Өглөөний нарны туяа ган зам дээр туяа цацрахад Цагаанхяр зөрлөгийн шинэ өдөр эхэлнэ. Хотын хөл хөдөлгөөн, түгжрэл, утаа шуугианаас алсхан энэ нам гүм орчинд залуу төмөр замчин Ганхуягийн Энхцэцэг өдөр бүр ажил үүргээ гүйцэтгэн, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хариуцлагатай албандаа гардаг. Түүний хувьд буйдхан зөрлөг нь залуу насны хүсэл мөрөөдлөө ургуулж, амьдралаа бүтээн, ирээдүйгээ төлөвлөж яваа өөрийн гэсэн ертөнц нь юм. Г.Энхцэцэг 2020-2021 онд Сайншанд дахь Төмөр замын МСҮТ-д суралцаж төгсөөд, Улаанбаатар хэсэглэлийн Цагаанхяр зөрлөгт дөрөв дэх жилдээ жижүүрээр ажиллаж байна.
Өртөө, зөрлөгийн жижүүрийн ажил их хариуцлага, сонор сэрэмж, мэдлэг чадвар шаарддаг. Нэгхэн хором ч анхаарал алдах эрхгүй энэ албанд Г.Энхцэцэг мэдлэг, чадвараа сорьж, туршлага хуримтлуулан ажиллаж явна. Түүний зорилго эхлээд томоохон өртөөний жижүүрээр ажиллаж, цаашлаад галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч болохыг хүсдэг. Энэ нь зүгээр нэг албан тушаал ахих хүсэл бус, сонгосон мэргэжлээрээ улам ихийг сурч, төмөр замынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах залуу хүний дэврүүн мөрөөдөл юм. Тэрбээр аливаа ажлыг гололгүй чадах бүхнээ зориулж, шат дараатай суралцахыг эрхэмлэдэг. Хотын залуусын хувьд амьдралын сайхан нь олон сонголт, үйлчилгээний хүртээмжтэй холбоотой байж болох ч харин Энхцэцэгийн хувьд алслагдсан зөрлөгт ажиллаж, амьдрахын өөрийн гэсэн үнэ цэн бий. Цэвэр агаар, түгжрэлгүй зам, нам гүм тайван орчин, халуун дулаан хамт олон түүний сонгосон амьдрал. Мөн эдийн засгийн хувьд алслагдсан газарт ажиллах нь хуримтлал үүсгэж, ирээдүйнхээ суурийг тавих боломж олгодог. Тайван орчинд хөдөлмөрлөж, орлогоо зөв зохицуулан мөрөөдөлдөө ойртохын зэрэгцээ ахмад туршлагатай төмөр замчдаасаа үлгэр дуурайлал авч, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх боломжтой нь түүний хувьд үнэ цэнтэй.
Г.Энхцэцэг ажилсаг, санаачилгатай нэгэн. Тэрбээр амьдарч буй технологийн орон сууцаа өөрөө засаж тохижуулан, дулаан, тав тухтай орчныг бүрдүүлжээ. Хэдий байгууллагын байр ч амьдрал нь өрнөдөг гэр орон учраас өөрийн гараар тохижуулсан нь тэр. Энхцэцэгийн гэр бүлийнхэн бизнес эрхэлж, хоолны газар ажиллуулдаг. Тиймээс цэвэр цэмцгэр, дулаан, тохилог орчны үнэ цэнийг сайн мэддэг. Энэ ойлголтоо ажлын байрандаа ч хэрэгжүүлж, ажлын орчноо ч тохижуулсан байна. Бэлэн зүйлийг хүлээх бус, байгаа зүйлээ өөрсдийн хүчээр сайжруулах нь түүний амьдралын нэгэн зарчим ажээ. Г.Энхцэцэг УБТЗ-ын Залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Гурван үеийн уулзалт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон залуучуудын төвөөс зохион байгуулдаг олон нийтийн ажилд оролцож, хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллахыг хичээдэг. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 2024 од “Төмөр замын тэргүүний залуу” алтан медаль, 2025 онд Баянбуурал амралтад амрах эрхийн бичгээр шагнажээ. Эдгээр шагнал нь цаашид улам ихийг сурч, хөдөлмөрлөх урам зоригийг өгсөн сайхан дурсамж болон үлджээ. Гэхдээ Энхцэцэг алслагдсан зөрлөгт ажиллаж буй залуусын амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатайг онцолдог. “Залуу хүн ажилдаа дуртай, ирээдүйдээ итгэлтэй байхын тулд зөвхөн ажлын байр төдийгүй ажлын дараа амарч тухлах, усанд орох шүршүүртэй, боловсон ариун цэврийн өрөөтэй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин хэрэгтэй. Заримдаа бид ажил, гэр, нойр гэсэн гурван маршрутаар л амьдарч байгаа мэт санагддаг. Алслагдсан газарт ажиллаж байгаа залуусынхаа энэ хэрэгцээг байгууллагаас анхаарч, амьдрах орчныг сайжруулаасай гэж хүсдэг” хэмээн тэр ярьсан юм.
Энэ нь ажилдаа дургүйцсэн хүний үг биш. Харин төмөр замын салбарт залуу насаа зориулж, эндээ тогтвортой ажиллаж, амьдралаа бүтээхийг хүсэж буй залуу хүний чин сэтгэлийн хүсэлт. Ажилчдын амьдрах орчныг сайжруулж чадвал алслагдсан зөрлөгүүд зөвхөн ажиллах газар бус, залуусын ирээдүйгээ бүтээх таатай орчин болж чадна гэдэгт Г.Энхцэцэг итгэдэг. Г.Энхцэцэг анх ажилд ороход нь халуун дотноор хүлээн авч, чиглүүлж, дэмжиж байсан Улаанбаатар өртөөний дарга асан Б.Болдбаяр, Цагаанхяр өртөөний дарга Д.Оюундэлгэр нарт талархаж явдгаа илэрхийлсэн. Тэрбээр нийт төмөр замчдадаа ажлын амжилт хүсэж, ажилдаа үнэнч, тууштай байж, хариуцсан үүргээ нэр төртэй биелүүлэхийг уриалж байв. Зөрлөг жижиг байж болно. Харин тэнд ажиллаж, амьдарч, мөрөөдөж яваа залуусын хүсэл тэмүүлэл хэзээ ч жижиг байдаггүй.
О.Лхагвасүрэн: Залуус минь ажилдаа үнэнч байгаарай
Төмөр замын салбарт залуу нас, хөдөлмөр зүтгэл, амьдралынхаа 35 жилийг зориулсан Баян өртөөний жижүүр О.Лхагвасүрэн алтан гараагаа хийж, гавьяаны амралтаа авч байна. Тэрбээр 16 настайгаасаа төмөр замчин болох замналаа эхлүүлж, 1989 онд Төмөр замын техникумыг ашиглалтын техникч мэргэжлээр төгссөнөөс хойш төмөр замтай амьдралаа салшгүй холбожээ. “Би УБТЗ-д 35 жил дөрвөн сар ажиллаад гавьяаныхаа амралтад гарч байна. Энэ хугацаанд сайхан хамт олонтой ажиллаж, олон дурсамж бүтээлээ. Өртөөний жижүүр хариуцлага, сонор сэрэмж шаардсан ажил. Баян өртөө маань гурван салбар замтайгаараа онцлог. Тавантолгойн түлшний үйлдвэр, МАК-ийн бетоны үйлдвэр, 314 дүгээр ангийн шатахуун тээвэрлэсэн вагонууд манай өртөөнд буудаг. Энэ бүх ажлыг хамт олонтойгоо сэтгэл зүтгэл гарган гүйцэтгэж ирсэндээ баяртай байна” хэмээн тэрбээр ярив.

Ажил амьдралынхаа замд олон сайхан хамт олонтой мөр зэрэгцэн ажилласан О.Лхагвасүрэн Салхит өртөөний дарга асан Дамдинсүрэн, Хөтөл өртөөний дарга Баасанлхагва, Мөнхбаяр, Сайншанд өртөөний даргаар Ёндонноров, Баян өртөөний дарга Батгэрэл нартаа талархал илэрхийллээ. Мөн Өргөн, Багахангай өртөөний даргаар ажиллаж байсан туршлагаа хуваалцан, хамтран зүтгэсэн үе үеийн төмөр замчдадаа сайн сайхныг хүсэн ерөөв. Тэрбээр төмөр замын залуу үеийнхэндээ хандан “Залуус минь ажилдаа үнэнч байгаарай” хэмээн захилаа. Ийнхүү О.Лхагвасүрэн олон жилийн хөдөлмөр, хариуцлага, зүтгэлээрээ төмөр замын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, амьдралынхаа нэгэн бахархалт хуудсыг өндөрлүүлэн, гавьяаны амралтын шинэ өдрүүдээ эхлүүлж байна. УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков үзлэгийн үеэр түүний энгэрт “Төмөр замчны алдар” тэмдгийг зүүж өгч, хөдөлмөр алдрыг нь үнэллээ.
Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Алслагдсан зөрлөгүүдийг цэвэр усны эх үүсвэртэй болгож байна
“Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил”, “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүч, ус хангамжийн II ангийнхан Улхын-Овоо зөрлөгт гүний худаг гаргах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлжээ. Мөн 30 дугаар зөрлөгт гүний худаг гаргаж, ус шүүх төхөөрөмж суурилуулсан бол 31 дүгээр зөрлөгийн худагт мөн ус шүүх төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байна.
Энэхүү ажил хэрэгжсэнээр Сайншандаас Айраг хүртэлх өртөө, зөрлөгүүдийн усан санд ус хүргэх зорилгоор сард хоёр удаа явдаг байсан усны галт тэрэгний хэрэгцээ буурах юм. Ингэснээр ус тээвэрлэлтийн зардлыг хэмнэхээс гадна өртөө, зөрлөгүүдийг цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдэж байна. Ийнхүү “Говийн төмөр замчин” хөтөлбөр нь алслагдсан өртөө, зөрлөгт ажиллаж буй төмөр замчдынхаа ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх бодит үр өгөөжтэй ажил болж байна.
Залуу холбооны механикчийг “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнав
Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангахад ажилтан бүрийн сонор сэрэмж, мэргэжлийн ур чадвар, хариуцлага чухал. Үүний нэгэн тод жишээ нь Дохиолол холбооны III ангийн Шугамын V хэсгийн 36 дугаар зөрлөгийн холбооны механикч Г.Билгүүн юм.Тэрбээр 2026 оны есдүгээр сарын 16-ны өдөр 39 дүгээр зөрлөгт зурмагийн ажил гүйцэтгэж байхдаа IV суман дээрх гол замын нэгдүгээр жааз төмөр хугарсныг илрүүлж, шуурхай арга хэмжээ авсан байна. Улмаар энэ тухай галт тэрэгний диспетчерт цаг алдалгүй мэдээлснээр болзошгүй осол, гологдлоос урьдчилан сэргийлж чаджээ.
Түүний энэхүү сонор сэрэмж, хариуцлагатай ажил үйлсийг үнэлж, “Онц хөдөлгөөнчин” тэмдэг болон нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар урамшууллаа. Шагналыг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков үзлэгийн үеэр гардууллаа.
Төмөр замд ажиллаад гуравхан жил болж буй залуу механикч маань 31, 33, 36, 39, 41 дүгээр зөрлөгийг хариуцсан бригадын бүрэлдэхүүнд ажилладаг. Түүний ажлын онцлог өглөө эрт ажилдаа гарч, орой буцаж ирдэг тул ихэнх цагийг хамт олонтойгоо өнгөрүүлдэг. Энэ хугацаанд тэрбээр ажлын арга барил, туршлагаа ахмад ажилтнуудаасаа суралцан, мэргэжлийн ур чадвараа ахиулж яваа залуу боловсон хүчин юм.
Г.Билгүүн гурван үеийн төмөр замчны үргэлжлэл билээ. Өвөө, аав нь Эрчим хүч, ус хангамжийн ангид, эмээ нь Татах хэсэгт, ээж нь “Ган зам” худалдааны төвд ажилладаг. Гэр бүл нь үе үеэрээ төмөр замын салбарт хөдөлмөрлөж ирсэн нь түүнд салбараараа бахархах, ажилдаа эзэн байх урам зоригийг өгдөг биз ээ. Одоогоор техникч мэргэжлээр суралцаж буй тэрбээр цаашид мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, төмөр замын салбартаа тууштай ажиллах зорилготой. “Төмөр замд ажиллахад давуу тал олон” хэмээн ярих залуу механикчийн өнөөдрийн амжилт нь ирээдүйн хөдөлмөрийн замналынх нь эхлэл юм.
Залуу төмөр замчны сонор сэрэмж бол олон хүний аюулгүй зорчих, галт тэрэгний хөдөлгөөн саадгүй үргэлжлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр билээ. Ажилдаа эзэн байж, хариуцлагаа ухамсарласан Г.Билгүүнд цаашдын ажил хөдөлмөр, сурлагад нь өндөр амжилт хүсье.
Залуу насны эрч хүчээр жигүүрлэсэн зөрлөгийн амьдрал
Нар мандахаас өмнө ажилдаа гарч, үдшийн бүрийтэй уралдан үүргээ гүйцэтгэх залуу төмөр замчид. Тэдний инээд хөөр, эрч хүч, хүсэл тэмүүллээр өртөө, зөрлөгийн амьдрал өнгө нэмж, ган замын ирээдүй өнөөдөр ийнхүү бүтэж байна. Өнөөгийн залуусын ертөнц өөр болсон. Тэд шинэ технологи, цахим орчинтой хөл нийлүүлэн алхаж, аливаад өөрийн гэсэн үзэл бодол, арга барилаар ханддаг. Гэхдээ тэднийг нэгтгэдэг зүйл нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хариуцлага, сонгосон мэргэжилдээ эзэн болох хүсэл юм. Ахмад, туршлагатай төмөр замчдаасаа дэргэдээс ажил мэргэжлийнхээ анхны мэдлэгийг олж, алдаа онооноос суралцан, өдөр ирэх тусам туршлагажиж яваа энэ залуусын хувьд ажлын гараа гэдэг амьдралынх нь шинэ хуудас билээ.

Улхын-Овоо зөрлөгийн жижүүр О.Оюундуламын хувьд төмөр замчин болсон эхний сар гаруйн хугацаа шинэ зүйл сурч, олон ажилтай танилцсан дурсамж дүүрэн өдрүүдээр үргэлжилж байна. Тэрбээр ажлын гараагаа Чойр хэсэглэлийн Лүн зөрлөгөөс эхлүүлжээ.
“Зөрлөгийн залуус, үеийнхэнтэйгээ гар нийлж ажиллах сайхан. Манайхан бүгд залуучууд, 2000-аад оныхон. Хоорондоо эв найртай, үл ойлголцох асуудал бага гардаг. Асуудал гарлаа гэхэд дорхноо ярилцаад шийдчихдэг” хэмээн тэрбээр ярьж байсан.
Харин зөрлөгийн жижүүр Э.Тэмүүлэн 2007 онд төрсөн бөгөөд өнгөрсөн хавар Политехник коллежийн өртөөний жижүүрийн ангийг төгсөж, Сайншанд өртөөнд урилгаар ажилд оржээ. Есдүгээр сард жинхлэн ажилдаа орсон өдөр нь түүний төрсөн өдөртэй давхацсан төдийгүй Сайншанд өртөөний 70 жилийн ойн баяр тохиосон нь ажлын гарааных нь мартагдашгүй сайхан дурсамж болж үлджээ. Амьдралын шинэ эхлэл, төмөр замын түүхт ойн баяр нэг өдөр давхацсан нь залуу төмөр замчны хувьд бахархалтай үйл явдал байв.
Тэрбээр богино хугацаанд олон зүйл үзэж, сурчээ. Цонхны ажил, осол гэмтэл илрүүлэх гээд ажлынхаа олон талтай танилцсаар ажил нь түүнд маш их таалагдаж байгаа аж. Залуу насны эрч хүч, шинэ зүйлд тэмүүлэх хүсэл нь түүнийг өдөр бүр урагш хөтөлнө. Зөрлөгийн амьдралын тухай залуусын яриа ч сонирхолтой. Тэдний хувьд үеийнхэнтэйгээ нэг баг болж, биенээ ойлгон, гар нийлж ажиллах нь ажлын хамгийн сайхан талын нэг ажээ. “Зөрлөг гоё шүү дээ. Тайван ажлаа хийгээд цалингаа авна” гэх тэдний энгийн үгэнд өөрийн сонгосон ажлаасаа таашаал авч, хамт олондоо дасаж, амьдралынхаа эхлэлийг өөрийн хүчээр бүтээж яваа залуусын дүр төрх харагдана.

Мэдээж төмөр замчны ажил амар хялбар биш. Өглөө эрт босож, оройтож харих, цаг агаарын ямар ч нөхцөлд үүргээ гүйцэтгэх, сонор сэрэмжээ алдахгүй байх гээд хариуцлага, тэвчээр шаардсан олон зүйл бий. Гэвч залуус энэ бүхнийг ажлынхаа нэг хэсэг хэмээн хүлээн авч, нэг нэгнээсээ суралцан, хамтдаа даван туулж байна. Тэдний хүсэл зорилго өөр байж болох ч нэгэн нийтлэг мөрөөдөл бий. Тэр нь өнөөдөр сурч мэдсэнээ маргаашийн ур чадвар болгож, мэргэжилдээ өсөж дэвжиж, төмөр замынхаа салбарт үнэ цэнтэй боловсон хүчин болох явдал. Шинэ үеийн сэтгэлгээ, технологийн мэдлэг, залуу насны эрч хүчийг төмөр замын олон жилийн уламжлал, хөдөлмөрийн сахилга, хариуцлагатай хослуулж чадвал ган замын хөгжилд тэдний оруулах хувь нэмэр улам их байх нь дамжиггүй.
Ган замын ирээдүй гэдэг зөвхөн шинэ техник, технологиор хэмжигдэхгүй. Түүнийг эзэмшиж, хөгжүүлж, өдөр бүр тасралтгүй хөдөлгөж байдаг хүнээр хэмжигдэнэ. Тэр хүмүүсийн нэг хэсэг нь өнөөдөр өртөө, зөрлөгүүдэд ажиллаж, мөрөөдлөө хөдөлмөрөөрөө бүтээж яваа энэ залуус юм.
П.Түмэндэмбэрэл
