Замын I ангийн ерөнхий инженер Ж.Амардөлгөөнөөс өвлийн бэлтгэлээ хэрхэн хангасан талаар тодрууллаа.
- Ирэх өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэрч, удаан үргэлжилнэ гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. Танай ангийнхны хувьд өвлийн бэлтгэлээр хэчнээн ажил төлөвлөж, хэдэн хувьтай биелүүлээд байна вэ?
- Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт есөн чиглэлээр 18 ажил төлөвлөснөөс нэг дутуу, 17 нь бүрэн биелсэн. 94.4 хувийн биелэлттэй байна. Дутуу биелэлттэй нэг ажил нь ажилчдын өвлийн нормын хувцас бүрэн хангагдаагүй байгаа.
-Овойлт гардаг, цасаар шуурдаг гэх мэт эрсдэлтэй цэгүүдийн эрсдэлийг өмнөх жилүүдийнхээс хэрхэн бууруулсан бэ?
-Ангийн хэмжээнд Хойт–Сүхбаатар–Дулаан хоорондын замын 13-36 дугаар км-т их засварын ажил хийснээр тухайн хэсэглэлд техникийн байдал сайжирч, тодорхой хэмжээгээр эрсдэл буурсан. Их засвар хийсэн хэсэглэлд замын хажуугийн ус урсгах шуудуу сэргээх ажлыг үр дүнтэй хийж эрсдэлийг бууруулсан. Урсгал засвараар 13 км цаснаас хамгаалах далан байгууллаа. Мөн цаснаас хамгаалах цасны 1550 щит байрлуулах ажлыг бас хийж гүйцэтгэсэн.
-Замчдын өвлийн хувцасны хангалт юу нь дутуу байгаа вэ?
-Өвлийн гутал, хантаазыг бүрэн авсан. Харин 306 ширхэг өвлийн хувцасны хангалт дутуу байгаа.
-Ажилчдын нүүрсний татан авалтыг бас хийсэн байх. Ямар нэгэн гомдол санал гарч байна уу?
-Нүүрсний хөнгөлөлтийг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан ажилчдад хөнгөлөлтийг олгосон. Харин алслагдсан өртөө зөрлөгийн нүүрс авах хүсэлтэй ажилчдын нүүрсийг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд захиалга өгсөн боловч хангалт хийгдээгүй. Тиймээс нүүрсний хөнгөлөлтийн мөнгийг нь олгож байна.
М.Болд
