11 дүгээр сарын 3-ны байдлаар Хятадын Хоргосын хилийн өртөөгөөр энэ онд Хятад–Европ, Хятад–Төв Азийн чиглэлийн ачааны галт тэрэгний нэвтрэлт 8000 давж, “Бүс ба зам” санаачилгыг хамтран хэрэгжүүлж байна. Энэ оноос хойш Хятадын Төмөр замын Өрөмчийн товчоо групп компани олон улсын төмөр замын тээврийг эрчимжүүлж, хилийн боомтын тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгон, хил дамнасан тээврийн үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлснээр бүс нутгийн өндөр чанартай хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна.
Хятад–Европ, Хятад–Төв Азийн чиглэлийн галт тэрэгний нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Өрөмчийн товчоо групп компани дотоод нөөц боломжоо бүрэн ашиглаж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлжээ. Тухайлбал, нэг галт тэрэгний бүрэлдэхүүний вагоны дээд тоог 50-55 болгон нэмэгдүүлж, нэг галт тэрэгний ачааны жинг 2500-3000 тонн болгон өсгөсөн байна. Мөн “Төмөр замын түргэн нэвтрүүлэлт” горим болон 95306 “Дижитал боомт” системийг нэвтрүүлж, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилжээ. “Өргөн царигтай замаар ачаатай гаргах, стандарт царигтай замаар ачаатай оруулах” тээврийн горимыг идэвхтэй хэрэгжүүлж, төмөр замын тусгай зориулалтын салбар замын хүчин чадлыг ашиглан өргөн царигтай замаар гадагш чиглэсэн ачаатай тээвэрлэлтийг нэмэгдүүлсэн байна.
Боомтын тээврийн зохион байгуулалтыг оновчтой болгох чиглэлээр Хоргосын хилийн өртөө ачааны урсгалын чиглэлийг тухай бүр судлан тодорхойлж, ачааг нэгтгэн тээвэрлэх ажлыг эрчимжүүлжээ. Нэг чиглэлд болон ойролцоо өртөөнд хүрэх чингэлгүүдийг төвлөрүүлэн байршуулж, нэгтгэн илгээснээр өртөө доторх ачаа шилжүүлэн тээвэрлэх хугацааг мэдэгдэхүйц бууруулсан байна.
Мөн өртөөний зам талбай, зүтгүүр зэрэг тээврийн нөөцийг нэгдсэн байдлаар зохицуулж, вагоны урсгалын өөрчлөлтөд нийцүүлэн зүтгүүрийг динамикаар хуваарилах, галт тэрэг хүлээн авах болон явуулах замыг урьдчилан бэлтгэх замаар галт тэрэг хүлээн авах, илгээх, цариг хооронд ачаа шилжүүлэн ачих зэрэг ажиллагааг уялдаа холбоотой зохион байгуулж байна.
Үүний үр дүнд өдөрт дунджаар импорт, экспортын чиглэлийн 28 орчим галт тэрэг нэвтэрч байгаа бөгөөд нэг өдөрт нэвтэрсэн галт тэрэгний тоо хамгийн ихдээ 35 хүрчээ.
Түүнчлэн “Дижитал боомт”-ын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хөгжүүлж, өртөөнд галт тэрэгний хөдөлгөөнийг хянах, таних системийг нэвтрүүлснээр “ажлын орон зайг шилжүүлэх, ажиллагааны үйл явцыг урьдчилан гүйцэтгэх” зарчмыг хэрэгжүүлж, өртөө доторх ажлын уялдаа холбоо болон хүлээлгийн хугацааг цаашид бууруулсан байна.
Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг түргэтгэх чиглэлээр Хоргосын хилийн өртөө гаалийн байгууллагатай хамтран “Ухаалаг төмөр замын боомт + харьяа нутаг дэвсгэрт түргэн гаалийн бүрдүүлэлт” шинэчлэлийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, долоо хоногийн 7 өдөр, хоногийн 24 цагийн турш газар дээрх гаалийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Мөн Хятад–Европ, Хятад–Төв Азийн чиглэлийн галт тэрэгний үйлчилгээнд зориулсан тусгай цонх байгуулж, “давуу эрхтэй бүрэлдэхүүн бүрдүүлэлт + шуурхай шалгалт, нэвтрүүлэлт” ногоон сувгийг нээсэн байна. Ингэснээр гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгийн хяналт, тэргүүн ээлжийн үзлэг шалгалт, ачаа шилжүүлэн ачих болон гаргах зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг шуурхай уялдуулж, галт тэрэгний хөдөлгөөнийг үр ашигтай зохион байгуулах боломж бүрджээ.
Одоогийн байдлаар Хоргосын хилийн өртөөгөөр дамжин өнгөрдөг Хятад–Европ, Хятад–Төв Азийн чиглэлийн галт тэрэгний маршрут 91-д хүрч, 18 улс орны 46 хот, бүс нутагт хүрч байна.
Үүнээс гадна бүрэн маршрутын цагийн хуваарьтай Хятад–Европын галт тэрэгний чиглэл 4 болж нэмэгдсэн бөгөөд долоо хоног бүр цагийн нэгдсэн хуваарийн дагуу хилээр орж, гардаг нийт 4 галт тэрэг тогтмол үйлчилж байна.
Эдгээр арга хэмжээ нь дэлхийн үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, тасралтгүй ажиллагааг хангахад чухал дэмжлэг үзүүлж байна.
Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци
http://www.china-railway.com.cn/english/news/202611/t20261104_161214.html
