсэг бол “2Загал” илчит тэрэгний модернизацийг Монголдоо анх удаа амжилттай хийсэн суурьтай хамт олон. Замын захиргаа энэ хамт олонд итгэл хүлээлгэжээ. Монгол ИТА, засварчид ийм засварыг өөрсдөө хийж чадна гэдгээ батлан харуулсан бахархам түүхийг бүтээгчид ямархан зам туулсан нь сонин байна. Ийнхүү УБТЗ ХНН-ийн түүхэнд үлдэх том амжилтыг тухай дэлгэрэнгүй сурвалжилахаар Улаанбаатар Татах хэсгийг зорьж очлоо. Бидний уулзсан эхний хүн энэ ажлыг удирдсан Улаанбаатар Татах хэсгийн засвар эрхэлсэн орлогч дарга Б.Билэгт-Эрдэнэ байв. Анхны КР их засварыг амжилттай хийж дуусахад депогийн 200 ажилтны хоёр жил гаруйн нүсэр хөдөлмөр шингэсэн гэдгийг залуу дарга ярианыхаа эхэнд онцолсон юм. 2024 онд 2ТЭ116УМ серийн 31 илчит тэрэгнээс хүнд гэмтлээр засварт орж ирсэн 016 илчит тэргэнд КР засвар хийхээр сонгон авч, материал сэлбэгийн судалгаа, тооцооноос ажлаа эхэлжээ. Үүнд хамгийн их цаг хугацааг зарцуулсан гэлээ. Яг үнэндээ тэдэнд КР засварыг хийх технологи бэлэн байсангүй. Тиймээс энэ засварын явцад технологийн горимыг боловсруулах том ажил давхар хийгджээ. Харин 2025-2026 онд илчит тэргэн дээр хийх засварын үйл ажиллагаа өрнөж, энэ оны долдугаар сард эхний секцийг засвараас гарган бэлэнд өгчээ. Харин хоёр дахь секцийн засварыг сая дуусгаж, Замын даргын үзлэгийн үеэр нээлтээ хийснийг бид өмнөх дугаартаа мэдээлснийг та бүхэн мэднэ.
Хоёр жил гаруй хугацаанд хөшигний ард ямар ажил ундрав гэдгийг Б.Билэгт-Эрдэнэ даргаас тодрууллаа.

Илчит тэрэгний цахилгааны монтажид 11 км утас орсон
КР засварын хамгийн их цаг хугацаа шаардсан том ажил нь цахилгааны монтажийг иж бүрэн солих байж. Учир нь, Татах хэсгийн зүтгүүрийн паркад тулгамдаад байгаа асуудал нь илчит тэрэгний цахилгааны утаснууд урт хугацааны эдэлгээний явцад хуучирч муудснаас цахилгааны гэмтэл сүүлийн жилүүдэд олноор гарч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, цахилгааны гэмтлээс шалтгаалан галт тэрэг хоорондын замд саатах, улмаар зурмагийн тасалдал, гологдол, дутагдал гарах гол эрсдэлт хүчин зүйл болсон байна. Тиймээс КР засвараар цахилгааны хуучирсан монтажийг бүрэн сольж, энэ төрлийн гэмтэл саатлыг бүрэн арилгахыг зорьжээ.
Нэг илчит тэрэгний цахилгааны монтажид нийт 11000 метр утас ордог гэхээр ямар цар хүрээтэй ажил вэ гэдэг нь хялбар ойлгогдох байх. Үүнийг тэд илүү ойлгомжтойгоор зүйрлэн хэлэхдээ Хархорингоос Жуковын музей хүртэл урт үргэлжлэх урттай цахилгааны утас зүтгүүрийн монтажид ордог гэв. Ер нь КР засвартын хүрээнд тэд 13 бүлгийн 449 ажилбартай, 8.502.9 цагийн ажлын технологийг шинээр боловсруулан, 100 хувь гүйцэтгэжээ. КР засварын технологийн горим одоо батлагдах шатандаа яваа юм байна.
Мөн 2ТЭ116УМ-016 серийн илчит тэрэгний дизель хөдөлгүүрийн эд ангиудын 80 хувийг шинээр тавьж, угсарч, бусад эд ангиудыг их засварын хэмжээнд засварлажээ.
Олон ШБАЗ шингээсэн их засварыг зөвхөн эдийн засгийн хэмнэлтээр дүгнэх аргагүй
Их засварыг өөрсдөө хийх нь гадаадад хийлгэснээс хамгийн багадаа хоёр дахин хямд туссан байна. Гэхдээ монгол ИТА, засварчид энэ засварыг өөрсдөө хийсний үр дүн, ач холбогдлыг зөвхөн дээрх эдийн засгийн хэмнэлтээр хязгаарлах нь учир дутагдалтай. Тухайлбал, энэ серийн илчит тэргийг манайх 2010 оноос хойш тээвэрт ашиглахдаа олон төрлийн судалгаа, сайжруулалтыг хийж, ашиглаж иржээ. Парк шинэчлэлт хийсэн эхний жилүүдэд эдгээр тэргэн дээр маш олон эвдрэл гэмтэл гарч, дуу дуугаа аван зогсдог байсныг тухайн үед ажиллаж байсан зүтгүүрчид андахгүй. Тэр бүгдэд монгол инженер, техникч, засварчдын ур ухаан шингэсэн шинэчлэлт сайжруулалтыг хийж байж. Өөрөөр хэлбэл, 2ТЭ116УМ серийн бүх илчит тэргэн дээр олон давтамжтай гарсан гэмтлүүдийг судлан, учир шалтгааныг нь олж тогтоон засварлахдаа манайхны ярьдгаар “монголчлох” буюу тийм гэмтлийг дахин гаргахгүй байх өөрчлөлтийг хийж иржээ. Мөн амархан эвдэрдэг эд ангийг ажиллагааны хувьд ижил өөр эд ангиар солих туршилтыг хийж ирсэн байна. Тэр бүх ололтыг анхны КР засвартаа шингээсэн байна. Тоймловол найман томоохон ШБАЗ, олон жижиг өөрчлөлтүүдийг хийсэн аж. Хэрэв гадаадад их засвар хийсэн бол Монгол зүтгүүрчдийн ШБАЗ-ууд огт хийгдэхгүй байсан гэв. Мөн зардал хэмнэх ажилбаруудыг өөрсдөө хийжээ. Тухайлбал, хүчний кабелийн төгсгөвчүүд нь ОХУ-аас худалдан авахад өртөг өндөр байсан тул зэс гильц худалдан авч механик цехэд хийж, зориулалтын даралтад багажаар базаж дугаарласан аж.
Тэгэхээр 2ТЭ116УМ-016 илчит тэрэг бол Монгол орны эрс тэс байгаль цаг уур, замын нөхцөлд тохирсон бүх сайжруулалт шингэсэн зүтгүүр болсон гэж ойлгож болох аж. КР засвараас гарч долдугаар сараас тээвэрт явж эхэлсэн эхний секц ямар ч асуудалгүй дөрвөн сар гаруй хугацаанд ажилласан гэв. Монгол зүтгүүрчид анхны КР засварт зургаан тэрбум 15 сая гаруй төгрөгийг зарцуулсан тооцоо гарчээ. Харин гадны байгууллагууд тендерт 11-12 тэрбум төгрөгийн саналыг ирүүлж байж. Тэгэхдээ энэ монголч инженерүүдийн дээр дурдсан сэтгэл оюун шингэсэн ШБАЗ-уудгүйгээр хийгдэх өртөг шүү дээ гэж Б.Билэгт-Эрдэнэ дарга тайлбарлаж байлаа.
Цахилгааны схемийг тархиндаа шингээж, гартаа оруулаад авна гэдэг хамгийн чухал
КР засварын хамгийн том ажлыг гүйцэтгэсэн Цахилгаан аппаратын цехийн мастер Г.Энхбаатараас КР засварын ажлын хүрээнд тус цехийнхэн ямар ажил хийж гүйцэтгэснийг тодруулсан юм.

-Илчит тэрэгний үндсэн цахилгаан монтажийг бүгдийг солих шаардлагатай болсон. Нэг илчит тэргэнд 10 гаруй төрлийн утас кабель ордог. Тендерээр авсан БНХАУ-д үйлдвэрлэсэн утас кабелиар илчит тэрэгний бүх монтажийг иж бүрэн сольсон. Нэг илчит тэргэнд 13 нэр төрлийн 6000 гаруй, нийт уртаар нь тооцвол 11 км орчим урттай утас орж байгаа. Цахилгаан схемийн дагуу бүх монтажийг угсарсан. Энэ серийн тэргийг манайх 15 орчим жил ашиглахдаа өөрсдөө нутагшуулчихсан учраас ашиглалтын явцад судалж, зарим сул талыг шинэчлэн сайжруулсан. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн зарим зүйлсийг өөрчилж хялбаршуулсан зүйлс бий. Жишээ нь цахилгааны монтажийн нэг хэсэг нь ус том их нэвчдэг хэсгээр явж байсныг арай өөр газраар явуулах гэх мэт шийдлүүд бий. Энэ серийн илчит тэргийг анх ашиглаж эхэлснээс хойш бид нэлээд олон төрлийн модернизаци хийж, туршсан байсан. Тэр бүх шинэчлэлтийг анхны КР засвар хийсэн тэргэнд бүгдийг хийсэн. Дараагийн КР их засваруудад дээрх шинэчлэлтүүдийг хийнэ.
-Дараагийн КР их засварыг ямар баг бүрэлдэхүүнтэй, хэр хугацаанд, хийхээр тооцож байна вэ?
-Анхны тэрэгний их засварт тооцоо судалгаа, тендер, сэлбэг материал олдохгүй байснаас хоёр жил гаруйн хугацаа зарцуулсан. Бүх тооцоо судалгааг хийсэн. Одоо зөвхөн цахилгааны монтажин дээр арваад мянган цагийн ажил 400 гаруй төрлийн ажилбар гарч ирж байна. Түүний бүх ажлын цагийн зураглалыг хийгээл норм цагийг батлуулсан. Үүн дээр манай цехийн хувьд жижиг сажиг эд ангиуд ихтэй, том үнэлгээтэй ажлууд бага байдаг. Нэг секцийн цахилгааны монтажийг гурван сар хийнэ гэж тооцоход одоо бид 4-6 хүн нэмж аваад хийх бололцоотой юм гэсэн тооцоо гарч байгаа. Энэ КР засварыг өөрсдөө хийхдээ бүх монтажийн утасны схемийг нэг бүр бүрчлэн өөрсдийн гараар угсраад холбоод явна гэдэг чинь манай залуучууд цахилгааны схемийг тархиндаа шингээж, гартаа оруулаад авч байна гэсэн үг. Өөрөө бүгдийг нь гараараа хийсэн хүн гэдэг чинь энэ утас хаагуур дамжаад хаана хүрдгийг андахгүй. Дараа нь энэ тэргэн дээр цахилгааны ямар нэгэн гэмтэл гарч засварлах шаардлага гаргахад бүх зүйлээ мэдэж байгаа юм чинь гэмтлийг олж засварлахад хялбар гэсэн үг. Өөрсдөө их засвараа хийхийн хамгийн гол давуу тал нь энэ гэв.
Анхны КР их засвараас гарсан 2ТЭ116УМ-016 илчит тэргийг ашиглалтад хүлээн авах үеэр УБТЗ-д 25 дахь жилдээ ажиллаж буй Цахилгаан аппаратын цехийн мастер Г.Энхбаатарын энгэрийг Замын дарга “Төмөр замчны алдар” тэмдгээр мялаасан билээ.
Ирэх жил дөрвөн секцэнд КР засвар хийнэ
Анхны КР засварт оролцсон депогийн 200 гаруй ажилтнаас гадна энэ засварт Замын болон албаны удирдлагууд ч ихээхэн санаа тавьж дэмжиж тусалсан нь гарцаагүй. Мөн тус депогийн ахмадууд ч тус дэм болж зааж зөвлөж байсан гэнэ. Ялангуяа цахилгааны монтажийн ажилд хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарсан байсан ахмад мастер А.Эрдэнэ-Орги өөрийн биеэр оролцсон байна. Тэр хүний олон жилийн туршлага энэ ажилд их хувь нэмэр оруулсныг ажил удирдагч нар онцлон дурдав.
Цахилгаан монтажийн цехийг тусад нь байгуулж, шаардлагатай багажнуудыг худалдаж авч, стенд хийж тавьсан гээд яриад байвал КР засварын эргэн тойронд олон ажил өрнөснийг бүгдийг тоочиж бичвэл нэлээд урт хөврөх бололтой. Гол нь манай зүтгүүрчид том ажлыг нугалж, анхны шанг амжилттай татаж чадсан нь бахархалтай. Тэд ирэх онд дөрвөн секц буюу хоёр илчит тэргэнд КР засварыг хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ нэг секцийн засварыг гурван сард багтаан хийх тооцоог гаргажээ. Гэхдээ бүх сэлбэг материалаар бүрэн хангагдсан үед гэдгийг онцолно билээ. Сэлбэг материалын нийлүүлэлт саатвал ажил тэр хэмжээгээр удааширна гэдэг ойлгомжтой. Ер нь, ОХУ-д захиалгаар КР засвар хийлгэхэд ч нэг жилд дөрвөн секцэнд л их засвар хийж өгөх санал өгсөн гэдэг.

Гэхдээ хилийн цаана их засвар хийлгэхэд хүргэж өгөх, авчрахаас эхлээд багагүй цаг гарздана. Тэгэхээр манай зүтгүүрчид ирэх онд энэ төлөвлөгөөгөө түүртэлгүй биелүүлэх бизээ.
КР засвараас гарсан илчит тэрэг дахин 2.4 сая км зам туулж байж КР-2 засварт орох нормтой юм байна.
Тус депогийн Цахилгаан машины үйлдвэр нь одоохондоо үйл ажиллагаагаа бүрэн хэмжээнд явуулж эхлээгүй байна. 2027 онд материал нь нийлүүлэгдээд ирвэл мөн бүх цахилгаан моторуудаа дотооддоо бэлтгээд илчит тэргэнүүддээ тавиад явбал зардал болоод цаг хугацааны илүү хэмнэлт гарна гэв.
Ийнхүү энэ онд түүхт 70 жилийнхээ ойг тэмдэглэсэн Улаанбаатар Татах хэсгийн хамт олонд түүхийн хуудаснаа нэгэн том амжилтыг алтан үсгээр бичиж үлдээжээ. Тэр түүхэн амжилтын эздийн алдар нэр ч тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Сонины хуудаснаа анхны КР их засварт гар бие оролцсон 200 гаруй ажилтны нэрийг багтаах аргагүй ч тэдний хийсэн нүсэр ажлын түүхэн гавьяаг тэмдэглэн үлдээхийг хичээлээ.
Том амжилт, онцгой үйл явдал зарим үед цаг хугацааны эхлэлийн шинэ цэгийг хатгадаг жамтай. Магадгүй хожмоо “2026 оныг тодотгох гол үйл явдал нь “Монголд зүтгүүрийн их засварыг хийж эхэлснээс хойш” гэж томъёологдох бизээ.
УБТЗ-ын ерөнхий инженер асан Ж.Нямаа агсантай тээр жил 2ТЭ116УМ серийн зүтгүүрүүдээр хийсэн парк шинэчлэлтийн талаар ярилцлага хийж байхдаа “Аль улсын ямар серийн зүтгүүр Монголын байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд тохирох бол?” гэж асуухад буурал инженер “1980-аад онд 2М62М серийн зүтгүүрээр парк шинэчлэлт хийхэд багагүй хүндрэл үүсэж, эвдрэл гэмтэл их гарч зүтгүүрчид гэртээ харих завдалгүй засвар хийдэг байсан тухай дурсаж, эцэст нь “Монголын нөхцөлд бүрэн тохирсон зүтгүүрийг Монгол инженерүүд л бүтээнэ” гэж хэлж байсан билээ. Анхны КР засварын ард өрнөсөн их ажлын талаар цухасхан сурвалжлахад тэр буурал инженерийн тэр үг эрхгүй санаанд бууж байлаа.
Б.Гүнжинлхам
