Төмөр замчид төдийгүй Улаанбаатарынхан “Шатан зөрлөг сайхан байгальтай”, “Хотод хамгийн ойрхон Швейцар” гэлцэх нь бий. Үнэхээр ч Шатан бол улиас, хус, шинэс, бургас зэрэг олон төрлийн мод, бут бүхий уулсаар хүрээлүүлсэн, Хараа голын хөндий нутаг. Тэнд саяхан л төмөр замын зөрлөгийн байр, ажилчдын хэдэн байшингаас өөр барилгагүй, ихэвчлэн орон нутгийн харьяат болон удам дамжсан төмөр замчид л тогтвор суурьшилтай ажиллаж амьдардаг байсан бол сүүлийн жилүүдэд оршин суугчдын тоо нэмэгдсээр байгаа ажээ.
Хотын төвөөс галт тэргээр гурван цаг давхиад л хүрэх энэхүү зөрлөгийнхөнтэй уулзахаар сонины редакцынхан саяхан хөлгийн дөрөө залсан юм. Баянбуурлын амралтаас арав хүрэхгүй км-ийн зайд байгалийн үзэсгэлэн хосолсон Шатан зөрлөгийн эргэн тойрон хүрээлсэн уулсын модод алтран шаргалтаад, төмөр замын тахир тойруу эргэлтүүд нь өнгө алаглан тунарна. Шар алаг хантааз өмссөн замчид хэд гурваараа төмөр зам даган алхахуй үе үехэн галт тэрэг хойноос урагшаа, урдаас хойшоо мушгиран давхих агшныг түрхэн зуур зогсоовол уран зураг шиг харагдах буй за. Энэ л байгалийн сайханд уран бүтээлчид олон кино болон клипний зураг авсан байдаг. Биднийг очиход зөрлөгийн дарга Ц.Сансармаа яг л байгалийн сайхан шигээ мишээл тодруулан угтаж авлаа. Өртөөний жижүүрүүдийн зарим нь өвлөөс урьтан хашааныхаа өнгө үзэмжийг сэргээн будаж байв. Байгалийн үзэсгэлэн цогцолсон газар нутаг өөрөө төмөр замчдаас хашаа, байшин гээд бүгд л өнгөлөг байхыг шаарддаг ч юм шиг...

Шатан зөрлөгт дарга, дөрвөн жижүүр, холбооны нэг механикч, замчид гээд 30 гаруй хүн ажиллан амьдарч байна. Тус зөрлөгийн жижүүрийн болон ажилчдын барилгыг 1957 онд барьсан байдаг. Тулгуур өртөөнөөс нь урсгал засварыг маш сайн хийж, жижүүрийн байрыг цахилгаан халаалттай болгосон байна. Ажилчдын хувьд ганц бие, охид залуучууд олонтой учир өвлийн цагт гэрээ галлах, дулаацуулах асуудал хүнд. Тиймээс албаны зүгээс галлагааны талд нь анхаарч, амарч байгаа жижүүр гэрийг нь галлавал мөнгөн урамшуулал олгодог болсон гэнэ. Цаашид ажилчдын технологийн сууцнуудыг цахилгаанаар халаадаг болгохоор тулгуур өртөөний төлөвлөгөөнд тусгасныг зөрлөгийн дарга ярив. Шатан зөрлөгийг 2009 онд их засвар хийн өргөтгөж, 2022 онд МПТ байгууламжаар тоноглосноор залууст ажиллах урам зориг орж, идэвх зүтгэлтэй болжээ. Ц.Сансармаа дарга “Бид залуучуудаа зааж сургаад, дараагийн шатанд нь бэлтгэж өгдөг. Эхнээсээ яаж сурна тэр нь дадал болдог учир технологийн дагуу зөв сургах нь л чухал байдаг. Миний гар дээр ажил сураад явсан залуус 20 шахам бий. Зарим нь гэр бүл болоод, дэвшээд явдаг. Ажлаа сурсан залуусыг явуулахгүй бариад байж болохгүй шүү дээ. Дахиад л нэг шинэ залуу ирнэ. Ер нь, энэ сайхан хангайд хүн ирэхгүй байна гэж үгүй. Манай энэ хангай өгөөж буянаа өгсөн газар даа” хэмээн уул хангайдаа сүсэглэв.
Тус зөрлөг хэдхэн жилийн өмнө л хоёр замын ашигтай урт нь бага буюу 87, 91 вагон хүлээж авах хүчин чадалтай байв. Одоо харин А, Б гэсэн хоёр парктай болжээ. Б паркийн хоёрдугаар замд гэхэд л 127, нэгдүгээр зам нь 123 вагон багтах бол А паркийн нэгдүгээр замдаа 142, хоёрдугаар замдаа 152 вагон хүлээж авах хүчин чадалтай аж.
Ингээд тус зөрлөгт ажиллан амьдарч буй төмөр замчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.
Ц.Сансармаа: Залуусаа өөрийн хүүхэд шиг л асран хүмүүжүүлдэг /Зөрлөгийн дарга/

-Миний хувьд УБТЗ-д 2002 онд ажилд орж байлаа. Энэ зөрлөгт 2008 оны аравдугаар сард ирсэн. Эхний гурван жилд нь жижүүр, тэгээд бусад хугацаанд нь зөрлөгийн даргаар ажиллаж байна. Анх цэгэн пульттэй, хүлээн авч явуулах хоёр замтай байсан бол өргөтгөж шинэчилсэн. Бүх зам, сум, зөрлөгөө камержуулсан. Галт тэрэгний радио станц дээр үед ийм сайхан байсангүй. Гэтэл одоо бүх юм бичлэгтэй, бүтэн сар хадгалагдана. Манайд 2001-ээс хойш оныхон голдуу ажиллаж байгаа. Шинэ үеийнхэн их эмзэг, үг даахгүй учир эвийг нь тааруулаад л ажиллана. Өөрийн хүүхэд шиг л “Хоолоо идсэн үү, унтсан уу, юу дутуу байна. Гэр орон чинь дулаан байна уу” гэхчлэн асран хүмүүжүүлж ажилладаг. Тэгэхгүй нэг л жаахан эвгүй бол яваад өгнө. Явах гэвэл “Юу нь болохгүй байна. Галаа түлж чадахгүй бол би түлээд өгье” гэх мэт ярилцана. Хамгийн гол нь нэг баг болж ажиллаж байж л галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна шүү дээ. Манай Замын хэсгийн мастер, бригадууд ажлын өндөр туршлагатай. Холбооны механикчаар бас нэг шинэ залуу ирээд сар гаруй л хугацаа өнгөрч байна. IQ өндөртэй мундаг залуу. Өмнөх залуус нь ч ийм байсан. Өнөөгийн энэ компьютер, программ өндөр хөгжсөн, хиймэл оюун ухааны эрин зууны залууст энэ чиглэлээр мэдэхгүй зүйл ховор. Манай зөрлөгт хамгийн олон жил ажилласан жижүүр нь Г.Баясалмаа. Энд 1992 оноос хойг ажиллаж байгаа. Ажил цахимжиж буйтай холбоотой бид залуусаасаа дэмжлэг туслалцаа авч суралцдаг.
Я.Бадамсүрэн: Цаашид инженер болж, дэвшиж ажиллах зорилготой байгаа

-Би 2022 оны хавар УБТЗ-ын ПТК төгсөөд долдугаар сард нь энэ зөрлөгт ирсэн. Энд нөхөртэйгөө танилцаж гэр бүл болоод 2023 оноос Мандал өртөө рүү томилолтын жижүүрээр явсан. Хүүхэд асрах чөлөөгөө хасвал хоёр жил ажиллаж байна. Томилолтын жижүүрээр ажиллах сайхан. Эмээлтээс Шатан хүртэлх өртөө, зөрлөгүүдэд Аршаантаас бусдад нь очиж ажилладаг. Хэдийгээр гэр бүлдээ зарцуулах цаг бага гардаг ч олон өртөө, зөрлөгт ажиллан туршлага судалж, суралцдаг. Нөхөр маань Мандал өртөөний холбоонд суурин ажилладаг болохоор хүүхдээ цэцэрлэгт нь өгч авдаг. Дүү нар маань ч их тусалдаг. Цаашид инженер болж, мэргэжлээрээ дэвшиж ажиллана гэсэн зорилготой байгаа.
П.Давааням: Зөрлөгийн нийт хамт олны харилцаа хандлага маш сайн

-ТЗДС-ийг 2025 онд төгсөөд Дохиолол холбооны II ангийн Шугамын III хэсэг буюу Улаанбаатар өртөөний МРЦ-д ажлын гараагаа монтёроор эхэлсэн. Жил ажиллаад механикч болж сарын дараа энэ зөрлөгт ирсэн. Шатан зөрлөг сайхан байгальтай газар юм байна. Ирээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Үеийн залуус олонтой, угтаж авч буй хамт олон үнэхээр сайхан байсан. Зөрлөгийн нийт хамт олны харилцаа хандлага маш сайн. Ер нь манай холбооныхны ажил их онцлогтой шүү дээ. Томоохон өртөө, зөрлөгт хоёроос дээш хүн ажилладаг бол жижиг зөрлөгт ганц л механикч байдаг. Тэгээд өртөөний дарга, жижүүрүүд, Замын хэсгийнхэнтэйгээ нэг хамт олон бол ажилладаг. Энэ сайхан байгаль, хамт олны дунд тогтвортой ажиллана гэж бодож байгаа.
Ийнхүү байгалийн сайханд ажиллан амьдарч буй төмөр замчин залуусын сэтгэл өндөр, хамт олны уур амьсгал ч халуун дулаан ажээ. Уулзсан бүхэн л нэгнээ гэсэн хамтач сэтгэлтэй, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл зорилготой юм. Шатан зөрлөгөөс бид өндөрлөж, алсрах тусам алаглан тунарах намрын үзэсгэлэн дунд дахь төмөр замчдын хэдэн байшин, зөрлөгийн барилга зэрэг нь үлгэрийн орон гэлтэй үзэсгэлэн төгс харагдаж байлаа. Энэ зуур “Болдог сон бол бүх зөрлөгийг Шатан шиг болгочихвол...” гэх биелшгүй бодол ч орж ирснийг нуух юун.
М.Наранболд
