Хятадын Худалдааны яамнаас өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, Хятад Монголын 4 дэх экспо есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод зохиогдоно. Энэ удаагийн экспо урьд өмнөхөөсөө цар хэмжээгээр том үзэсгэлэн болох юм байна. "Нээлттэй шинэ байдлыг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя" уриан дор болох тус экспо нь 92 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 3000 гаруй аж ахуй нэгжийг хамруулахаар төлөвлөж байна. Одоогоор 35 улс, бүс нутгууд оролцох мэдүүлгээ өгсөн бөгөөд дотоодын муж, өөртөө засах орон, хотын захиргаа 27 үзэсгэлэн ажиллуулж, мөн зохион байгуулагч гурван муж оролцох төлөвтэй байна. Хятад-Монголын 4 дэх экспогийн худалдааны бүсэд импортын бараа бүтээгдэхүүний павильон, Монгол улсын бараа бүтээгдэхүүний павильон, олон улсын ерөнхий үзэсгэлэн, аймаг хотуудын тусгай үзэсгэлэн гарна. Мөн анх удаа эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн павильон ажиллуулах юм. Экспогийн үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг сурталчлах 10-аад хурал, чуулга уулзалт болно. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын худалдааны цар хүрээ өргөжсөөр байна. Хятадын талын статистик мэдээнд дурдснаар, 2022 онд худалдааны хэмжээ 12.2 тэрбум ам. долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өссөн байна. Энэ оны эхний хагаст хоёр талын худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 62.6 хувиар өсчээ. Харин 2023 оны зургадугаар сарын байдлаар, Хятадаас Монгол улсад хийсэн шууд хөрөнгө оруулалт 1 тэрбум 700 сая ам. долларт хүрсэн бөгөөд голдуу аж үйлдвэр, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах салбарыг хамарсан байна.
