Нүүр Чөлөөт Монгол хээ угалзын талаар хэдэн үг...
Чөлөөт

Монгол хээ угалзын талаар хэдэн үг...

G.Press 10 цагийн өмнө 21 үзэлт 0 сэтгэгдэл

Амьдрал бүхэлдээ өлзий хээ мэт дөлгөөн бус огцом эргэлт хөдөлгөөнтэй хэмнэл чиглэлд захирагдах хуультай философыг монголын алхан хээ билэгдэнэ. Энэхүү билэгдлийг Парисийн загварын фирм соргогоор анзаарч брэнд цагныхаа чимэглэлд алхан хээг ашигласан байдаг.
Монгол хүн хээ билэгдлээ энгийн дүрс бус үргэлжилсэн хөдөлгөөний хэмнэл рүү оруулж сэтгэвэл жинхэнэ мөн чанарыг ухаарч түүнд шингэсэн амьдралын кодыг хүлээн зөвшөөнө.Хагас задгай бөөрөнхий дүрс хээ бол нөхөрлөл илэн далангуй харьцааны билэгдэл. Иймэрхүү хээг найзын бэлэг дурсгалд илүү хэрэглэнэ. Байгалийн үзэгдэлийн гоо сайхныг илэрхийлсэн үүлэн хээ тайвшрал дууддаг бол ургамалыг агуулдаг өсөн үржихын мөн чанарыг өнгө хэлбэрээр илэрхийлсэн цэцгэн хээтэй дээлэнд бүсгүйчүүд дурлан гангардаг.

Монголчууд орд харш, сүм дуган, асар майхан, гэр өргөөгөө хээ угалзаар чимэглэж ирсэн нь олон баримтаар нотлогддог. Ялагуяа хүүхдийн өрөө тасалгааг монгол хээгээр чимэглэвэл оюун ухаан юмс үзэгдлийн эрэмбэ нарийн ялгааг анзаарах ухамсар төлөвшдөг аж.

 Өнөөдөр Улаанбаатар хот өнгө билэгдэл хомс дөрвөлжин эгц өндөр байшингаар дүүрч буй нь биднийг уран сайхны сэтгэмжгүй хөндий хоосон мэт дурсамж үлдээж байна.Гэтэл Парис Милан хот тэр чигээрээ амьдралыг мөнхийн утгыг барилгаараа харуулж аялал жуулчид үзэх гэж догдлон зорьж байна.
Монголд хээг утгаар нь амьтны, ургамлын, байгалийн үзэгдэл зэргийг дүрсэлсэн, шашны утга агуулсан гэж таван хэсэгт хуваан үздэг.

Монгол хээ угалз дотоод сэтгэлийг тайвшруулж, амьдралын арга ухаанаар бэлгэдлээ баяжуулж, хэрэглээний соёл болгон уламжлуулан үлдээсэн Монголчуудын үнэт өв юм.
Хээ угалз бол хөгжмөөс ялгаатай нь хөдөлгөөн хэлбэрийн хэмнэл гоо сайхныг агуулсан дуугүй урлаг билээ. Зөөлөн сэтгэлтэй хүн хас хээтэй дээл өмсгөдөг дом байж. Гэхдээ орчин цагт хээний учир утгыг үл тоон, эд зүйл дээр шавааралдуулан дүрсэлж арилжааны хэрэгслэл болгож байгаа нь нь мөн чанарыг нь бүдгэрүүлж байна.Энэ нь монгол уртын дууг рок  дуутай давхцуулан орилуулж байгаатай утга ижил юм.
Гартаа уртай, уран барималчид цоолбор сийлэх аргаар,  гэрийн модон авдар, шүүгээг гоёхдоо давхар алхан хээгээр солонгын олон өнгө гарган хээлсэн нь үзэмжтэй гоёмсог харагддаг.

Монгол хээ угалзны бэлгэдэл, утга учир

Зоосон хээ: Энэхүү хээ нь дотроо суман хээтэй суман хээний дотор талд нар, сар, од мичидийг бэлгэдсэн дугуй хээтэй бөгөөд энэ нь өсөн дэвжиж мандан бадрахыг бэлгэддэг

Өлзий хээ: Өргөн дэлгэр эрдэм мэдлэг, арвин баян эд хөрөнгөтэй, аз жаргал буян хишиг дэлгэрэхийг бэлэгддэг

Эрвээхий хээ: Уян зөөлөн эрхэмсэг, дотно сэтгэлийг бэлэгддэг

Цэцэг навчин хээ: Цэвэр ариун ёс, дүүрэн жаргал, түвшин амгалангийн бэлэгдэл

Загасан хээ: Цэвэр ариун үйлстэй, сонор соргог, сэргэлэн авхаалжтайн бэлгэдэл

Түмэн наст хээ: Эхлэл төгсгөлгүй үргэлжилдэг энэ хээ нь "Түмэн оны аз жаргал" гэсэн утгатай бөгөөд энэхүү аз жаргал нь мөнхөд хязгааргүй үргэлжлэхийг бэлгэддэг

Алхан хээ: Мөнхийн хөдөлгөөн, мөнх амьдрахыг бэлэгддэг

Хас хээ: Аливаа зүйл бат оршихыг мөн номонд мэргэн байхыг бэлгэддэг

Галын дөлөн хээ: Догшин сүрлэг, бадрангуй өөдлөн дэвшихийн бэлэг тэмдэг бөгөөд аливаа амьдрал, үйл галын дөл шиг өөдлөн дэвжиж халуун илчээр тэтгэж байхыг бэлэгддэг

Үүлэн хээ: Утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн хүн бүр зол жаргалтай аж төрөхийг бэлэгдэн зол жаргалын хээ гэж бэлэгддэг

Усан хээ: Аз жаргал арвин буянтай байж, мал сүрэг нь далай мэт элбэг баян байхыг бэлгэддэг

Шувуун хээ: Сүр сүлд, онгон шүтээн, хязгааргүй хүсэл мөрөөдлийг бэлэгддэг

Эвэр угалз хээ: Олз омогтой байхыг бэлэгддэг

Саран хээ: Энэ хээ нь улс гүрнийг бат орших, тусгаар тогтнолыг бэлэгддэг.

Хаан бугуйвч-хатан сүйх: Мөнхийн хайр дурлал, үнэнч шударгыг бэлгэддэг

Ахмад төмөр замчин Ишбадамын Мөнхбаяр

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.